Х.Идэр: Заримдаа асуудлын шалтгаан нь БИД өөрсдөө байх нь бий. Харах өнцгөө өөрчлөөд үзээрэй


YOLO.mn | YOLO.MN
2021-10-28

Үе тэнгийн залуус болон нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах, тэднийг хүсэл мөрөөдлөө бодит болгоход туслах дэврүүн хүсэлдээ хөтлөгдөн 12-р ангийн сурагч байхдаа “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ-аа байгуулж Монгол залуусын дуу хоолойг дэлхийн индэр дээр хүргэж явсан энэ залуу бол Х.Идэр. Тэрээр ТББ-аа байгуулаад хамтран ажиллах албан бичиг барин 100 гаруй байгууллагуудад хүсэлт тавьж, зарим үед насаа нууж “худал” хэлж байсан удаа ч түүнд бий.

Х.Идэр Австрали Улсын Викториа мужийн Холмесглэний их сургуульд бизнесийн удирдлагаар суралцан ирж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисст Соёлын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй. Энэ удаагийн ярилцлагаараа түүний Австрали улсад суралцсан болон олон улсын нэр хүндтэй хурлуудад оролцсон туршлага, алсын хараа, хүсэл мөрөөдлийг уншигчдадаа хуваалцахыг хүслээ.


YOLOУрилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Ойрын үеийн ажлын сонин сайхнаас ярилцлагаа эхэлье. Австралитай харьцуулахад ажлын байрны соёл, арга барил хэв маягийн хувьд юу ажиглагдаж байна, мөн юу суралцаж байна вэ?

- Монголд ирж ажиллаад жил болох гэж байна, ажлын ачаалал дааж, олон төрлийн хүмүүстэй харилцаж сурч байна. Тухайн нийгмийн соёлын ялгаатай байдал, хүмүүсийн сэтгэлгээний онцлог, хандлага ажлын байран дээр тод томруун харагддаг. Тухайлбал, Австралид жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүд, залуусын дуу хоолой, ЛГБТ хүмүүсийн эрх, хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал зэрэг хүний эрхийн асуудлууд нэн тэргүүнд тавигддаг, мөн ажлын байран дээрх соёлын олон янз, ялгаатай байдалд өндөр ач холбогдол өгч, чухалчилдгийг олж харсан.

Харин Монголын нөхцөлд ямар байгууллагад ажиллаж буйгаас хамаараад суралцах зүйлс ялгаатай байна. Тухайлбал, үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа бол төрөл бүрийн зан ааштай хүмүүстэй харилцах, тэднийг ойлгох, биеэ зөв авч явах, тэвчээртэй байх зэргийг суралцана. Тухайлбал ЮНЕСКО-д ажиллахад, олон улсын конвенцууд, соёлын олон янз байдал, Тогтвортой хөгжлийн зорилтууд, төслийн менежментийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Үүнээс гадна олон төрлийн хүмүүстэй харилцаж, Монгол өв соёлоо улам их ойлгож, сурдаг юм байна.


YOLOАвстралид суралцсан туршлагаа товчхон хуваалцвал, тэтгэлэгт хэрхэн бэлдэж, тэнцэж байв? 

- Гадаадын ямар ч их дээд сургуульд суралцахад хамгийн эхний шалгуур нь хэлний оноо байдаг. Австрали улсын хэлний IELTS/ TOEFL-ийн онооноос гадна SOP (Statement of Purpose) буюу зорилго тодорхойлсон асуултуудад хариулсан эссе маягийн хариулт бичих ёстой. Сургуулиудад хувийн шугамаар болон агентлагаар дамжуулан хандаж болно. Их дээд сургууль, TAFE буюу практик мэргэжил олгодог сургууль, гуравдугаарт хэлний бэлтгэлийн коллежуудаас сонгон суралцах боломжтой. Би Холмесглэний их сургуульд тэтгэлгээр суралцсан. Австрали Улсад тэтгэлэг олдох нь маш өрсөлдөөнтэй байдаг. Гэхдээ 100 хувийн тэтгэлэг аваагүй байсан ч сурахын хажуугаар сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа олох бүрэн боломжтой байдаг нь Австралид суралцахын давуу тал гэж хэлж болно. Суралцах хугацаанд мөн тэтгэлэгт хамрагдах боломжтой тул тухайн сургууль бүрийн цахим хуудас болон холбогдох сүлжээнүүдийг ашиглаж мэдээллээс хоцорч болохгүй.

YOLOЯагаад Австралийг сонгох болсон бэ? 

- Австрали бол амьдрахад хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн улс. Мөн аюулгүй, тайван, хөдөлмөр эрхлэхэд таатай буюу цалин өндөр. АНУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн 8-9 ам.доллар байдаг бол Австралид 20.45 австрали доллараас эхэлнэ. Тэр ч утгаараа гадаад хүмүүс гэр бүлээрээ ирж ажиллах нь их. Австрали бол олон соёлыг агуулсан шинэхэн улс. Эдийн засгийн хувьд Монголтой төстэй, уул уурхай түшиглэсэн. Америкт та зөвхөн Америк шүү гэсэн соёлын ойлголт давамгайлдаг байхад Австралид та хаанаас ч ирсэн бай тэр улсаараа бахархах ёстой гэсэн соёлын олон талт байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг дээдэлдэг нь таалагдсан. 


YOLOГадаадад суралцах эсвэл дэлхийн хэмжээний конференст оролцох, олон улсын болон аливаа нийгэмлэгийн гишүүн болох зэрэг боломжийг атгахын тулд залуусын анхаарах ёстой хамгийн чухал зүйл юу вэ? 

- Хэрэв та ямар нэг бараа бүтээгдэхүүнийг бусдад зарж буй бол тэдний хэрэгцээ, шаардлагад нийцүүлж, ямар үнэ цэнийг бий болгохыг онцгойлж сурталчилна шүү дээ. Яг үүнтэй адил та тухайн сургууль, тэтгэлгийн комисст, нийгэмлэг хэнийг хайж байна вэ, тухайн байгууллагын стратеги, алсын хараа, үнэт зүйл нь юу болохыг хамгийн түрүүнд судлах хэрэгтэй. 

“Үүний дараа намайг сонговол би ямар үнэ цэнийг бий болгох вэ, эдгээрийн хэрэгжилтэд би ямар хувь нэмрийг яаж оруулах вэ, надад ямар ур чадвар байна, ямрыг би хөгжүүлэх хэрэгтэй байна гэхчлэн таны үнэт зүйл, алсын хараа тухайн байгууллагынхтай хэрхэн холбогдож буйг маш тодорхой дурдах хэрэгтэй.”

“Бидний түгээмэл гаргадаг алдаа нь цаг гаргаж ийм судалгаа хийхгүйгээр би тэгмээр байна, ийм мөрөөдөлтэй гэсэн хоосон CV-гээ илгээгээд тэнцдэггүй. Тэгээд би бүтэхгүй юм байна, чадахгүй юм байна гээд бууж өгдөг”.

Харах өнцгөө өөрчлөөд үзвэл заримдаа асуудлуудын шалтгаан бид өөрсдөө байх нь бий. 

Хоёрдугаарт, бичих чадвар, хэлний бэрхшээл хамгийн том саад байдаг. Та үнэхээр туршлагатай байсан ч гадаад хэлгүй бол олон гоё боломжийг алдана. Англиар чөлөөтэй ярьдаг, өөрийгөө маш сайн илэрхийлж чаддаг, харилцааны өндөр чадвартай байвал танд маш олон боломж үүд хаалгаа нээнэ. 

Гуравдугаарт, багаар ажиллах чадвар маш чухал. Монголчуудад энэ чадвар дутагддаг. Би мундаг, би лидер гэхээс илүүтэй тууштай, зарчимч, бусдыг хүлээцтэй сонсож чаддаг, үзэл бодлыг хүндэлдэг, нээлттэй зан чанарыг агуулсан багийн сайн тоглогч байх хэрэгтэй.

YOLOБичих ур чадварыг онцоллоо. Идрээгийн хувьд академик бичих ур чадвараа хэрхэн сайжруулсан бэ? 

- Би одоо ч суралцсаар байна. Сурагч, оюутан дүү нартаа хандаж хэлэхэд аль болох сайн дурын ажил хийж, сурагч эсвэл оюутны холбоо, аливаа нийгэмлэгийн гишүүн байж, төсөл, хөтөлбөр бичиж хэрэгжүүлэх, цалингүй ч хамаагүй дадлага хийх боломжийг үргэлж эрэлхийлээрэй. Ингэж бичиг цаастай ойр ажиллаж байж туршлага хуримтлуулж, англиар ч бай, монголоор ч бай албан бичиг хөтлөх, төсөл бичих ур чадварт суралцана. 

“Миний хувьд англиар бичих ур чадвараа сайжруулахын тулд байнга TEDX-н илтгэлүүдийн сонсож гол санааг базаж англиар тэмдэглэл хөтөлдөг байсан”.


- Багаасаа илтгэл бичдэг, өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан нь цэгцтэй бичиж сурахад нөлөөлсөн болов уу. Бичгийн ур чадвараа сайжруулахын үндэс нь сайн уншигч байх юм. Бичих тусам сэтгэн бодох, түүнийгээ буулгаж, найруулж бичих чадвар сайжирдаг. Хэрэв англиар академик бичих ур чадварт суралцъя гэвэл дүрмээ сайжруулж, үгийн баялгаа маш арвин болгох хэрэгтэй. Ерөөсөө л хамгийн чухал зүйл бол бичихийг өдөр тутмын дадал болгох хэрэгтэй. Энэ ур чадварыг эзэмшсэн цагт та ажлын байран дээр гарахад эсвэл судалгаа хийх, гадаадад суралцах, ажиллахад танд маш том давуу тал болно.

YOLOАвстралид суралцах хугацаанд таны тархины түгжээг мулталсан ямар үйл явдал юу байсан бэ?

- Миний харах өнцөг, хандлагыг өөрчилсөн мөчүүд гэвэл анх ресторанд ажилладаг байхад нэг өдөр манай тогооч надад маш муухай, бүдүүлэг хандсан. Тэр үед ямар ч нөхцөлд хэн ч надтай ингэж муухай харьцахыг би тэвчихгүй, мөн юу ч болж байсан ч хэзээ ч бусдыг ингэж доромжилж харьцаж болохгүйг ойлгосон. 

Хүмүүсийг арьсны өнгө, жендэр, итгэл үнэмшил, ажил мэргэжил, албан тушаал, гадаад төрх, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал үүслээс үл хамааран хүн гэдэг утгаар хүндэлж, ижил тэгш хандах, харилцах ёстой, шударга бус зүйлсийг өөрчлөхийн төлөө дуугарах ёстой гэдэг зарчмыг тэр өдөр гүн гүнзгий ойлгож авсан. 

 


YOLOАвстрали оюутнуудын хандлага, сэтгэлгээний онцлог, суралцах арга барилаас Монголчууд юуг суралцууштай санагдсан бэ. Бидний сул тал юу байна вэ?

- Нүүдэлчин соёлоос улбаатайгаар Монголчуудын хувьд харилцааны соёл дутмаг байдаг. Мөн дээрээс нь залуусынхаа дуу хоолой, үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх, үнэлэх, ажил хэрэгч, зарчимч байдал, цаг баримталдаг зан чанар дутмаг санагддаг.

Австрали, Америк зэрэг барууны орнуудтай харьцуулахад Азиуд шууд бус харилцааны соёлтой. 

“Хаалттай, шууд бус харилцаа нь үл ойлголцол, тодорхойгүй байдлыг дагуулдаг тул залуусыг илүү нээлттэй, тодорхой байгаасай гэж хүсэж байна”.


YOLOДэлхийн индэр дээр эх орноо төлөөлөн, залуусын дуу хоолойг хүргэх хүсэл эрмэлзэлтэй залууст хандаж хамгийн чухал гэж боддог зөвлөгөөгөө хуваалцахгүй юу? 

- Бидний эргэн тойронд асар их боломжууд бий. 

Харамсалтай нь бидний хамгийн том хязгаарлалт нь бид өөрсдөө байдаг. 

Өөрөөр хэлбэл оролдож үзээгүй байж өөрийгөө голох, би чадахгүй гэх хандлага залуусын дунд түгээмэл ажиглагддаг. 

-Нэгдүгээрт, оролдож үзэж байж бид сурдаг тул өнөөдрөөр өөрийгөө бүү хязгаарла, бүү хайрцагла гэж хэлмээр байна. Дэлхийн залуусын түвшинд авч үзвэл хаана яваагаа үргэлж мэддэг байх хэрэгтэй. Танд тулгарч буй сорилт, асуудал их байх тусам илүү хөгжиж, чадваржина.

-Хоёрдугаарт, цаг дэмий үрдэг, таны хөгжилд садаа болдог зүйлс, найз нөхдөдөө үгүй гэж зоригтойгоор хэлж сурах хэрэгтэй. Чадахгүй, амжихгүй байж олон ажил, хариуцлагыг өөр дээрээ авбал стресст автах, улмаар бусдын итгэлийг алдахад хүрдэг. 

-Гуравдугаарт, урам зориг, мотивац төрөхийг хэзээ ч бүү хүлээ. Урам зориг бол та зорилгынхоо төлөө ямар нэг үйлдэл хийх үед бий болдог, процесс, прогресс. Тиймээс ямар ч зорилготой байсан түүнийгээ бодит, жижиг алхмуудад хувааж, өдөр бүр тасралтгүй хийх, эцсийн үр дүнд хүртлээ сахилга баттай, тууштай байдалд суралцах тухай л асуудал юм.

 


- Дөрөвдүгээрт, сурагч дүү нартаа хандаж хэлэхэд технологи, мэдээллийн эрин зуунд бидэнд олгож буй бүхий л платформ, боломжуудыг үр ашигтайгаар ашиглаж дадаарай. Энэ дашрамд ЕБС-ийн сурагчдад зориулсан, шинжлэх ухааны хичээлүүдийг тун ойлгомжтойгоор тайлбарласан, сонирхолтой туршилт, жишээгээр баяжуулсан EASY гэх аппликейшн нээлтээ саяхан хийсэн байна лээ. Сурагчид тус аппликэйшний тусламжтай ойлгоогүй хичээлээ дэлгэрүүлж, нөхөж үзэх, мэдлэгээ бататгах, өөрийгөө сорих, дуртай хичээлүүдээ гүнзгий судлах боломжийг бүрдүүлснийг онцолж хэлмээр байна. Технологийг давуу тал болгож, дижитал чадваруудаа хөгжүүлж, боломжийг нээн илрүүлж, дэлхийд өрсөлдөөрэй.

YOLOӨнөөдрийн Идэрээг бий болгоход хамгийн том нөлөө үзүүлсэн дадал эсвэл хандлага гэвэл юуг онцлох вэ? 

- Хийе гэж бодсон, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж байж санаа амардаг. Түүнийгээ бодит болгохыг төлөө бууж өгдөггүй зүтгэдэг шаргуу зан чанар юм болов уу. Багаасаа л хүмүүст тусалъя, нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийхсэн гэсэн мөрөөдлөөрөө есдүгээр ангидаа “Мөрөөдөлд хүрэх зам” ТББ аа байгуулж, насаа худлаа хэлэн байж байгууллагуудад төслөө танилцуулж, дэмжлэг хүсэж олон ч байгууллагаар явж үзсэн. 

Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тэр дэврүүн хүсэл тэмүүлэл намайг өөрийгөө илүү нээж, найз нөхдийн хүрээгээ тэлж, үе тэнгийнхний тусламжтайгаар нийгэмдээ бага ч атугай эерэг өөрчлөлтийг бий болгохын төлөө хэд хэдэн төслийг хэрэгжүүлсэн маань олон зүйлсийг ойлгож мэдэхэд, олж нээхэд тусалсан. 

Мөн ээж аав маань сонголтыг үргэлж надад үлдээж, тулгарч буй асуудлуудын хариултыг өөрөө эрж олох эрх чөлөөг олгосонд баярладаг. 

Эцэг эхчүүд маань өрийн сонголтоо хүүхдэдээ тулгах бус хүүхдээ сонсож, тэдэнтэй найзууд шиг нь нээлттэй ярилцаж, итгэл хүлээлгэж, сонголтыг нь өөрт нь үлдээх нь чухал гэж боддог. 

YOLOӨдөр тутамд, байнга хэрэглэдэг аппликейшн, платформууд юу байна? 

- Миний хувьд ажлаас гадуурх төсөл хөтөлбөрүүд, багаараа хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө гаргахад Trello аппликэйшнийг түлхүү ашигладаг. Гарааны бизнес эрхлэгчид төлөвлөлт хийхэд түлхүү ашигладгаас гадна төслийн менежмент дээр өргөн хэрэглэгддэг. 


Саяхнаас эхлэн өдөр бүр ашигладаг болгон бас нэг аппликэйшн бол EASY. Би дунд ангийн дүүтэй. Дүүгийнхээ даалгаврыг хийлгэхэд ойлгомжгүй сэдэв, мартсан зүйлс гарах тоолонд google-дэж цаг их зарцуулдаг байсан бол энэ аппликэйшний тусламжтай дүүтэйгээ хамтдаа тухайн бүлэг сэдвүүдийг сэргээн санаж, хичээлийг нь давтуулж, мөн дүүгийнхээ сурлагын ахицыг харах боломжийг бүрдүүлсэн тун хэрэгтэй аппликэйшн болсон байна лээ. Дүү маань ч ангидаа ойлгоогүй хичээлээ нөхөж үзэж, сонирхсон хичээлүүдээ гүнзгийрүүлж судалж, хичээлдээ дурлаж, бие даан суралцаж байгааг нь харахад их урамтай санагддаг. Биднийг сурагч байхад суралцах ийм хялбар, зугаатай байсангүй. 

YOLOӨнөөгийн нийгмээс сэтгэл зовоосон, шийдлийг нь олох юмсан гэж боддог ямар асуудал байна вэ. Энэ асуудалд хувь нэмрээ хэрхэн оруулахыг хүсдэг вэ?

- Хот хөдөөгийн ялгаанаас үл хамааран боловсролын тэгш бус байдал, хүртээмжийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх юмсан, чанартай сургалтыг орон зайнаас үл хамааран хүн болгонд хүртээмжтэй олгож, нийт иргэдийн дижитал боловсролыг дээшлүүлэхийг хүсдэг. Тиймээс ирээдүйд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд англи хэлийг чанартай эзэмшүүлэх, хувийн сургуулийн хүүхдүүдийн олгогддог тэр боломжуудыг нээлттэй, хүртээмжтэй болгосон ашгийн бус сургууль байгуулахыг мөрөөддөг. 

Мөн жендэрийн тэгш бус байдлыг арилгах, нийгэмд буй хэвшмэл ойлголтыг халах, эрэгтэй эмэгтэй хүмүүст эдлэх эрх, хүртэх боломжийг тэгшитгэхийн төлөө ажиллахыг хүсдэг. Эдгээр асуудлыг би ганцаар шийдэх боломжгүй ч шийдвэрлэх суурийг нь тавихад хувь нэмрээ оруулахыг хичээж байна. 

YOLOИдэрээгийн алсын хараа, хүсэл мөрөөдөл юу вэ? 

- Монголчууд амьдралаа сайжруулах, суралцаж, ажиллахаар өндөр хөгжилтэй орныг зорьдог шиг гаднын орны залуус Монголын нийгэм, соёлыг судлахаар Монголыг зорьдог байгаасай гэж хүсдэг. Дэлхийд түүхээрээ гэхээс илүүтэй боловсрол нь чанартай, аялал жуулчлал нь өндөр хөгжсөн, соёлын өвөө дэлхийд таниулж, сурталчилж соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлсэн, суралцахад, амьдрахад ээлтэй орон болохоор дэлхийн залуус Монголыг зорьдог ийм л тогтолцоог бүтээхийг эрмэлзэж байна. Одоогоор мөрөөдөл мэт сонсогдож байвч залуус бид дуу хоолойгоо илэрхийлж, хүсэл мөрөөдлөө нэгтгэж чадвал боломжтой болохыг бид дэлхийн олон орны жишээнээс харж болно. Монгол Улс хэзээ нэгэн өдөр Ази тивд Тогтвортой хөгжлөөрөө тэргүүлж буй улсуудын нэг болно гэдэгт би итгэдэг. Үүний төлөө л хувь нэмрээ оруулан ажиллахыг зорьж байна даа.

YOLOЯрилцсанд баярлалаа. Олон Монгол залуусын хүсэл мөрөөдөл, дуу хоолойг нэгтгэж дээрх мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

#Ярилцлага #Амжилт