Э.Рэнцэнханд "Stigmatized" номын нээлтээ хийж, номынхоо уран зургуудаар үзэсгэлэн гаргана


А. Наранцацрал | YOLO.MN
2021-09-06

Амазоны бэстселлер "Stigmatized" номын зохиолч Э.Рэнцэнханд есдүгээр сарын 4, 5-ны өдөр Монгол дахь номын нээлтээ хийхийн сацуу номдоо орсон уран зургуудаар үзэсгэлэн гаргах гэж байна. 

Энэхүү нээлтэд улс төрч Ц.Оюунгэрэл, Хүний гавьяат эмч, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч З.Мягмаржав болон уран бүтээлч, "Улаан бүс" нийгмийн хөдөлгөөний санаачлагч С.Гантогоо нар зочин илтгэгчээр оролцох юм. "Stigmatized" номын зургуудыг ОХУ-ын уран бүтээлч Полина Синяткина зурсан бөгөөд түүний бүтээлүүдийг тус үзэсгэлэнгээс сонирхон үзэх боломжтой юм.

Үзэсгэлэн есдүгээр сарын 4-ний өдөр Отгонтэнгэр их сургуульд 09:00-17:00 цагт, 5-ны өдөр Нархан хүүхдийн асрамжийн газар 11:00 цагт болно.

Нью-Йоркийн их сургуулийн төгсөгч, НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагад ажиллан, өдгөө Нью-Йоркт төвтэй Олон улсын дүрвэгсдийн байгууллагад ажиллаж буй Э.Рэнцэнханд тун удахгүй Уганда улсын дүрвэгсдийн хуаранд ажиллахаар явна. 

Тэрээр “Stigmatized” номоо англи хэл дээр бичсэн бөгөөд өөрийн бага насыг хотын захын хороололд хэрхэн өнгөрөөсөн, англи хэлийг хэрхэн шамдан суралцаж, Америкт суралцсан түүх, багадаа сүрьеэ өвчинтэй тэмцэж, түүнээс үүдэн стигма буюу "шошголох" гэх ойлголттой тулгарч байсан тухайгаа бичжээ. Зөвхөн өөрийн намтар төдийгүй Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин соёл, шашин мөргөл, ардчилал руу шилжсэн түүхэн замнал гэх мэт гаднын уншигчдад эх орноо номоороо дамжуулан сурталчлан түгээх нэгэн сонирхолтой бүтээл болсон байна. 

Мөн энэхүү номоос оюутан залуус урам зориг авч, өөртөө боломж бий болгохын төлөө хэрхэн тэмцэж болдгийг харуулжээ. 

Түүний ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

#Боловсрол #Ном #Үзэсгэлэн