"БИДНИЙГ СОНС!" охидын эрхийн хоёрдугаар чуулган МАРГААШ болно


М.Батчимэг | YOLO.MN
2016-10-13

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан. НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан.

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвөөс санаачлан хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг гурван төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд “БИДНИЙГ СОНС!” охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан билээ.

Энэ жил ОУ-ын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2016 оны 10-р сарын 14-ний өдөр буюу маргааш 9-17 цагт ТАНАН төвийн хурлын танхимд “ОХИДЫН ХӨДӨЛГӨӨН-НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ” уриан доор хоёрдугаар чуулганыг  зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганд нийт зорилтот бүлгийн 80, хот хөдөөгийн төлөөлөл ЕБС-н 120 охин оролцоно.

Бид чуулганы талаар “ГҮНЖ” төвийн хөгжлийн ажилтан Б.Гэрэлтуяатай ярилцлаа.

YOLO: “Биднийг Сонс!" Охидын Эрхийн Хоёрдугаар Чуулганд ямар хүүхдүүд хамрагдах вэ?
Чуулган маань хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа ба хоёр жил тутамд нэг удаа болдог. 2014 онд “Биднийг сонс” Анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан. Нийтдээ 165 охин оролцсон ба орон нутгийн болон хотын алслагдсан дүүргүүдийн төлөөлөл оролцсон. Энэ  жил 200 охидын оролцоотой зохион байгуулах гэж байна. Мөн хөдөө орон нутгаас буюу Булган, Дорнод, Хэнтий аймгийн төлөөлөл хүүхдүүд оролцоно. Ерөнхий зохион байгуулагч болон санаачлагчаар “Гүнж” төв ажиллаж байна.

YOLO: Уг чуулганыг зохион байгуулж буй гол зорилго нь юу вэ?
Монгол охидын амьдарч буй нөхцөл байдал нь ямар байгаа болон охид манлайлагч, чадварлаг байх боломж нь хэр нээлттэй байгаа эсэх, одоогийн нөхцөл байдалд тулгамдаад байгаа асуудал бэрхшээлийг охид өөрсдөө гаргаж ирэн ярилцаж тэр асуудлыг хэрхэн шийдэх гарцыг хайн тэдний дуу хоолойг сонсох юм.

YOLO: Охид л хоорондоо ярих бус түүнээс гадна “томчуудад” энэ талын мэдээлэл, охидын дуу хоолойг хүргэх хэрэгтэй байх. Тэдэнд хэрхэн хүргэх вэ?
Чуулган маань дараах дөрвөн хэсгээс бүрдэж байна.
1-р хэсэгт Монгол охидын нөхцөл байдал ямар байгаа
2-р хэсэгт Олон улсын туршлага
3-р хэсэгт Монгол охидын туршлага, манлайлагч охидын туршлагаас
4-р хэсэгт Охидын хөдөлгөөнийг өрнүүлэх эхлэлийг тавих. Энэ нь цаашлаад үндэсний хэмжээний охидын эвсэл байгуулагдана гэж харж байна. Чуулганыхаа төгсгөлд охидын үзэл бодол дуу хоолойг шингээсэн зөвлөмж гаргана. Тэр зөвлөмжөө  хүүхдийн төлөө ажилладаг төрийн байгууллага болон холбогдох түвшний хүмүүст нь гардуулж өгнө гэж төлөвлөж байна. Түүнээс улбаалаад охидын эрхийг хамгаалахад уялдаа холбоотой тэдний дуу хоолойг илэрхийлсэн төрийн баримт бичигт бодлогынхоо түвшинд нөлөөлж чадна гэж найдаж байна.

YOLO: Уг чуулганд хамрагдахыг хүссэн хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгэлийн хувьд 200 охидын 120-ыг нь онлайнаар бүртгэх ба хугацаа аравдугаар сарын 13-ны 14 цагт дуусна. Энд дарж бүртгүүлэх боломжтой

Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 96110110, 70105105 утсуудаар болон https://www.facebook.com/events/1762894307298264/ фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

#Хөвгүүд #BOYS #GIRLS #teenagers