"Disney" сувгийн “Bizaardvark” (2016) цувралд дүр бүтээн урлагийн ертөнцөд хөл тавьсан жүжигчин Olivia Rodrigo энэ оны эхээр “Driver’s License” дуугаараа дебют хийн дуу хөгжмийн салбарт тэсрэлт хийсэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед интернэт хэрэглэгчид түүнийг бусад уран бүтээлчдээс хуулбар хийсэн гэсэн шалтгаанаар буруутгаад байгаа бөгөөд залуу дуучин маань “teenVogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьжээ.
Дебют уран бүтээлийнхээ дараа тэрээр “Dejа vu”, “Good 4 U” хэмээх дуунуудыг цацсан нь “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлснээс гадна өнгөрсөн тавдугаар сарын 21-нд цацсан “Sour” цомог нь “Billboard”-ийн шилдэг цомгийн жагсаалтыг таван долоо хоногийн турш тэргүүлсэн билээ. Ийнхүү тэрээр уг 2021 онд уг жагсаалтыг хамгийн олон долоо хоног тэргүүлсэн эмэгтэй уран бүтээлчээр тодорсон юм. Гэвч сайны хажуугаар саар байдгийн адилаар түүний алдар нэр, амжилтыг олны хэл ам тойрсонгүй.
Тэгвэл залуу одын хит цомог, дуунуудад чухам ямар асуудал байсан бэ?
“Good 4 U” дууны хувьд цацагдсан даруйдаа хит болсон ч удалгүй Youtube болон Tiktok дээр уг дууг 2000-аад оны үеийн амьд хөгжмийн Paramore хамтлагийн “Misery Business” хэмээх дуутай адилхан байгааг хөндсөн бичлэгүүд байршиж эхэлсэн байна. Энэ асуудалд Olivia болон түүний дууг зохиогчид ямар ч тайлбар хийгээгүй хэр нь дууныхаа зохиогчийн эрхийн бүртгэлд Paramore хамтлагийн дуучин Hayley Williams болон гитарчин Josh Farro нарын нэрийг нэмсэн байв.
Цомогт нь багтсан хит дуунуудын нэг болох “dejа vu” нь дуучин Taylor Swift-ийн 2019 онд гаргасан “Cruel Summer” дуутай, “1 step Forward, 3 steps Back” дууны ая нь “New Year’s Day” дууны аятай адилхан байгааг сонсогч, дуу зохиогчид анзаарч олон нийтэд мэдээлсэн ч залуу дуучин маань ямар ч тайлбар хийлгүйгээр Taylor Swift болон дууны зохиолд нь оролцсон зохиогчдын нэрийг мөн л бүртгэлдээ нэмж оруулсан аж.
Үүгээр ч зогсохгүй 2021 оны зургадугаар сарын 22-нд тэрээр “Sour Prom” тоглолтынхоо постер зургийг олон нийтэд цацсаны дараахан Hole хамтлагийн гоцлол дуучин Courtney Love доорх зургийг “Ялгааг олоорой! #twinning” гэх тайлбартайгаар өөрийн цахим хуудсанд нийтэлсэн юм. Мөн Courtney “Би энэ цэцгийн тайлбарыг хүлээсээр байгаа!”, “Зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгний санааг хулгайлах нь бүдүүлэг хэрэг шүү” хэмээн бичээд амжжээ.
Энэ бүх үйл явдлуудад фенүүдийнх нь урам хугарч “Би Olivia-д дуртай ч түүний шинээр гаргасан уран бүтээл болгон хэн нэгнийг дуурайсан байх юм аа” гэсэн утга бүхий сэтгэгдлүүд цахим орчинд харагдах болжээ.
Тэгвэл өчигдөр Olivia “teenVogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Урлагийн нэг сайхан зүйл нь өмнөх уран бүтээлчдээсээ үлгэр дуурайл, урам зориг авах байдаг. Тийм ч болохоор би маш олон гайхалтай уран бүтээлчдээс урам зориг авдаг. Ер нь цоо шинэ дуу гэж байдаггүй шүү дээ. Шинээр гарч байгаа дуу бүхэн дөрөвхөн хөгнөөс л бүтдэг. Над шиг залуу уран бүтээлчдийн хийсэн бүтээлийн санааг гажуудуулж, гутаан доромжилж байгаад маш сэтгэл дундуур байдаг ч би дуучин, дуу зохиогч гэдгээрээ үргэлж бахархаж явах болно” гэжээ.
Эх сурвалж: teenVogue, Insider, NME, The New York Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх