СПОРТ... Хүн, тэр дундаа залуу хүний амьдралын хэв маягийн зайлшгүй нэг хэсэг бол яах аргагүй СПОРТ юм. Чи өөрийгөө ямар спортод илүү сонирхолтой гэдгээ олж мэдэн түүгээрээ тууштай хичээллэдэг үү. Хэрэв үгүй бол энэ талаар бодож үзээрэй гэж зөвлөх байна.
Снөүбордоор хичээллэдэг, энэхүү спортод сэтгэл зүрхээ зориулсан М.Халиун охиныг бид энэ удаагийнхаа зочноор урилаа. Тэрээр дунд сургуулийн сурагч бөгөөд хэдийнэ энэ спортод дурлаж, амьдралынхаа нэг хэсгийг болгожээ.
YOLO: Чи хэдийнээс эхэлж снөүбордоор хичээллэж байна вэ?
Хоёр жилийн өмнөөс хичээллэж байна.
YOLO: Долоо хоногтоо хэд гулгадаг вэ?
Хичээл амарчихвал долоо хоногт 4-5 удаа гулгадаг. Харин бусад үед нь амралтын өдрүүдээр Sky Resort дээр бараг өнждөг дөө.
YOLO: Бэртэж гэмтэх тохиолдол байсан уу?
Би анх гулгаж эхэлж байхдаа нэг гараа хугалж байсан. Тэгээд гар маань эдгэсэн ч хашрихгүй дахиад л гулгасан даа. Гэрийнхэн маань “Ингэн байж гулгах ямар хэрэгтэй юм бэ” гэдэг байсан. Гэхдээ одоо бол тэд намайг дэмжиж, улам ойлгодог болсон шүү.
Эхэндээ гэмтэж бэртэх, алдаа гаргах зүйл байлгүй л яахав. Гэхдээ нэгэнт шийдсэн бол зоригтой, тууштай байгаарай гэж хэлье. Энэ спорт эрүүл мэндэд их тустай, чийрэг болно. Би бүр ханиад хүрэхээ байсан шүү.
YOLO: Энэ спортод чамайг анх уруу татсан хүн хэн бэ?
Манай ах анх 2004 онд снөүбордоор гулгаж эхэлсэн. Тухайн үед би "ах юун банзан дээр хөлөө тавиад уулан дээрээс гулгаад байна аа" гэж гайхдаг байсан. Дараа нь юу байсныг мэдсэн л дээ хэхэ. Ах маань их нөлөөлсөн гэж хэлж болно л доо, түүнийг дагаад энэ спортод анх хөл тавьсан. Мөн намайг дэмжиж байнга урам өгч байдаг их олон хүн байдаг. Монголын Снөүбордын Холбооны ерөнхийлөгч н.Баттулга ах, зөвлөлийн гишүүн н.Хуягаа ах, н.Бор, Мустаб ах нартаа зааж сургаж, урам өгдөгт нь их баярлаж явдаг. Скай Ресортын хамт олон намайг бас их дэмждэг болохоор одоогоор их эрчимтэй дэвшилттэй явж байгаа даа.
YOLO: Өсвөр насны, тэр дундаа эмэгтэй хүүхэд энэ спортоор хичээллэнэ гэхээр их л зориг тэвчээр шаарддаг байх гэсэн бодол төрөөд байна.
Чи нэгэнт сонгоод, цаг заваа зарцуулаад, бэлтгэл хийгээд эхэлсэн бол шантрах шаардлага байхгүй гэж боддог. Шантарна гэдэг нь хүн өөрөө өөртөө ялагдаж байна гэсэн үг. Хүн өөрийнхөө айдас, шантралыг ялан дийлсэн цагт амжилтанд хүрнэ шүү дээ. Энэ миний зарчим болсон.
YOLO: Снөүбордоор гулгахын хамгийн гоё зүйл нь юу вэ?
Би өөрөө экстрем буюу амь сөрсөн спортод илүү дуртай. Өмнө нь цанаар жил гаруй хичээллэсэн ч яг надад тохирох спорт биш санагдсан. Харин снөүбордоо унаад уулын оргилоос салхи сөрөн буухад адреналин ялгардгийг би мэдэрдэг. Чихээрээ дуртай хөгжмөө сонсоод, биеэрээ дуртай үйлдлээ хийгээд үүлэн дээгүүр хөвж байгаа мэт санагдах нь төгс мэдрэмж. Яг л нисэж айгаа мэт л санагддаг даа.
YOLO: Тэмцээнд орсон талаараа яриач?
2015 оны 12-р сард болсон “World Snowboard Day”-ийг тохиолдуулаад Монголын Снөүбордын Холбооноос зохион байгуулсан тэмцээнд нэгдүгээр байранд орж “Шилдэг эмэгтэй тамирчин” болсон. 2015 Снөүбордын улсын аварга шалгаруулах анхдугаар наадам, 2016 оны Снөүбордын улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус тус алтан медаль авсан. Мөн саяхан буюу гуравдугаар сарын 19-нд болсон "Sky Resort open 2016" тэмцээнээс оны шилдэг медалийн эзэн болж цом авсан. Цаашдаа олон улсын тэмцээнд, тэр дундаа Олимпод орохыг хүсдэг.
YOLO: Энэ спортоор ихэвчлэн эрчүүд хичээллэдэг. Снөүбордоор хичээллэхийг хүсдэг ч айдастай байдаг охидуудад хандаж хэлэх үг?
Би эмэгтэй тамирчид дундаа хамгийн жоохон нь хэхэ. Гэхдээ цөөхөн эмэгтэй тамирчин байдаг юм. Сүүлийн үед миний үеийн охид энэхүү спортыг их сонирхох болсон. Гэхдээ айдастай байдаг болоод ч тэр үү тэр болгон тууштай хичээллэдэггүй юм шиг санагддаг. Эхэндээ гэмтэж бэртэх, алдаа гаргах зүйл байлгүй л яахав. Гэхдээ нэгэнт шийдсэн бол зоригтой, тууштай байгаарай гэж хэлье. Энэ спорт эрүүл мэндэд их тустай, чийрэг болно. Би бүр ханиад хүрэхээ байсан шүү.
YOLO: Анхлан сурагч нь хэдий хэр хугацааны дараа гулгаж сурдаг бол?
Ер нь тухайн хүнийхээ хичээл чармайлтаас л хамаарна. Би өөрөө хоёр сар гулгаж байж сурсан. Миний бодлоор тухайн хүнээс хамгийн их шаардагдах зүйл нь зориг гэж боддог. Зоригтой, хичээл чармайлттай л бол сурчихна гэж бодож байна.
YOLO: Насны хязгаар бий юу?
Байхгүй шт. 8 наснаас 80 настай хүртэл гэж ярьдаг шиг бүхий л насныхан хичээллэж болох спорт.
YOLO: Цас хайлахаар чөлөөт цагаа юу хийж өнгөрөөх вэ?
Зуны цагт холбооныхоо ах эгч нартай цуг мөнх цаст уул руу нэг удаад гарч гулгадаг. Мөн хаданд авиралтаар сүүлийн үед хичээллэх болсон. Заримдаа скэйтборд унана гээд өөрийгөө уйдаахгүй л өнгөрөөдөг дөө.
YOLO: Чиний снөүборд их гоё юмаа?
Тийм байна уу, баярлалаа (инээв). Өдний зурагтайг сонгосны учир нь би түрүүн хэлсэн дээ, нисэж байгаа мэт санагддаг гэж. Тэрийг билгэдэж даль жигүүрийг илэрхийлсэн ийм зурагтайг нь сонгосон юм.
YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Чамд амжилт хүсье.
Баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх