Хичээлийн шинэ жил тун удахгүй эхэлж, цахимаар хичээллэсэн хүүхдүүд ангийн найзуудтайгаа уулзана гэхээс догдлон буй. Сурагчид цахимаар хэрхэн суралцсан, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн талаар өмнө нь унаач хүү Ц.Баярбаттай ярилцсан бол энэ удаад 13 настай, авьяаслаг сурагч Д.Будтай уншигч та бүхнийг уулзуулж байна.
АНГИЙНХАА ДУЛААН УУР АМЬСГАЛЫГ ИХ ҮГҮЙЛСЭН
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Даваажавын Буд гэдэг. Би Сүхбаатар дүүргийн Логарифм сургуулийн наймдугаар ангийн сурагч. Одоо 13 настай.
-Удаан хугацаанд цахимаар хичээллэсэн. Удахгүй танхимын хичээл эхэлж ангийнхантайгаа уулзана гэхээр ямар санагдаж байна вэ?
-Танхимаар хичээл орох болсонд би баяртай байна. Надад цахим хичээл сайн болон муу талтай санагдсан. Сайн тал нь хүүхдүүд интернетийг зөв зохистой ашиглах, технологид суралцах боломжтой. Харин сөрөг тал нь ангийн дулаан уур амьсгал бүрдэхгүй болохоор тиймхэн байлаа.
-Цахим хичээлдээ хэрхэн оролцдог байв?
-Дуртай хичээлдээ сууна. Биеийн тамирын хичээл орохоор дасгалаа хийхгүй залхуураад камераа тааз руу харуулж орхиод гитараа тоглоод суучихдаг байсан. Ер нь ангийнхантайгаа уулзаагүй, гэртээ өнжсөн хоёр жилийн хугацаанд цахим хичээлийнхээ хажуугаар гитар тоглож сурлаа.
-Хөл хорионы үеэр гитар тоглож сурчээ?
-Тийм ээ. Манай гэрт гитар байдаг ч хэн ч тоглож чадахгүй хоёр жил болсон. Тэгсэн "Covid-19" халдварын улмаас хичээл, сургууль хаагдсан үед хамаатны ах манайд ирээд өдөржин гитар тоглож өгсөн юм. Тухайн үед маш гоё сонсогдоод тэр ахаараа заалгасан. Би хамгийн анх "Миний захиа" дууг тоглож сурсан юм. Гитар зааж өгсөн ах маань сурахад хамгийн амархан гэж хэлсэн ч илүү хялбар, дөрөвхөн барилттай дуу ч байдгийг би өөрөө олж мэдсэн. Тэр нь "Сарнай" гэдэг дуу.
-Гитар тоглож сурахыг хүсдэг үеийнхэндээ зөвлөгөө өгвөл?
-Гитар тоглож сурахад хичээнгүй байдал л хамгийн чухал юм билээ. Анх сурч байхад хуруу өвдөнө, хавдана, шантарна. Эхний нэг сар маш хэцүү. Ая тоглоод сурчих юм бол урамшаад ирдэг. Хичээл, зүтгэлтэй байхад гитар сурчихна. Би хоёр, гурван удаа шантарч байсан. Энэ үед манай ээж, ах гээд гэр бүлийнхэн маань маш их дэмжлэг өгдөг байлаа. Бас манай найзууд муу тоглодог байхад хүртэл их сонсдог байсан. Ганц утас дуугаргах төдийд л "Болж байна" гээд дэм өгдөг байсан найзууддаа баярладаг.
ЦАХИМААР НАЙЗАЛНА ГЭДЭГ БОЛОМЖГҮЙ САНАГДДАГ
-Эцэг эхчүүд цахим орчны зөв зохистой хэрэглээг чухалчилдаг. Чиний хувьд өдрийн хэдэн цагийг цахимд зарцуулдаг вэ?
-Би цахим хуудсаа зөв хөгжүүлэхийг л их хичээдэг. Сардаа нэг гоё зүйл бичдэг, хэрэгтэй зөв гэсэн мэдээллийг найзууддаа хуваалцдаг. Ер нь тэгж олон цаг зарцуулдаггүй. Би том болж байна, сурах юм их бий. Англи хэлээ сайжруулна. Тэгэхээр цахим орчинд олон цагийг өнгөрүүлэхээр хайран санагддаг. Зарим хүүхэд намайг сайн танихгүй хэр нь "Найзын хүсэлт аваарай" гэдэг. Би түүнийг мэдэхгүй, тэр намайг танихгүй хэр нь найзална гэдэг надад боломжгүй санагддаг. Бас би хэн нэгнийг гомдоохоос айдаг. Найзын хүсэлтийг нь авлаа, тэр зурвас бичнэ. Зурвасыг нь би харсан хэр нь хариу бичихгүй бол тэр мэдээж гомдоно. Үүнээс их болгоомжилж, зайлсхийдэг. Ер нь би танихгүй хүнтэй харилцаад байдаггүй. Харин дотнын найзуудтайгаа олон жил нөхөрлөхийг хичээдэг.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цагаараа гитараа л тоглодог. Хөгжим миний биеийн тал хэсэг шиг санагддаг. Би хөгжимд маш их хайртай. Эмэгтэйчүүдийн дэлгүүр хэсээд хувцас сонирхоод явдаг шиг би хөгжмийн дэлгүүр хэсэх дуртай. Олон төрлийн гитарууд сонирхоод, үнийг нь асуугаад л явна. Утсан хөгжмүүд л сэтгэл татаад байдаг юм.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Өнөөдрийн хүсэл, сонирхлоороо явбал би урлагийн хүн болох байх. Аав ээж минь хүсэл мөрөөдлийг минь их дэмждэг. Гэхдээ ирээдүйгээ таамаглашгүй.
ДҮҮГЭЭ ХАРААД, ГИТАРАА ТОГЛООД Л ӨДРИЙГ ӨНГӨРӨӨДӨГ БАЙЛАА
-Чиний дотоод мэдрэмжийг сонирхмоор байна. Өөрийгөө гурван үгээр тодорхойлбол?
-Би цоглог, нээлттэй. Уйтгартай байдлаас хурдан гарахыг хичээдэг. Аливаад санаачилга гаргах дуртай.
-Ямар хандлагатай хүн болж төлөвшихийг хичээж байна вэ?
-Би бусдад тусалдаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй явахыг хичээдэг. Ер нь хүнд тусалж явах надад маш гоё санагддаг. Хэн нэгэнд туслахаар бусдад туслах гэж л төрсөн юм шиг их гоё мэдрэмж төрдөг юм. Би хүүхдэд их хайртай. Манай дүү гурван настай. Дүүг маань аав ээж болохгүй, боль гэхээр уйлчихдаг. Тэгэхээр нь би өрөвдөөд өрөө рүү аваад орно. Өөр айлын хүүхэд уйлж байсан ч аргаддаг. Эгч маань энэ жил сургуулиа төгсөж байгаа учраа маш завгүй. Ах бас хичээлтэй. Тэгэхээр би л дүүгээ харангаа гитараа тоглоод өдрийг өнгөрөөдөг дөө. Заримдаа хичээлээ хийхээ мартаад багшдаа загнуулна.
-Эмзэглэж явдаг зүйл бий юу?
-Би амьтанд маш их хайртай. Тийм болохоор амьтны амь хороож байгаа үйлдэл хэцүү санагддаг. Гудамжны тэнэмэл нохойг бууддагт бүр маш дургүй. Уг нь тэр нохойнуудыг устгахын оронд авч сургаад гэмт хэрэг илрүүлэхэд гэх мэт зөв зүйлд сургаад авбал их сайхан санагддаг.
-Үеийнхэндээ хандаж үг хэлбэл?
Үеийнхэндээ хандаж эх орондоо хайртай байгаарай л гэж хэлмээр байна. Би эх орон ч хүүхэд. Хөдөөгийн "орк" гэдэг үг надад утгагүй санагддаг. Үнэндээ хотынхон өөрсдөө ч бүдүүлэг зан гаргадаг шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх