Аливаад ХЭТЭРХИЙ их санаа зовдог зангаасаа салахад чинь туслах 5 зөвлөмж


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2022-04-15

Бид өдөр бүрийг өөдрөг, сэтгэл хангалуун, баяр баясгалантай өнгөрүүлэхийг хүсдэг ч “Ингэчихвэл яана аа?”, “Тэгчихвэл яана аа?” гэх зэргээр үргэлж л ямар нэгэн зүйлд санаагаа зовоож байдаг. Гэвч энэ бүх санаа зовнил нь маргааш болох асуудлыг шийдэхэд тус болохгүйгээр зогсохгүй бидний өнөөдрийн аз жаргалаас хумсалдаг билээ.

Тэгвэл бидний бэлтгэсэн дараах таван зөвлөмжийг хэрэгжүүлж энэ асуудлаа шийдээрэй.

1. ӨДРИЙН ХУВААРЬТАА “САНАА ЗОВОХ ЦАГ”-ИЙГ БАГТААХ

Энэ асуудлаа шийдэхийн тулд юунд ч бүү санаа зов гэж зөвлөхгүй ээ. Учир нь Пеньсильванийн их сургуулийнхны хийсэн судалгаагаар хүн өдөрт тодорхой хугацааг өөрт тулгарч буй асуудалдаа зарцуулснаар 2-4 долоо хоногийн дараа гэхэд сэтгэл түгших нь багасаж, шөнийн турш сайн амардаг болох нь тогтоогдсон байна.

Мэдээж төлөвлөсөн хугацаанаас чинь бусад үед санаа зовоох асуудлууд гарч ирэх нь гарцаагүй. Энэ үед санаа зовнилоо даамжрахаас нь өмнө зогсоож, хичээл хийх, найзуудтайгаа ярилцах зэргээр өөрийгөө завгүй байлгаарай.

2. БЯСАЛГАЛ ХИЙХ

Өнгөрсөн эсвэл ирээдүйдээ санаа зовохоо багасгах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол бясалгал. Энэ нь сэтгэл түгшилт болон гутралыг бууруулах чадалтай нь цөөнгүй судалгаагаар тогтоогдсон байдаг.

Гэхдээ бясалгал хийсний дараа бодол чинь шуудхан цэгцэрч, санаа зоволт илбийн юм шиг алга болно гэж бүү бодоорой. Үүнийг тогтмол хийснээр цаг хугацаа өнгөрөх тусам бид бодол, оюун санаагаа ажиглаж сурахаас эхлээд олон зүйлийг ойлгодог болно.

3. САНАА ЗОВИНОЛУУДАА АНГИЛАХ

Санааг чинь зовоож буй асуудлаа өөрийн зүгээс шийдэх боломжтой бол тэр дор нь арга хэмжээ аваарай. Жишээ нь, өөрийнхөө үрэлгэн занд санаа зовж байгаа бол орлого, зарлагаа хянах хүснэгт хийж, тогтмол хөтөлж болох юм.

Харин өөрийн зүгээс шийдэх боломжгүй асуудлыг яах ч аргагүй. Хэдийгээр тодорхой бус байдал бидэнд маш тухгүй мэдрэмж төрүүлдэг ч нэгэнт л амьдралыг урьдчилан тааварлах боломжгүй учраас энэ тааварлашгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч сурах нь чухал.

4. АСУУДЛУУДАА ЦААСАН ДЭЭР БУУЛГАХ

Чамд туслах бас нэгэн үр дүнтэй арга бол толгойд орж ирсэн бүхий л зүйлсийг цаасан дээр тэмдэглэх.

Чикагогийн их сургуулийнхны хийсэн судалгаагаар шалгалтын өмнөх айдсынхаа тухай бодлуудыг үргэлж бичиж тэмдэглэдэг сурагч шалгалтад илүү өндөр оноо авдаг нь тогтоогдсон байв.

Тиймээс ямар нэг зүйлд санаа зовох бүртээ үзэг, цаас бариад бичээд байгаарай.

5. ТАЛАРХАХ

Өдрийн тодорхой хугацааг хэнд, юунд талархаж явдаг тухайгаа бичихэд зориулах нь биднийг илүү өөдрөг, аз жаргалтай байлгахаас гадна амьдралдаа илүү сэтгэл хангалуун болгодог болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тийм учраас өдөр бүр эсвэл долоо хоног бүрийн төгсгөлд талархаж явдаг, чамд сайхан мэдрэмж төрүүлдэг гурван зүйлсийг жагсаан бичиж байгаарай.

Эх сурвалж: Headspace

#Зөвлөгөө #Сэтгэлзүй #Түгшүүр