Хэт нөсөөжилтөө багасгахад чинь туслах ТАВАН зөвлөгөө


Х. Болормаа | YOLO.MN
2021-10-08

Арьс гаднын хүчин зүйлсийн нөлөөтэйгөөр аль ч насанд гундаж, өнгөө алдах боломжтой. Тиймээс арьсны өнгөний өөрчлөлт болон хэт нөсөөлжилтийн асуудлыг хяналтдаа байлгахад чинь туслах таван зөвлөгөөг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

1. ЗӨВ ХООЛЛО

Хоол тэжээл нь арьсны төлөв байдалд нөлөөлдөг талаар олон удаа сонссон байх. Тиймээс ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Жимс, ногоо зэрэг антиоксидантаар баялаг хоол хүнс нь чөлөөт радикалуудын тоо хэмжээг бууруулж, арьсыг эрүүлжүүлж, нөсөө толбо болон жигд бус өнгийг жигдрүүлдэг.

Антиоксидантаар баялаг хоол хүнсэнд улаан буурцаг, хулуу, лууван, жүрж, нимбэг, чангаанз, тоор, шар чинжүү, манго, алим зэрэг шар, улаан, ногоон өнгийн хүнсний ногоо, жимс жимсгэнүүд багтдаг.

2. SPF ХАМГААЛАЛТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭ

Бид нарны элчинд дулаацаж, D аминдэмээр цэнэглэгдэх дуртай байдаг боловч нарны туяа арьсанд үргэлж ээлтэй байдаг уу гэвэл үгүй. Нарны хэт ягаан туяа нь нөсөөжилт болон үрчлээ эрт үүсэх шалтгаан болдог. Гадаа бүрхэг байсан ч өдөр бүр SPF бүтээгдэхүүн хэрэглэж хэвшээрэй.

SPF хамгаалалттай бүтээгдэхүүн болон нарны тосны талаар илүү дэлгэрэнгүйг унших бол ЭНД дараарай. 

3. БАЙГАЛЬ ОРЧНООС ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛ

Хот, суурин газарт амьдардаг хүмүүсийн арьс утаа, тоос шороо зэрэг гаднын хүчин зүйлсийн нөлөөнд өдөр бүр автдаг. Арьс, гоо заслын мэргэжилтнүүд үүнийг нөсөөжилт үүсэх үндсэн шалтгаануудын нэг хэмээн тайлбарладаг.

Үүнээс сэргийлэх хамгийн хялбар арга бол унтахынхаа өмнө залхууралгүйгээр арьсаа цэвэрлэж, бохирдлоос хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэх юм.

4. АРЬСНЫ ТӨРӨЛХИЙН ХАМГААЛАГЧ ДАВХАРГЫГ БЭХЖҮҮЛ

Хана байшингийн дотоод орчныг гаднын нөлөөллөөс хамгаалдаг шиг арьсны липидийн давхарга нь арьсны эрүүл, жигд байдлыг хадгалдаг. Өдрийн турш гаднын хүчин зүйлсийн нөлөөнд автсан арьс шөнийн цагаар нөхөн сэргээгддэг бөгөөд үүнд липидийн давхарга чухал үүрэгтэй. Тиймээс үүнийг хамгаалахын тулд арьсаа хангалттай хэмжээний чийгээр нь хангаарай. Мөн ниацинамид тэргүүтэй арьс чангалах үүрэгтэй орц агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

5. МЭРГЭЖЛИЙН ЭМЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВАХ

Хэрвээ энэ тал дээр өөрийн уншиж судласнаараа арга хэмжээ аваад ч тодорхой үр дүнд хүрээгүй, аль эсвэл дур мэдэн арга хэмжээ авахаас эмээсэн бол арьс, гоо заслын мэргэжилтнүүдэд хандаарай. Тэд зөвхөн өөрийн чинь арьсны онцлогт тохирсон арчилгаа болон бүтээгдэхүүнийг санал болгох болно. 

#Зөвлөгөө #Арьс арчилгаа #Гоо сайхан #Нөсөө