Б.Мөнхжаргал: “LOVE IS...” хэдий жижигхэн ч маш их ҮНЭ ЦЭНЭ, УТГА УЧИР агуулж байдаг


М.Батчимэг | YOLO.MN
2016-10-12

"ХАЙР ГЭДЭГ ЭНГИЙН ЗҮЙЛ ЮМ ШИГ..."

“Миний цуглуулга” булангийнхаа энэ удаагийн зочноор Амгалан цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Мөнхжаргалыг урилаа. Тэрээр “Love Is...” буюу “Хайр бол...” бохины зурган өгүүлэмжтэй цаасыг цуглуулдаг аж. Сонирхуулахад “Love Is...” бохь нь анх 1970 оны нэгдүгээр сарын 5-нд худалдаанд гарсан бөгөөд зургийг Шинэ Зеландын зураач Ким Касали зуржээ.

YOLO: Хэдэн жил цуглуулж байна вэ?
Цуглуулж эхлээд нэг их  удаагүй, жил гаруй л болж байна.

YOLO: Чиний цуглуулгад ойролцоогоор хэдэн ширхэг зураг байгаа вэ?
250 гаруй зураг байгаа.

YOLO: Тэгэхээр ойролцоогоор хэдэн төгрөг гэсэн үг вэ? Тооцоолж үзсэн үү?
Ойролцоогоор 250 ширхэг гэж бодох юм бол нэг бохь 150 төгрөгийн үнэтэй, тэгэхээр нийтдээ 37,500 төгрөг болох байх.

YOLO: Анх яагаад цуглуулах болсон бэ?
Анх хөөрхөн эгдүүтэй санагдаад ганц хоёроор нь хэтэвчиндээ хадгалж байсан. Тэгээд нэг удаа тоолоод үзэхэд  50 гарсан байсан. Тэр үеэс л эхэлж цуглуулахаар шийдсэн дээ. Анх цуглуулж эхлэхдээ дээрээ тоотой болохоор ном болно гэж бодоод тоогоор нь цуглуулсан.

Бас доор нь бичигдсэн үг их таалагдсан болохоор цуглуулахад их нөлөөлсөн. Дотроо агуулж байгаа утга учир мөн чанар нь үнэ цэнэтэй санагдсан учраас цуглуулсан. Бусдад үргэлж хайр түгээж байдаг эерэг энергитэй зүйл юм шиг санагддаг. Мөн би хүн дуурайж цуглуулах дургүй. Тиймээс бусдаас онцгой гэж бодсон учраас цуглуулсан даа.

YOLO: Ном болгох гэж оролдов уу?
Яг 100 ширхэг байдаг. 1-100 хүртэлх бүх зураг нь цуглахаар 247 хуудастай ном хийнэ.

YOLO: Цуглуулгаа яаж арвижуулдаг вэ?
Мэдээж бохь зажлахаасаа илүү зургийн илүүд үзэж авдаг. Бас ойр дотныхоо хүмүүсээс авна. Өөрөө хайж олно гээд л ер нь дуртай зүйлээ цуглуулж байгаа болохоор яаж ийж байгаад л арвижуулдаг. Нэг ширхгийг л алга болговол үнэхээр харамсдаг. Аль болох олон болгохыг л эрмэлздэг. Би LOVE IS... хүнд бэлэглэх, хүнээс авах дуртай яагаад гэвэл хүнд зүгээр нэг бэлэг өгснөөс тэр бэлэг нь утга учир шингэсэн байвал үнэхээр сайхан. Би хүнд  247 ширхэг болгож өгч байсан. Тиймдээ ч LOVE IS... хэдий жижигхэн ч дотроо асар их үнэ цэнэ, утга учир агуулж байдаг болохоор хүнд бэлэглэж хүнээс авах сайхан байдаг.










YOLO: Нууц биш бол 247 ширхгийг өгч байсан хүн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
Мэдээж маш баяртай хүлээж авсан. Одоо хүртэл хадгалдаг.

YOLO: Цуглуулгатай байхын юу нь гоё вэ?
Маш өхөөрдөм байдаг шдээ. Харахад нэг л гоё хөөрхөн сэтгэл дүүрээд л явчихдаг. Би ер нь юм цуглуулах хоббитой хүн. Анх түрийвч тэмдэглэлийн дэвтэр гээд  юм юм цуглуулдаг байсан. Тэгтэл ямар ч үнэ цэнэ агуулаагүй материаллаг зүйлээс илүү хүний амьдралд байдаг энгийн түүхүүдийг өгүүлсэн энэ цуглуулагадаа би илүү хайртай. Ганцаардсан үедээ гаргаж ирээд л зургийг хараад үгнүүдийг нь уншихаар шаналж зовж байсан зүйлээ мартдаг. Тиймээс LOVE IS... хэзээ үйлдвэрлэгдэхээ болино тэр болтол цуглуулна гэж боддог.

YOLO: Эдгээрээс хамгийн их таалагддаг зурагтай эсвэл чиний хувьд үнэ  цэнэтэй нь аль нь вэ?
Хуримаа хийж байгаа зурагтай 78 тоотой зураг. Яагаад гэвэл анх цуглуулж эхлээд л хуримаа хэзээ хийх бол гэж хүлээдэг байсан. Хуримаа хийхэд нь их баярласан шүү.

YOLO: Энэ бохийг хаанаас авч болох вэ? Чамтай адилхан цуглуулмаар байгаа хүүхэд байгаа л байх.
Ер нь худалдааны бүх газраар л Love is... бохийг зардаг. Бас бөөнд нь худалдаж авахаасаа илүү, цуглуулга гэдэг зүйлийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр утга учрын ойлгож цуглуулах нь хамгийн чухал юм. Зүгээр л хайрцаг хайрцгаар нь аваад цуглуулбал тэр зүйл үнэ цэнэгүй болно. Тиймээс тоо биш үнэ цэнэ л чухал.

YOLO: Хүн бүр л өөрийн гэсэн хайрын түүхийг бий болгодог ч  энгийн бөгөөд хариулж чаддаггүй нэг асуулт байдаг шүү дээ.  Хайр гэж ер нь чинийхээр юу юм бол?
Хайр гэж юу вэ? гэсэн асуултад хүмүүс тэр болгон хариулж чаддаггүй.  Би ч мөн хариулж чаддаггүй байлаа. Хайр гэдэг нь тийм ч хэцүү зүйл биш өөрөө их энгийн зүйл байдгийг цуглуулган дээрх хоёр дүрийн зурган өгүүлэмжээр ойлгож авсан даа.

YOLO: Цуглуулганыхаа талаар сонирхолтой яриа өгсөнд маш их баярлалаа.
Зүгээр ээ, та бүхэнд мөн баярлалаа.
 









LOVE IS... хэзээ үйлдвэрлэгдэхээ болино тэр болтол цуглуулна гэж боддог.

                                                     Б.Мөнхжаргал

#Hobby #Хобби #Цуглуулга #Collection #LOVEIS