Олон цагаар хичээл хийсний дараа эсвэл маш их зүйлийг тунгаан бодсны дараа эрч хүчээ алдсан юм шиг санагдаж байсан уу? Тэгвэл энэ нь зүгээр ч нэг санагдаад өнгөрсөн зүйл биш бөгөөд хүн тархиа ажиллуулахад калори тодорхой хэмжээнд шатдаг байна.
ТАРХИА АЖИЛЛУУЛАХ ҮЕД КАЛОРИ ЯАГААД ШАТААДАГ ВЭ?
Юун түрүүнд хүний бие калори хэрхэн шатаадгийг ойлгож авах хэрэгтэй. Чи энэ нийтлэлийг уншаад сууж байхдаа хүртэл амьсгалах, биеийн температураа тогтмол түвшинд барих, бодисын солилцоо явуулах зэрэг үйл ажиллагааг явуулахын тулд калори шатааж байгаа. Мөн хүний тархи хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд биеийнхээ хоёр хувьтай тэнцэхүйц энергийг зарцуулдаг гэдэг. Сонирхолтой баримт дурдахад, хүн гүйж байхдаа бус гүйснийхээ дараа амарч байхдаа илүү их энерги зарцуулдаг байна.
Хүний тархины үйл ажиллагаа хэвийн явагдахад шаардагдах энергийн гол эх үүсвэр бол глюкоз. Глюкозыг хүн хоол хүнсээр дамжуулан авдаг бөгөөд цусны эргэлтээр дамжин тархины үйл ажиллагааг дэмждэг. Ийнхүү авсан энерги нь биднийг хичээл хийх, аливааг эргэцүүлэх зэрэгт зарцуулагддаг аж.
ХҮН ТАРХИА АЖИЛЛУУЛСНААР ХЭР ИХ КАЛОРИ ШАТААДАГ ВЭ?
70 кг жинтэй хүн 30 минут унтахад 23 калори шатаадаг.
70 кг жинтэй хүн 30 минут компьютер дээр ажиллахад 51 калори шатаадаг.
70 кг жинтэй хүн 30 минут суунгаа ном уншихад 42 калори, зогсонгоо уншвал 47 калори шатаадаг.
Гэвч эдгээр нь жингээ хасахад чинь хангалттай хэмжээнд нөлөөлөхгүй. Хүн 450 грамм жин хасахын тулд ойролцоогоор 3500 калори шатаах шаардлагатай болдог. Өдөрт зургаан цаг ном уншиж байж дөнгөж л 500 калори шатаана.
ТАРХИНЫ ДАСГАЛ
Тархины үйл ажиллагааг дэмжих нь жин хасахад үлэмж хэмжээгээр нөлөөлөхгүй ч эрүүл мэндийн өөр олон ач холбогдолтой билээ. Тиймээс тархиа өдөр тутамдаа дасгалжуулж хэвшээрэй.
Оюуны тоглоом - 2013 онд хийгдсэн судалгаагаар оюун ухаан хөгжүүлэх тоглоом нь тархийг эрүүл, сэргэг байхад туслахын зэрэгцээ ой тогтоолтыг сайжруулдаг нь батлагджээ. Чөлөөт цагаараа судоку, оньсон тоглоом зэргийг тоглож хэвшээрэй.
Шинэ зүйл сурах - Ном унших, ямар нэгэн шинэ хоббитой болох зэрэг нь тархийг идэвхтэй байлгахад тусалдаг.
Хөгжим тоглох, сонсох - Хөгжим тоглох болоод сонсохын аль аль нь ой тогтоолтыг сайжруулдаг байна.
Нийгмийн харилцаа - Нийгмийн харилцаанд орох нь хүний танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг. Номын клуб, бүжгийн клуб зэрэг өөрийн сонирхол нэгтэй хүмүүстэй олон нийтийн харилцаанд тогтмол орж байгаарай.
Дасгал хөдөлгөөн - Алхах, гүйх зэрэг хөнгөн дасгал хөдөлгөөн нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг учир өдөр бүр дор хаяж 15 минутыг өөртөө зориулан дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Нэг зүйлээ байнга давтах бус өөрийгөө сорин, тархины олон төрлийн дасгал хийх нь үйл ажиллагааг нь идэвхтэй байхад тусална. Мөн эрүүл хооллож, архи болон тамхинаас зайлсхийх нь зүйтэй.
Эх сурвалж: Healthline
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх