Цацагдсан даруйдаа л олон рекордыг тогтоож, тэсрэлт хийсэн “Squid Game” цувралд тоглосон жүжигчдээс олны анхаарлыг хамгийн их татсан нь яах аргагүй Jung Ho-Yeon билээ. Тэрээр 2016 оноос эхлэн загвар өмсөж байгаа бөгөөд “Squid Game” цуврал түүний дүр бүтээсэн дэлгэцийн хамгийн анхны бүтээл юм.
Өдгөө 27 настай тэрээр өчигдөрхөн тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэндийн нүүр царайгаар сонгогдсоны зэрэгцээ Инстаграмд хамгийн олон дагагчтай солонгос эмэгтэй жүжигчнээр тодорсон юм. Ийнхүү www.yolo.mn сайтын уншигч та бүхэндээ зөвхөн Өмнөд Солонгос төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй Jung Ho-Yeon-ий өгсөн ярилцлагуудаас түүвэрлэн хүргэж байна.
Хамгийн их хүндэлдэг хүмүүс:
- Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн ээж минь.
Туулахыг хүсдэг хамгийн том адал явдал:
- Төрсөн нутгаасаа өөр улсад амьдрах.
Сайжруулмаар байгаа ур чадвар:
- Жүжиглэх.
Тоглодог тоглоом:
- Судоку, 2048, Candy Crush.
Хамгийн том ололт амжилт:
- Миний ирээдүй.
Өнгөрсөн цаг хугацаан дахь аль нэг үйл явдлыг гэрчлэх боломжтой гэвэл:
- Эцэг эхийн маань хуримын ёслол.
Мартмаар байгаа зүйл:
- Эксүүд
Аз жаргал чиний хувьд:
- Намайг чин сэтгэлээсээ хайрлаж надад итгэдэг хүмүүсээр хүрээлүүлэх.
HERALD POP - 2021 он
Ярилцлагын эхэнд тэрээр “Squid Game” цувралын сонгон шалгаруулалтын талаар “Би тухайн үед Нью-Йорк хотын загварын долоо хоног дээр ажиллаж байсан. Агентлагтайгаа гэрээ байгуулаад нэг сар л болж байсан гэсэн үг. Гэтэл сонгон шалгаруулалтын бичлэгээ аль болох хурдан явуулах ёстойг мэдсэн. Би өмнө нь хэзээ ч жүжиглэж байгаагүй болохоор гурван хоногийн турш зохиолоо дахин дахин уншиж, Sae-Byeok гэх охины дүртэй илүү холбогдохыг хичээсэн. Ямартай ч бичлэгээ явуулчхаад бусад ажлаа хийж байтал кино багаас холбогдоод биечлэн уулзмаар байгаагаа хэлэхэд би бүх ажлаа орхиод шууд л Солонгос руу ниссэн” хэмээн ярьсан байна.
Хэдий Jung Ho-Yeon камерын өмнө олон жил ажилласан ч Өмнөд Солонгос дахь хоёрдугаар шатны шалгаруулалтын үеэр үнэхээр их сандарч байсан бөгөөд Sae-Beyok-ийн дүрд шалгарснаа сонсоод баярласан ч нөгөө талаас их үүрэг хариуцлага, дарамтыг мэдэрснээ хуваалцжээ.
Зураг авалтын тухайгаа “Би зураг авалт эхэлсэн ч сандарсан хэвээр байсан. Найруулагчаасаа яагаад намайг энэ дүрд шалгаруулж авсныг хүртэл асуусан шүү. Хариуд нь тэр ‘Чи Sae-Byeok-ийн дүрд төгс тохирч байсан учраас л чамайг сонгосон’ гэж хэлсэн. Тэр үгийг нь сонсоод хэдий би жүжиглэхдээ сайн биш ч гэсэн хэтэрхий их сандарч, айж байгаагаасаа болоод чаддаг зүйлээ ч хийж чадахгүй байгаагаа ухаарсан. Хэцүү байсан ч найруулагчтайгаа, хамтран ажилласан туршлагатай жүжигчидтэйгээ энэ бүгдийг амжилттай давж гарч чадсан” гэжээ.
Үүний дараагаар цаг минут тутам өсөж байгаа Инстаграмын дагагчдынхаа талаар “Би киноны дараа Инстаграмын дагагчдынхаа тоог хараад их цочирдсон. Инсаграм руу орох болгонд л тоо нь ихсээд байсан нь гайхмаар байсан шүү. Дэлхий даяар маш олон хүмүүс надад анхаарлаа хандуулж байгаа нь “Squid Game”-ийн л ач учраас үнэхээр талархаж байгаа” гэжээ.
Жүжигчин бүсгүй маань 2016 оноос хойш жүжигчин Lee Dong Hwi-тай үерхэж байгаа ба найз залуугийнхаа талаар ч мөн дурдсан байна. “Тэр жүжигчин мэргэжилтэй хүн болохоор киноны туршид надад их санаа тавьж, дэмжсэн. Тэр миний хувьд яг л аав шиг хүн” хэмээжээ.
TEEN VOGUE - 2021 он
: Дүр бүтээсэн анхны тань бүтээл чамгүй амжилтад хүрлээ. Одоо ингээд загварын ертөнцөд баяртай гэж хэлэх үү, эсвэл жүжиглэхийнхээ хажуугаар загварын ажлаа үргэлжлүүлэх үү?
- Би аль алийг нь хийхийг хүсэж байна. Гэхдээ цаашдаа ямар нэгэн бүтээлд дүр бүтээх болбол киноны зураг авалтдаа төвлөрөх шаардлагатай болно. Тэр үед моделийн ажлаа хийж чадахгүй байх аа. Гэхдээ кинонд тоглоогүй үеэрээ загварын ажлуудаа хийж болох байх. Би ер нь их уян хатан хүн шүү!
: Сонсоход таатай байна. Анх моделийн гараагаа эхлүүлэхдээ улаан үстэй байсан болохоор маш хүчирхэг мэдрэмж төрүүлж байсан. Хэзээ үсээ төрөлхийн өнгө рүү нь хувиргасан бэ?
- Карьераа олон улсад үргэлжлүүлэх болсон болохоор өөртөө томоохон өөрчлөлт хийе гэж бодсон. Гэхдээ их гэнэтийн шийдвэр байсан л даа. Азаар энэ шийдвэр маань моделийн карьерт маань их сайнаар нөлөөлсөн.
Харамсалтай нь ийм тод өнгийн үстэй байх амаргүй. Хагас сар тутамд үсээ будах шаардлага гарна. Үсээ ийм ойр давтамжтай будахаар хуйх минь гэмтэнэ. Үснийхээ өнгийг хадгалахын тулд бараг хоёр жилийн турш хагас сар тутамд үсээ улаанаар будсан байх аа. Тэгээд л эцэст нь дахиж будаж чадахгүй нь гэж бодсон.
: Sae-Byeok-ийн 240 дугаартай тоглогч Ji-yeong-той шүрэн тоглоом тоглодог хэсэг сэтгэл шимшрэм байсан.
- Аа Yoo-mi! Шүрэн тоглоомын үеэр Sae-Byeok, Ji-Yeong хоёр бие биенийхээ нэрийг асуудаг хэсэг бол миний хамгийн дуртай хэсгүүдийн нэг. Энэ хэсэг энгийн юм шиг мөртлөө маш гүнзгий утга агуулсан юм шиг санагддаг. Тоглоом эхлэхийн өмнө тэд тоглолтын дараа тэдний нэг нь хасагдах ёстойг мэдсэн ч бие биендээ өөрсдийнхөө түүхийг ярьж өгдөг.
Ер нь жүжигчин хүний хувьд тэр хэсэг яаж ийм төгс болов оо гээд бодож үзсэн юм. Ji-Yeong-ий дүрийг бүтээсэн жүжигчин Yoo-mi бид хоёр киноны зураг авалт эхэлснээс хойш хамт байж олон зүйлийн талаар ярилцсан. Бид хоёрын дунд ийм холбоо үүссэн учраас тэр хэсгийг хүмүүсийн сэтгэлд хүрэхүйц байдлаар бүтээж чадсан байх аа. Бид хоёр тэр хэсгийн зураг авалтын үеэр маш их аз жаргалтай байсан. Тиймээс та нар минь гуниглах хэрэггүй ээ.
: Нөхөрлөл гэснээс BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie та хоёр их дотно найзууд. Киноны нээлтийн үйл ажиллагааны үеэр жүжигчин Lee Jung-jae Jennie зураг авалтын багийнхан руу кофены машин явуулсан тухай дурдсан. Та хоёрын нөхөрлөл хаанаас эхлэлтэй вэ?
- Бид хоёр анх Парисын загварын долоо хоногийн үеэр танилцсан. Тэр үеэр намайг "Chanel"-ийн тайзан дээр алхаж байхад Jennie үзэж таарсан юм. Jennie-гийн стилист нь намайг таньдаг байсан болохоор бид хоёрыг танилцуулсан. Тэгээд BLACKPINK-ийг New York-т тоглолттой байх үед нь очиж тоглолтыг нь үзээд, цагийг хамтдаа өнгөрөөсөн. Дараа нь Өмнөд Солонгост байхдаа бас уулзаж хоолонд орсон. Ер нь бид хоёр ойролцоо насных, карьерынхаа хувьд ч ойр учраас дотно болсон байх.
Жүжигчний минь карьер эхлэхэд намайг бүрэн дэмжсэн гэж хэлж болно. Зураг авалтын багийнхан руу кофены машин явуулсан, кино нээлтээ хийхээс өмнө киноны тухай сториг Инстаграм хуудсандаа оруулсан, урам өгсөн гээд хийсэн бүхэнд нь талархдаг.
: Ирээдүйн карьераа хэрхэн төлөвлөсөн байгаа вэ?
- Мэдэхгүй юм. Одоогоор амьдралд минь маш олон үйл явдал нэгэн зэрэг болж байгаа болохоор энэ бүгдийгээ ойлгож, хүлээн авах гээд хичээж явна. Миний хувьд "Би ингэмээр байна, ийм амжилтад хүрмээр байна" гэж хэлэх хэтэрхий эрт юм шиг санагдаж байна. Зүгээр л өдөр бүрийг мэдэрч, аз жаргалтай амьдрахыг хүсдэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх