Г.Минжин: Намайг сагсан бөмбөг рүү оруулсан хүн нь миний ихэр


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2021-10-08

Монголчууд багийн спортоор, тэр дундаа сагсан бөмбөгөөр анх удаа Олимпод оролцож, багаараа амжилтад хүрч чаддаг гэдгээ харуулаад хэдэн сар өнгөрлөө.

3х3 сагсан бөмбөг Монголд дэлгэрээд удаагүй атал манай улс маш богино хугацаанд гайхалтай амжилтад хүрч 23 хүртэлх насны (U23) шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлсэн.

Энэ гайхалтай амжилттай холбогдуулан 3х3 сагсан бөмбөгийн U23 шигшээ багийн тамирчин Ганбатын Минжинтэй ярилцлаа.

Өдгөө 22 настай түүнийг сагсан бөмбөг сонирхогчид 2019 оны U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр оруулсан "Buzzer"-аар нь сайн мэднэ.

Тэр л үеэс улс орноо сурталчилж, олон улсын шилдэг тамирчидтай мөр зэрэгцэн тоглосоор өдийг хүрсэн тэрээр U23 шигшээ багтайгаа сүүлийн тэмцээндээ оролцоод байгаа юм.

ТАМИРЧИД СУЛ ТАЛАА ХЭРХЭН ДАВУУ ТАЛААРАА НӨХӨЖ БАЙГААГ СУДАЛЖ, САЙЖРУУЛАХААР АЖИЛЛАДАГ

-3х3 сагсан бөмбөгийн Г.Минжин гэхээр Германы эсрэг “buzzer” хийсэн тоглолт нь хэн бүхний нүдэнд харагдах байх. Тэр тоглолтоор л өөрийг тань таньдаг болсон хүмүүс олон. Тэгж хожно гэдгээ төсөөлж байв уу?

-Buzzer хийсний дараах мэдрэмж бол гайхалтай. Өөрийнхөө тоглолтын арга барил сэтгэлзүйгээ дүгнээд хэлбэл чухал мөчид төвлөрөл сайтай.

Би үүнийг хийх ёстой гэсэн бодлыг хэцүү тоглолтын үеэр өөртөө суулгадаг. Германы эсрэг тоглолтод манай багийн гишүүн гэмтсэний улмаас бид гурвуулаа тоглолтыг дуусгасан нь их хүнд байсан. Маш их ядарч, төвлөрч өгөхгүй байв.

Санаж байвал buzzer шидэлтийн өмнөх шидэлт нь самбартаа хүрдэггүй. Гэтэл самбараас Б.Ариунцэцэг бөмбөг авч дамжуулаад би шидэлтээ оруулсан. Сүүлийн сумаа тавьсан гэдэг шиг л юм болсондоо.

-Наймдугаар сард болсон “Nations League” тэмцээн дээр бас buzzer хийж байгаа харагдсан.
-Чухал мөчид багийнхан минь надад итгэдэг. Бүгд л нэгэндээ итгэдэг учраас дамжуулалтаа өгөхдөө ч итгэл дүүрэн байдаг.

-Багийнхаа хамгийн сайн шидэгч нь үү?
-Тоглолтын арга барил шиддэг ч хамгийн сайн нь гэж хэлэхгүй. Холын зайнаас шиддэггүй байсан тоглогчид ч одоо шиддэг болсон. Мөн доороос ур чадвар сайтай дүү нар гарч ирж байна.

-U23 Nations league хэр амжилттай өнгөрсөн бэ? Өөрийн тань хувьд U23 багтай хийсэн сүүлийн тоглолт байх?
-"FIBA 3x3 U23 Nations League" нь "Европ-1", "Европ-2", "Европ-Америк", "Африк-Ази" болон "U21" гэсэн таван бүсэд хуваагдан болдог. Монгол улсын эрэгтэй, эмэгтэй багууд "Африк-Ази" бүсэд Египетийн U23, U21 шигшээ багуудтай тоглосон.

Эмэгтэй баг гурван өдөрт нь түрүүлж, гуравт нь хоёрт орсон. Египетийн U23 баг нь бүрэлдэхүүн сайтай байсан бөгөөд зарим нь АНУ-ын NCAA-д тоглож байсан туршлагатай.

Эмэгтэй баг маань Nations League-ийн финалд шалгараад Румын улсын Бухарест хотод очиж тоглосон. Нийт 26 баг оролцсоноос найм нь финалд шалгарч манайх 6-р байрт орсон.

Египет рүү явж байхдаа миний U23 шигшээ багийн сүүлээсээ хоёр дахь тэмцээн гэж бодож байсан. U23 насны ДАШТ Монголд болохоор товлогдсон. Гэвч тэмцээн дууссаны дараа ДАШТ зохиогдохоо больсон мэдээ ирсэн.

-U23 шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлэхэд маш том хувь нэмэр оруулаад үндсэн шигшээ багийн тоглогч болох нь. Шигшээ багийн хувьд өрсөлдөөн ихтэй. Олимпоор гэхэд маш сайн тоглогчдыг орхиод мөн л маш сайн 4 тоглогч явсан. Өөрийн тань хувьд тэднээс илүү байж гарааны тоглогч байна гэдэгтэй итгэлтэй байгаа юу?
-3х3 сагсан бөмбөгт ихэвчлэн өндөр нуруутай хүмүүс тоглодог. Тиймээс миний хувьд өөрийнхөө байрлалын тоглогчдыг хардаг. Тухайн тамирчид сул талаа хэрхэн давуу талаараа нөхөж байгааг судалж, сайжруулахаар ажилладаг.

Үндсэн шигшээ багт ороод тоглох бүрэн боломжтой. Гол нь ур чадвар, биеийн хүчээ сайжруулах хэрэгтэй байна.

НАМАЙГ САГСАН БӨМБӨГ РҮҮ ОРУУЛСАН ХҮН НЬ МИНИЙ ИХЭР

-Анх яаж сагсан бөмбөгтэй холбогдсон бэ? Хэдэн наснаасаа тоглож эхлэв?
-Манай гэр бүл урлагийн гаралтай. Миний хувьд дөрвөн настайгаасаа эхлэн наймдугаар анги хүртлээ бүжиглэсэн. Намайг сагсан бөмбөг рүү оруулсан хүн нь миний ихэр.

Хоорондоо их өрсөлддөг, цуг нэг багт ч тоглож байлаа. Сагсан бөмбөгт ихрээсээ илүү гүнзгий орсон доо. Оюутны лигийн сүүлийн жилд аваргын төлөө хоорондоо тоглож ихэр маань хожиж байлаа. Холбогчийн байрлалд тоглодог надаас бага зэрэг намхан.

-Анх ямар багшаар сагсан бөмбөг заалгаж байв?
-Орос сургуульд Киселёв П.А багш дээр сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Хүүхдийн их наадмын финалд Орхон аймгаа төлөөлж Дарханы багийн эсрэг 43 оноо авч байснаа сайн санадаг.

Тухайн үед Б.Ганзориг багшийн удирдлага дор хичээллэж байсан. Оюутан болоод МУИС-ийн Р.Гантулга, З.Цолмон багш, 3х3 руу орж ирээд С.Тулга дасгалжуулагчийн дор хичээллэж эхэлсэн.

-Ямар сургууль төгссөн бэ?
-Эрдэнэтийн орос сургуульд суралцаж МУИС-ийн Бизнесийн сургуулийг бизнесийн менежмент мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа "МУИС шонхрууд" багт амжилттай тоглосон. Оюутны лигийн алт, мөнгө, хүрэл медальтай.

-Яагаад бизнесийн менежментийг сонгов? Ерөнхий боловсролдоо математиктаа сайн байсан уу?
-Хэт нарийн мэргэжил бодолгүй бизнест сонирхолтой учраач сонгосон. Математиктаа тийм сайн байгаагүй ч бүх хичээлдээ жигдхэн байсан. Хичээлээ нэг их таслахгүй, бас цойлохгүй дундаж л хүүхэд байсан.

-Сурахын хажуугаар байнгын бэлтгэл хийх хэцүү шүү дээ.
-Хичээлийн бус цагаар бэлтгэлээ зохицуулдаг байсан. Хичээлээс гадна МУИС-ийн бэлтгэл, 3х3 сагсан бөмбөгийн бэлтгэл гэж хийдэг, өглөө гараад орой ирдэг л байлаа. Цаг төлөвлөхдөө сайн гэж хэлж болно.

-Сагсан бөмбөг амьдралтай нь хэрхэн холбогддог вэ? Бэлтгэл сургуулалтын давтамж, ямар байна вэ?
-Сагсан бөмбөгөөр амьсгалж байна. Ажлын таван өдөр бэлтгэл хийж, бямба, нямд амардаг. 3х3 эмэгтэй баг бүх насны ангиллаараа хамт бэлтгэл хийж нэгнээсээ суралцдаг. Тэмцээн дөхөөд ирэхээр тус тусдаа өдөрт 3 цагаар өдрийн 2-3 удаагийн бэлтгэл хийдэг.

Мэргэжлийн тамирчин болж, цалинжиж байгаа учраас бэлтгэлээ ажил гэж хэлээд сурчихсан. Бид нэг багш дээр удаан бэлтгэл хийдэггүй. Учир нь арга барилаа байнга өөрчилж байх хэрэгтэй. Нэгэн хэвийн байж болохгүй. Д.Лхагва, Г.Ундрах, С.Төгсжаргал, О.Буянтогтох багш нар ээлжлэн бэлтгэл орж ерөнхий дасгалжуулагч Тулга хянадаг.

-Сагсан бөмбөгөөс гадна цагаа яаж өнгөрөөх дуртай вэ?
-Ачаалалтай бэлтгэл хийдэг учраас бусад үед аль болох биеэ амраахыг хичээдэг. Гэртээ байх дуртай. Хааяа дугуй унадаг.

-Гэр бүлийнхээ тухай яриач, танайхан дунд сагс тоглодог хүн байсан уу?
-Спорт, урлаг руу гүнзгий орсон хүн байхгүй. Өвөө, эмээ урлагийн салбарт ажиллаж байсан. Ээж минь бүжгийн багш. Аав маань “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг байсан.

Ихэр маань надаас дүү гэхээр айлын дөрөв дэх хүүхэд гэж явах байх. Дүү шиг санагддаг болохоор ихрийгээ дүүгээ л гэдэг. Дээрээ хоёр эгч, нэг ахтай. Нэг ах маань "Энержи Ресурс" ХХК-д ажилладаг. Гэр бүлийн дэмжлэг байгаагүй бол амжилт гаргахгүй байсан.

Мөн Энержи Ресурс байгууллага бидний өнөөдрийн амжилтыг бүтээсэн. Тус байгууллагаас эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн маш олон багийг ивээн тэтгэдэг. Биднийг тусалж дэмждэг хүмүүс, арын албаныхангүйгээр одоогийн амжилтыг төсөөлшгүй.

Алдаа оноо, амжилт уналт бүгдтэй нь үргэлж хамт байдаг 3х3 сагсан бөмбөгийн гэр бүл, багш дасгалжуулагч, MNBA телевиз, арын албаныхандаа маш их баярлаж явдаг. Мөн бидний ивээн тэтгэч "MCS Coca Cola", Л.Мягмаржав захирал, "Энержи Ресурс" компани, Г.Батцэнгэл захирал, "UB Amazons" багийн эзэддээ маш их талархаж явдаг шүү.

ЭРҮҮЛ БАЙЖ ДУРТАЙ ЮМАА ХИЙЖ Л БАЙВАЛ ЖАРГАЛ

-5х5 сагсан бөмбөгөөс 3х3 сагсан бөмбөг рүү яаж оров?
-Анх 5х5 сагсан бөмбөгөө л тоглодог, 3х3 гэж сайн мэдэхгүй, гудамжны сагсан бөмбөг л гэж ойлгодог байсан. 2018 онд дөнгөж дэлгэрээд, хүүхдүүд сонгон шалгаруулж байхад нь найзуудтайгаа очиж байсан.

-Одоо ихэвчлэн 6 дугаартай тоглодог. Яагаад энэ дугаарыг сонгосон бэ?
-NBA-ын Леброн Жеймсийг дэмждэг. Багаасаа л NBA үздэг байсан болохоор түүний дугаарыг зүүх дуртай.

-Одоо хүлээж байгаа тэмцээн бий юу?
-U23 3х3 сагсан бөмбөгийн улирал саяны Nations League-ээр дууссан. Хавраас тэмцээнүүд эхэлнэ. Энэ хугацаанд өөрийнхөө сул талууд дээр ажиллана.

Бие бялдар, хүч, залалт зэрэг ур чадвар, IQ-гаа сайжруулна. Мөн эмэгтэй 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдвол оролцохыг хүсэж байна.

-Биеэр өндөр, бэлтгэл хангамжаар илүү олон улсын тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж, олон ч тэмцээн уралдаанд оролцлоо. Энэ хугацаанд манай шигшээ баг, хүмүүс тэднээс юу суралцах хэрэгтэй санагдсан бэ?
-Тамирчдын бэлтгэлийн чанар илүү сайн байгаа санагддаг. Нийтлэг бэлтгэлээс гадна хувийн сургуулалт дээр нь илүү анхаардаг.

Шилдэг тамирчидтай тоглох үед би өөрийнхөө юун дээр ажиллах вэ гэдгээ олж мэдэж байгаа нь давуу талтай.

-Ази тамирчдын хувьд Европ, Ойрх Дорнодод тэмцээнүүдэд оролцоход цагийн зөрүү хэцүү байдаг шүү дээ. Хаана тоглох хамгийн хүнд байсан бэ?
-Египет, Катар зэрэг Арабын халуун орнууд. Цагийн зөрүү хамгийн хэцүү. Унтаж байх ёстой цагтаа тоглож байгаа учраас сэргэж чаддаггүй.

Өмнө нь бид тэмцээндээ тулгаж очоод ядардаг байсан. Харин одоо ивээн тэтгэгчдийнхээ ачаар тэмцээнээс хэд хоногийн өмнө очиж орчин нөхцөлдөө дасаж бэлддэг болсон. Тэр нь амжилт гаргахад их нөлөөлдөг.

-Олимпын бүрэлдэхүүнд багтаж явах боломж байсан уу?
-Байсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Харин олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад найман тоглогчийн нэг болоод бэлтгэл хийж байсан нь үнэ цэнтэй санагддаг.

-Олимпод явах шигшээ багийг яаж сонгон шалгаруулсан бэ?
-Бүх талыг нь харсан. Анхнаасаа ирц, идэвх, хандлага зэргийг нь бүртгээд явж байсан. Миний хувьд угаасаа нурууны сул талтай. Хамгийн шилдэг гэсэн дөрвөө явуулсан учраас олимпоо шимтэн үзсэн дээ.

-Нурууны өндрөөсөө болж шантарч байв уу?
-Чухалчилж үзэж байгаагүй. Өөрийнхөө биеийн хэмжээндээ хангалттай тоглодог, чадах амжилтдаа хүрч яваа гэж боддог. Өөрөөрөө бахархдаг болохоос голдоггүй. Эрүүл байж дуртай юмаа хийж л байвал жаргал.

САГСАН БӨМБӨГӨӨ ТОГЛОХГҮЙ ХЭД ХОНОХОД Л МАШ ИХ САНАЖ, БӨМБӨГӨӨ ҮНСЭЭД АВМААР САНАГДДАГ

-Шигшээ баг хөл хорионы үеэр бэлтгэлээ хэрхэн хийж байв?
-Олимпын эрх авсан тамирчид учраас дэглэмээ бариад цөөхүүлээ Хандгайтад бэлтгэл хийж байсан. Мөн манай ивээн тэтгэгч Энержи Ресурсийн Өмнөговь аймагт байрлах баазад бэлтгэл хийсэн.

Цар тахлын улмаас тэмцээнүүд завсардсаны эцэст эргээд тоглох сайхан байлаа. Өнгөрсөн хавар би цавины шөрмөсний бэртлийн улмаас хэдэн тоглолт өнжсөн.

3х3 сагсан бөмбөг нь биеийн хүч их шаарддаг спорт тул амархан бэртэх эрсдэлтэй. Мөн халаалтаа сайн хийхгүй бол шөрмөс татна. Миний хувьд бэлтгэлийн үеэр бэртсэн нь жаахан харамсалтай.

Бэлтгэлээ хийж чадахгүй, хурдан эдгэж чадахгүй байх мэдрэмж муухай. Сэтгэл санаагаар унана. Тэр үеийг баг хамт олон, найз нөхдийнхөө тусламжтай давдаг.

-Шидэлт орохгүй байх үедээ яаж сэргэдэг вэ?
-Шууд солилцоо хийгээд сэлгээнд суудаг. Тоглолтын юу нь болохгүй байгаагаа эргэцүүлдэг. Сул шидэж чадахгүй байна уу, суларчхаад шидэж чадахгүй байна уу гэдгээ боддог. Өндөр ачаалалтай тоглодог учраас төвлөрөл алдагддаг. Иймээс амьсгаа авч амардаг.

-Одоо тоглож байгаа нас ахисан тамирчдыг харахад өөрийн тань цаашдын замнал хэрхэн төсөөлөгдөж байна вэ?
-Заримдаа надад ирээдүй байгаа юм уу гэж их эргэлздэг. Румынд болсон Nations League-ийн финалын араас бид насанд хүрэгчдийн Women Series Final тэмцээнд урилгаар оролцсон.

Тус тэмцээнд орох ёстой байсан нэг баг нь цар тахлын улмаас оролцох боломжгүй болоод оронд нь бид оролцсон юм. Энэ бол миний хамгийн анхны мэргэжлийн тэмцээн байсан.

Тухайн үед 40 дөхөж яваа тамирчид гайхалтай тоглож байгааг хараад надад ярзайсан 10 жил хангалттай байгаа юм байна гэж бодсон. Тасралтгүй хөгжих цаг хугацаа бий. Оройтоогүй. Шантрах үе байдаг ч даваад гарна.

-Сагсан бөмбөгийг цөөн үгээр илэрхийлбэл?
-Хэн нэгнийг санадаг шиг сагсан бөмбөг тоглохгүй хэд хоноход л маш их санадаг. Бөмбөгөө барьж аваад үнсээд авмаар шүү дээ.

Энэ спортод хайртай юм болов уу даа. Сагсан бөмбөгийг хаяж чадахгүй гэдгээ мэдэрсэн. Энэ спорттой бүх зүйл минь холбогдсон учраас холдох боломжгүй юм билээ.

-Хамгийн том зорилго нь юу вэ?
-Монгол улсад эмэгтэй сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулна. Одоохондоо тамирчны хувиар тоглож байгаа учраас суралцаад л явж байна.

Залуустаа хэлэхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж спортоор хичээллээрэй. Өөрийгөө гололгүй дуртай зүйлээ олоод хаана байхыг хүснэ тэндээ байгаарай.

#Ярилцлага #Спорт #Сагсан бөмбөг