Жүжигчин Kim Seon Ho бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээлээр ДЭБЮТ хийнэ


“Start-Up” (2020) цувралын Han ахлахын дүрээрээ алдаршсан жүжигчин Kim Seon Ho нь анхны бүрэн хэмжээний уран сайхны кинонд дүр бүтээх саналыг хүлээн авчээ. Тэрээр 2017 онд жүжигчний гараагаа эхлүүлснээс хойш 13 цувралд гол болон туслах дүр бүтээсэн бөгөөд одоогоор tvN телевизийн “Hometown Cha Cha Cha” киноны гол дүрд тоглож байна.

Түүний гол дүр бүтээх гэж буй “Sad Tropics” киноны найруулагчаар “I Saw the Devil” (2010), “The Tiger: An Old Hunter’s Tale” (2015), “V.I.P” (2017), “The Witch: Part 1. The Subversion” (2018) зэрэг өндөр үнэлгээтэй бүтээлүүдийн найруулагч, зохиолч Park Hoon Jung ажиллах юм.

Харин жүжигчин Kim Seon Ho нь Солонгос аав, Филиппин ээжтэй мэргэжлийн боксын тамирчны дүр бүтээх бөгөөд одоо тоглож буй цувралынхаа зураг авалтыг дууссаны дараа буюу ирэх арваннэгдүгээр сард албан ёсоор уг киноны ажилд орох аж.

Өдгөө 35 настай тэрээр анх найзуудаа дагаж яваад жүжигчний сонгон шалгаруулалтад орсон төдийгүй дэлгэцийн бүтээлд дүр бүтээж эхлэхээсээ өмнө театрт жүжигчнээр ажилладаг байжээ. Мөн түүний нууц авьяас нь дуулах бөгөөд энэ оны тавдугаар сард “Reason” нэртэй анхны дуугаа олны хүртээл болгосон билээ.

Эх сурвалж: KstarLive

#Кино урлаг #Жүжигчин