ФОТО: Оюутан, сурагчдын цүнхэнд ЗААВАЛ байх ёстой зүйлс


Ангийнхантайгаа уулзах гээд догдлон байгаа ЕБС-ийн сурагчид, их сургуулийн амьдралд хөл тавих гэж буй шинэхэн оюутнуудын цүнхэнд заавал байх ёстой зүйлсийг энэхүү нийтлэлээрээ танилцуулж байна. Цаг үеийн онцлогоос хамаарч бидний цүнхэнд юу юу байх ёстой вэ?


ЭРҮҮЛ МЭНД

Амны хаалт

Чиний цүнхэнд байх ёстой зүйлсийн жагсаалтын нэгдүгээрт АМНЫ ХААЛТ бичигдэнэ.

ЕБС-ийн сурагчдын хувьд хичээллэх цаг богино учраас нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутамд солихоор буюу хамгийн багадаа гурван ширхэг маскыг бэлдээрэй.

Харин их сургуулийн оюутнуудын хичээллэх хугацаа харилцан адилгүй учир амны хаалтыг аль болох олон ширхгээр цүнхэндээ авч явахыг зөвлөж байна.

Гар ариутгагч

Нэн чухалд тооцогдох дараагийн зүйл бол ГАР АРИУТГАГЧ.

Гараа тогтмол угаах боломжгүй үед гар ариутгагч “аврагч” л гэсэн үг. Тиймээс чи жижиг савлагаатай гар ариутгагчаас аль болох олны нөөцлөөрэй.

Гар ариутгагч шингэн хэдий гарын саванг орлож чадахгүй ч нян бактерийг тодорхой хэмжээнд устгадаг. Энэ талаар хийгдсэн туршилтын талаар унших бол ЭНД дараарай. 

Нойтон ба хуурай салфетка

Нойтон салфеткыг зөвхөн гараа арчих гэхээс илүү сургуулийн орчинд ширээ, сандлынхаа гадаргууг цэвэрлэхэд хэрэглэж болох юм. Харин хуурай салфетканы хэрэглээ бол олон янз шүү дээ. Яаралтай хэрэг болсон найздаа өгөхөөс эхлээд л...

Анхны тусламжийн хайрцаг

Хэнд ч, юу ч тохиолдож болно. Тиймээс өөртөө болон өрөөлд цаг алдалгүй туслахын тулд цүнхэндээ заавал анхны тусламжийн хайрцаг авч яваарай. Мэдээж эмнэлгийн зориулалтаар хэрэглэдэг хайрцаг нь бидний цүнхэнд багтахгүй учир өөрт тохирох анхны тусламжийн хайрцгийг бий болгохыг зөвлөж байна.

Халбага сэрээний сет

Зөвхөн сурагч, оюутнууд гэлтгүй хүн бүр өөрийн гэсэн халбага, сэрээгээ авч явбал коронавирусээс гадна өөр олон төрлийн өвчнөөс сэргийлж болно шүү дээ!

Өөрийнхөө эрүүл мэндийг бодоод ч зогсохгүй байгальд ээлтэй сонголт байх болно. 

Өдрийн хоол

Бидний эрүүл мэнд идэж буй хоол хүнснээс шууд хамааралтай. Тэгэхээр өөрийгөө хайрладаг монгол хүн та өөртөө зориулан өдрийн хоолоо бэлтгэн авч явж хэвшээрэй.

Өдрийн хоолоо хэрхэн бэлтгэх болон бэлтгэхдээ анхаарах зүйлсийг ЭНД дарж уншаарай. 


ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ

Тэмдэглэлийн дэвтэр

Хичээлийн хэрэгслүүдээс гадна халаасны тэмдэглэлийн дэвтэр заавал авахыг зөвлөж байна. Тэр дундаа оюутнуудад хамгийн их хэрэгтэйг дурдах нь зүйтэй. Сонгон суралцаж буй хичээлүүдийн эхний оролт дээр тухайн улиралд авах оноо болон бусад холбоотой даалгавруудыг огноотой нь хамт танилцуулдаг бөгөөд тэдгээрийг тэмдэглэж авахад хамгийн хэрэгтэй нь тэмдэглэлийн дэвтэр шүү!

 

 Ном

Хичээлийн завсарлагааны үеэр сургуулийн коридорт таалагдсан номоо уншаад суух ч гоё шүү... Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж болох юм.

Laptop

Шинэхэн оюутнууддаа тусгайлан хандаж зөвлөхөд зөөврийн компьютер нь чиний оюутны амьдралын хамгийн чухал туслах юм шүү! Хичээл бүр дээр суралцагчийн бие даан болон багаар хамтран ажиллах чадварыг тавьсан илтгэлээр нь харж, дүгнэдэг. Харин илтгэлээ танилцуулахад зөөврийн компьютер хамгийн чухал.


БУСАД

Утасны цэнэглэгч эсвэл power bank

Бүх ажил, хичээл гар утастай холбоотой байх учир цэнэглэгчийг нь битгий мартаарай. Мөн зарим үед power bank ч хэрэг болдог.

Чихэвч

Шинэхэн оюутнуудад маань ганцаардсан мэдрэмж төрвөл чихэвч их хэрэг болно шүү. Мөн чимээтэй газар байгаа үед цахимаар хичээлээ сонсоход хэрэгтэй.

Гаа эсвэл ам зайлагч

Амны ариун цэвэр бол маш чухал. Тиймээс цүнхэндээ заавал гаа юм уу, ам зайлагч авч явж заншаарай.

Үсний боолт

Хэрвээ чи урт үстэй л бол 1-2 боолт цүнхэнд чинь заавал явж байх ёстой. Үсний боолт нэг л мэдэхэд алга болчихдог шүү дээ...

 

Усны сав

Чиний цүнхэнд байх ёстой зүйлсийн жагсаалтын төгсгөлд усны савыг онцолж байна. Учир нь олон цаг амны хаалттай суух нь чамайг шингэний дутагдалд оруулж болзошгүй юм. Хэрэв чи өөртөө тохирох усны саваа сонгож амжаагүй эсвэл хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа бол ЭНД дарж уншаарай.

#Зөвлөгөө #Хичээл