Л.Энх-Амгалан: Орон нутагт сурах оюутнуудад тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно


Б.Нямдарь | YOLO.MN
2021-10-20

Засгийн газрын өнөөдрийн /10.20/ хуралдааны боловсролын салбарын зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсад 88 их дээд сургуулийн 150 мянган оюутан байдгаас 143 мянга нь нийслэлд сурдаг бол үлдсэн 7-8 мянга нь хөдөө орон нутагт суралцаж байгаа тоон үзүүлэлт байна. Гэхдээ бид оюутнуудыг буруутгаж болохгүй. Тиймээс цаашдаа бид хөдөө орон нутгийн их дээд сургуулийг хөгжүүлж нийслэлийн төвлөрлийг сааруулна. Төгссөн оюутнуудын хэдэн хувь нь ажлын байртай болж байгааг судалж тухайн сургуулийн чанарыг мөшгөх замаар тодорхойлно.

Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт сургалт, судалгааны цогцолбор байгуулж 10-15 мянган оюутныг сургах ШУТИС, ХААИС-ийг байгуулна. Хэрэв энд уул уурхайн мэргэжлийн хөтөлбөртэй болбол Улаанбаатарын их дээд сургуулиудад хөтөлбөрийн давхцал гаргахгүй. Одоогоор Эрдэнэт, Дарханд оюутны дотуур байр, сургуулийн барилгын ердөө гуравны нэгийг ашиглаж байна. Тиймээс хичээлийн байруудыг өргөтгөл хийх замаар байгуулна. Харин Өмнөговь аймагт шинэ цогцолбор барина.

Мөн ахлах сургуулийн төрөлжсөн сургууль, МСҮТ, коллеж хэлбэрээр сургалтын хэлбэртэй байх болно. Нэг үгээр Улаанбаатарт авдаг дээд боловсролын сургалтын чанарыг хөдөө орон нутагт ч авах боломжийг бүрдүүлнэ. Оюутныг төгсөхөөс өмнө ажлын байртай болгодог сургуулиуд ч бий.

Хөдөө орон нутгийн их дээд сургуульд суралцах оюутанд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа их дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна. Тиймээс тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх, “хөдөөгийн нэмэгдэл” олгох, ипотекийн зээл олгох, цалин урамшууллыг нэмэх гэх мэт цогц хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх болно" гэлээ.

#Мэдээ #Боловсрол #Оюутан