Банканд бүртгэлтэй и-мэйлээ нууцалж, бусдад дансаа ашиглуулахгүй байхыг анхааруулж байна


А. Наранцацрал | YOLO.MN
2021-10-12

Банкны данснаасаа үл мэдэх шалтгаанаар харилцагчид мөнгөө алдсан хэрэг гарч, уг хэрэгт холбогдон цахимаар хулгай хийсэн этгээдүүдийн заримыг нь илрүүлж, хууль шүүхийн байгууллага зохих хариуцлагыг оногдуулжээ.

Хэдийгээр гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн ч зарим хохирогч өнөөдрийг хүртэл алдсан мөнгөө олж авч чадаагүй байгаа аж.

Тиймээс дэлхий нийтийн толгойны өвчин болоод буй цахим луйвраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Нэн түрүүнд та хувийн мэдээллээ алдахаас сэргийлээрэй. Хувийн мэдээллээ алдсанаар цахим гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн эрсдэлд орох аюул дагуулдаг байна.

Дараах мэдээллийг үргэлж нууцалж байх ёстой. Үүнд:

1. Гар утас болон хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмжид хандах нууц үг
2. Аливаа банк санхүүгийн байгууллагад бүртгэлтэй имэйл хаяг, утасны дугаарын нууц үг, тэдгээрт ирж буй нэг удаагийн нууц үг, бусад хувийн мэдээлэл агуулсан имэйлүүд
3. Интернэт банкны нэвтрэх нэр нууц үг санхүүгийн гүйлгээний мэдээллүүд /Аппликейшн, сайтад нэвтрэх нууц үг, пин код/
4. Ямар нэг програм, аппликейшнд хандахад асуудаг нууц асуулт нууц хариулт
5. Картны мэдээлэл, тэр дундаа картны дуусах хугацаа, CVV буюу гурван оронтой код зэрэг багтана.

Түүнчлэн өөрийн овог нэр, регистерийн дугаар, дансны болон картын мэдээлэл, санхүүгийн гүйлгээний мэдээлэл, аливаа системд бүртгүүлсэн нэвтрэх нэр нууц үг гэх мэт мэдээллийг нууцлах хэрэгтэйг зөвлөж байна

Анхаарах нь:

1. Утсан дээр тань таныг үйлдэл хийгээгүй байхад нууц код ирсэн бол яаралтай холбогдох банкнаас тодруулан асууж байх хэрэгтэй.
2. Хэн нэгэн утсанд тань ирсэн кодыг, үсэг тоо тэмдэгт асуувал өгөхгүй байх
3. Танихгүй хүний хүсэлтээр утсандаа аппликейшн татаж суулгахгүй байх
4. Танихгүй этгээдэд дансаараа дамжуулан бэлэн мөнгө гаргаж өгөхгүй байх
5. Танихгүй этгээдэд өөрийн интернэт банкны дансаа ашиглуулахгүй байх
6. Банкны дугаар л биш бол өөрийгөө банкны ажилтан байна гэж танилцуулж буй хүнтэй болгоомжтой харилцах, хувийн мэдээллээ өгөхгүй байх. Хэрвээ танд сэжигтэй санагдвал банк руу залгаж лавлах боломжтой.
7. Картын дугаар /16 орон бүхий тоо CVV код/ болон картын мэдээллээ нууцлах
8. Картан дээрээ эсвэл карттайгаа хамт пин кодоо бичээд явдаг хүмүүс бий. Хэрхэвч ингэж болохгүй. Та картаа алдсанаар нууц кодоо давхар алдаж, мөнгөө алдах эрсдэлтэй.
9. Банктай түргэн хугацаанд холбогдохын тулд лавлах дугаарыг утсандаа хадгалж аваарай. Хэрвээ карт тань алга болсон бол шууд банк руу холбогдож, хаалгах, интернэт банканд хандан картаа идэвхгүй болгох хэрэгтэй.
10. Хэрвээ та утсаа гээсэн бол банк руу холбогдох мөн интернэт банканд хандан нэвтрэх нэр нууц үгээ өөрчлөх, шаардлагатай мэдээллээ өөрчлөх /утасны дугаар имэйл хаяг /, утсан дээрээс үзэж болох мэдээллийг өөрийн хаягаар орж цэвэрлэх, үүрэн телефоны компанидаа хандаж, сим картаа хаалгах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
11. Тантай танихгүй этгээд цахимаар холбогдон ямар нэгэн арга сүвэгчлэн нарийн мэдээллийг тань авах магадлалтай. Тиймээс нийгмийн сүлжээнд огт таньж мэдэхгүй хүнийг, тэр тусмаа гадаад хүнийг найзаар бүртгэхээс татгалзахыг зөвлөж байна.
12. Хувийн бичиг баримтыг интернэт, нийгмийн сүлжээнд байршуулахгүй байх хэрэгтэй.
13. Утас, компьютертээ нууц код хийж, байнга түгжиж байхыг сануулж байна.
14. Мөн цахим хаягаар ирсэн сэжиг бүхий шууданг нээж үзэхгүй байх, мөнгө хожсон байна гэх аливаа мэдээлэлд хууртагдан хувийн мэдээллээ илгээхгүй байхыг анхааруулж байна.
15. Цахимаар танил дотны хүнээс тань мөнгө зээлэх, шилжүүлэх тухай хүсэлт ирсэн бол дансны нэрийг тулгаж байх, тухайн хүний утасны дугаар руу залгаж асуух хэрэгтэй.

Хэрэглэгчийн хэрэглээ талаас:

- Утсан дээр Интернэт банк руу хандах нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх.
- Хувийн мэйл хаяг болон Фэйсбүүк, Инстаграм гэх мэт сошиал хаягууд дээрээ давхар танин баталгаажуулалт хийх тохиргоо идэвхжүүлэх
- Хувийн мэйл хаягийн нууц үгийг тогтмол солих, сүүлийн үеийн аюулгүй байдлын тохиргоо шинэчлэлтийг хийх
- Өөрийн хувийн мэйл хаяг дээр бүртгэлтэй төхөөрөмж болон имэйл хаягийн мэдээллийг тогтмол хянаж хэвших
- Өөрийн хувийн мэйл руу хандсан, сүүлд хийгдсэн холболтуудыг хянадаг байх, танихгүй төхөөрөмжөөс хандалт хийгдсэн эсэх
- И-мэйл болон сошиал сувгаар ирсэн баталгаагүй линк болон янз бүрийн сэжигтэй аппликэйшнд хувийн мэдээллээ оруулахгүй байх.

Зургийн эх сурвалж: Unsplash.com 

#Зөвлөгөө #Аюулгүй байдал #Санхүү #Данс