Салфеткан маскны үйлчилгээг НЭМЭГДҮҮЛЭХ зургаан арга


Х. Болормаа | YOLO.MN
2021-09-03

Ням гарагийн орой нүүрэндээ салфеткан маск тавиад буйдан дээрээ хэвтэх нь амьдралын нэгэн жаргалтай мөч билээ. Энэхүү бүтээгдэхүүн нь нэг удаагийн хэрэглээндээ өндөр чийгшил өгөх, арьс цайруулах, зөөлрүүлэх зэрэг үйлчилгээг богино хугацаанд өгдгөөрөө онцлог.

Тэгвэл үүний ид шидийг тултал нь гаргахад тань туслах зургаан аргыг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

1. АРЬСАА САЙТАР ЦЭВЭРЛЭХ

Урт өдрийн дараа салфеткан маскаа нүүрэн дээрээ хурдхан шиг тавиад орон дээрээ тухлан хэвтэхийг хүсэхгүй хэн байх билээ? Гэвч чи маск тавихаасаа өмнө нүүрээ сайн цэвэрлэсэн үү? Будгаа бүрэн арилгасан уу?

Яарах хэрэг огт байхгүй. Дуртай гелэн эсвэл хөөсөн цэвэрлэгчээрээ нүүрээ сайн гэгч нь угааж бохирдолд “Баяртай!” гэж хэлээрэй. Долоо хоногтоо 1-2 удаа арьсаа гуужуулж, иллэг хийвэл бүр ч сайн. Өөрөөр хэлбэл арьсны нүх сүвэн дэх үхэжсэн эд эс, тослогийг цэвэрлэх нь нэн чухал. Ингэж байж л идэвхт орцууд арьсанд гүн нэвчинэ.

2. МАСКИЙГ НҮҮРНИЙ БҮХ ХЭСЭГТ ТАРААН БАЙРШУУЛААРАЙ

Маскны салфетканы зарим хэсэг нь хацар дээр бөөгнөрсөн, харин эрүү хэсэг нь бүр хуйларсан байна уу? Тэвчээртэй байж, маскыг арьснаас хөндийрөх бүрт нь тэгшилж наагаарай.

Тиймээс нэг газраа тогтож суух, бүр боломжтой бол хэвтээд хүлээгээрэй. Зүгээр л тайван амар. Энэ л мөчид чи зохих ёсны амрах эрхээ эдлээрэй.

3. ЦАГИЙГ ЯГШТАЛ БАРИМТАЛ

Маскны заавар дээр тухайн маскыг хэдэн минут тавиарай гэж бичсэн байна вэ? 15 минут гэсэн байна уу? Тэгвэл 15 минут л тавь. Энэ бол арьс арчилгааны мэргэжилтнүүдийн олон удаагийн нарийн туршилт дээр үндэслэн гарсан хугацаа гэдгийг санаад чийг нь бүрэн ууршаагүй байсан ч хуулан аваарай.

Салфеткан маск нүүрэн дээр хатах ёсгүй шүү!

4. УСААР ЗАЙЛАХ УУ? ЭСВЭЛ?

Ихэнх хүмүүс салфеткан маск тавьсны дараа нүүрээ угаах шаардлагагүй гэдэг ч энэ нь мөн л ямар төрлийнхийг тавьж байгаа вэ гэдгээс хамаарна. Тиймээс маскны орц найрлага, хугацааг уншихын зэрэгцээ угаах шаардлагатай эсэхийг нь ч мөн хянаарай.

Маск тавьсны дараа угаана гэж бичээгүй л бол маск тавьсны дараа арьсан дээр үлдсэн шингэнийг тэр хэвээр нь үлдээх хэрэгтэй. Өглөө сэрээд чи идэвхт орцуудын дээд зэргийн нөлөөг мэдэрнэ. Хэрэв шингэн хэтэрхий удаан шингэх эсвэл таагүй мэдрэмж төрүүлж байвал илүүдлийг нь зөөлөн арчин шингээн аваарай.

5. МАСКААР ХЯЗГААРЛАХ ХЭРЭГГҮЙ

Хэрэв чи өнөөдөр маск тавихаар шийдсэн бол энэ нь арьс арчилгааны чинь бүх шатыг орлоно гэсэн үг биш шүү. Цэвэрлэгээний талаар бид хэдийнэ дурдсан. Тонерыг маскны өмнө, эрчимжүүлэгчийг хүсвэл дараа нь хэрэглэж болно. Харин тосны хувьд бол зайлшгүй хийх ёстой алхам гэдгийг санаарай! Ингэснээр маскны идэвхт орцуудыг тогтоон барьж чадах юм.

6. УЛИРАЛ БОЛОН АРЬСНЫ ХЭРЭГЦЭЭ

Дуртай маск чинь арьсыг толигор, чанга, тэжээлээр ханасан болгож, сэтгэл санааг чинь өргөж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч улирлын чанар, цаг агаар мөн бүр эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ч арьсны төлөв байдал ихээхэн хамаардаг. Тиймээс хэрэв хэрэгтэй гэж үзвэл мэргэжлийн эмч нараас ч асууж болох юм.

Масканд та орлого мөн цаг завынхаа тодорхой хэмжээг зарцуулдаг шүү дээ. Тэгвэл тэдний үр ашгийг тултал нь мэдрэхэд эдгээр арга тун их тус болно. Дараагийн удаа маск тавихдаа өмнө дурдсан аргыг хэрэглээд маргааш өглөөнөөс нь энэхүү нийтлэлийн үр ашгийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

#Гоо сайхан #Зөвлөгөө #Маск