Мууранд дурлагч зарим хүмүүс үүлдрийн муурны гоо үзэмж, өвөрмөц зан чанарт татагдан тэжээдэг. Тэгвэл муурны үүлдэр хэр ховор байх тусмаа гайхмаар үнэтэй болдог байна.
Ийнхүү бид энэхүү нийтлэлээрээ дэлхийн хамгийн үнэтэй таван муурны үүлдрийг танилцуулж байна. /Жич: Бид энэхүү мэдээллээрээ амьтныг үнэтэй, үнэгүй гэж ялгаагүй бөгөөд зөвхөн танин мэдэхүйн мэдээлэл түгээх зорилготой болно./
1. АШЕРА
Үнэ: 125,000 доллар хүртэл (356 сая төгрөг)
Ашера бол дэлхийн хамгийн ер бусын гэрийн тэжээвэр муурны үүлдрийн нэг юм. Ян л бенгал үүлдрийн адил Ази ирвэснээс гаргаж авсан шинэ бөгөөд нэн ховор төрөл. Биеийн хувьд ердийн тэжээвэр муурнаас хамаагүй том биетэй.
Өндөр нь метрээс хагас метрт хүрдэг бол жин нь 12-15 килограммын хооронд хэлбэлздэг байна. 2006 оноос хойш нийт 100 ашера муур эзэнтэй болсон гэсэн тоо бий. Лос-Анжелест төвтэй амьтны фирм жил бүр ашерагийн 5 зулзага гаргаж авдаг.
Сонирхолтой мэдээлэл: Анх Их Британийн интернет бизнес эрхлэгч Саймон Броди генетекчдийн багтай тохиролцсоны үндсэн дээр ашераг гаргаж авсан гэдэг. Эрдэмтдийн тооцоолсноор ашерагийн амьдрах хугацаа ойролцоогоор 25 жил. Энэ нь ердийн тэжээвэр муурнуудын насжилтаас хамаагүй урт юм.
2. САВАННА
Үнэ: 10,000-50,000 доллар (28-142 сая төгрөг)
Саванна бол дэлхийн хамгийн өндөр муур хэмээн Геннисийн номонд бүртгэгдсэн. Африкийн зэрлэг муур болон гэрийн тэжээвэр муурны дундаас гаргаж авсан үүлдэр. Саванна гэрийн тэжээвэр амьтан ч хайрцаг дотор орж хэвтэх дургүй, түүхий мах идэх хандлагатай байдаг.
Мөн танихгүй хүмүүсийг тэсвэрлэдэггүй. Зохих ёсоор нийгэмшсэн тохиолдолд нохойтой төстэй зан авир гаргана.
Сонирхолтой мэдээлэл: Дуучин Жастин Бибер саванна үүлдрийн муур тэжээдэг. Саваннаг үржүүлэх маш хэцүү. Ижлээ сонгохдоо шилэмтгий. Зарим улсад саваннаг гэрийн тэжээвэр амьтан гэж үздэггүй тул дэлхийн хэд хэдэн орон, ялангуяа АНУ-ын хэд хэдэн мужид тэжээхийг хориглодог.
3. БЕНГАЛ
Үнэ: 10,000-25,000 доллар(28-71 сая төгрөг)
Бенгал нь Египетийн Мау, Ази ирвэс хоёрын дундаас гаргаж авсан үүлдэр. Биеийн ерөнхий бүтэц булчинлаг бөгөөд том нүдтэй, арьсны өнгө нь толботой хүрэн, мөнгөлөг саарал, хар цагаан байна. Эрч хүчтэй муур.
Бусад үүлдрээс ялгаатай нь усанд дуртай. Маш дэггүй. Бенгал яг л балчир хүүхэд шиг эрч хүчээр дүүрэн байдаг тул эздийн анхаарал халамж их чухал. Эсвэл хамт тоглох мууртай байлгасан нь зүгээр.
Сонирхолтой мэдээлэл: Нью-Йорк, Сиэтл, Хавайд энэ үүлдрийн муурыг эзэмших нь хууль бус. Дунджаар 16 жил амьдардаг. бенгал муурны төрөлхийн зэрлэг авир үе дамжих талтай байдаг. Гэр бүлсэг, сайхан ааштай бенгал сонгохыг хүсвэл гурваас хойших үеийн төлийг сонгох нь зохистой.
4. ПЕРС МУУР
Үнэ: 5500 доллар (15 сая төгрөг)
Перс муур бол 17-р зуунаас эхтэй, дэлхийн хамгийн эртний муурны үүлдрийн нэг юм. Хавтгай нүүр, урт үс, булцгар хацар зэргээрээ алдартай энэ муур өнгөний хувьд янз бүр байдаг. Бусад үүлдрийн мууртай харьцуулахад харьцангуй тайван, эелдэг. Дуу чимээтэй айлд амархан дасан зохицдог. Өдөрт 20 хүртэл цаг унтаж чаддаг.
Сонирхолтой мэдээлэл: 250 гаруй жилийн өмнө буюу 1871 онд Лондон хотын Кристал Ордонд болсон дэлхийн анхны муурны шоуны үеэр уг үүлдрийг олон нийтэд дэлгэн танилцуулсан.
5. ПЕТЕРБАЛД
Үнэ: 5000 доллар (14 сая төгрөг)
Оросын тансаг үүлдэр болох петербалд нь огт үсгүй эсвэл тоортой адил сахлаг үстэй байдаг. Энэ үүлдрийн зарим муур хилэн гэмээр арьстай байхад зарим нь эрэгтэй хүний сахал шиг үстэй байх нь бий. Маш ухаалаг, эрх ааштай. Энэ үүлдрийн муурыг арчилгаа багатай үүлдэр гэж үздэг.
Сонирхолтой мэдээлэл: Арьс нь маш эмзэг байдаг тул бага насны хүүхэдтэй хүмүүс тэжээх зохимжгүй. Арьс нь наранд түлэгдэх эрсдэлтэй тул халуун наранд гадаа удаан байлгаж болохгүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх