Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран мэдээлэл хийж байна.
Дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, үүнийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгоно.
Мөн Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг авах юм.
Нэрэмжит тэтгэлгээр суралцуулах мэргэжлийн хуваарилалтыг Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлтэй уялдуулан тогтоох бөгөөд тэтгэлгээр суралцаж төгссөн иргэн орон нутагтаа ажиллана. Ажлын байраар хангах зэрэгтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах талаар судалж, зохион байгуулахыг зарлигт тусгажээ.
Ерөнхийлөгчийн тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, жил бүрийн гуравдугаар улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлнэ.
Нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм.
Эх сурвалж: Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх