Г.Ундармаа: Хийж буй зүйлдээ ТУУШТАЙ бөгөөд ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ хандаж байгаарай


Үжин | YOLO.MN
2016-10-12

-Өнөөдөр "Global Dignity day" буюу "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр”-

Чадварлаг боловсон хүчин болж амжилттай амьдрах нь бидний амьдралын  чухал зүйлсийн нэг мөн боловч үүнээс илүүтэйгээр нэр төртэй хүн байх нь таны үнэ цэнийг илэрхийлэх хэмжүүр билээ.

Тиймдээ ч Туул Ротаракт клубын зүгээс өсвөр үе, ахлах ангийнхныг хамарсан “Нэр төрөө эрхэмлэх нь...” сэдэвт лекцийн өдрийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочин илтгэгчид өөрсдийн туршлага, үзэл бодлоо тэдэнтэй хуваалцаж, хүүхдүүд сонирхсон асуултууддаа хариулт авч байсан юм.

Илтгэгчид Харвардын Их сургуулийн төгсөгч Б.Отгонбат, МУСТА Г.Ундармаа, Интерферон Альфа ОУ-ын элэгний төвийн ерөнхий гепатологич Ж.Амарсанаа, Оксфордын Их сургуулийн төгсөгч Ж.Тана нар байлаа.

Илтгэгч МУСТА Г.Ундармаа:
...Нэр төр гэж хүн урдаа тавьсан зорилго, олж авсан мэргэжилдээ үнэнч байх, хийж буй зүйлийнхээ төлөө тууштай бөгөөд чин сэтгэлээсээ хандах хандлагыг хэлэх байх гэж би бодож байна. Тэгэхээр хүүхэд залуус маань нэр хүнд, нэр төртэй байх гэж хэлбэр төдий бүү байгаасай. Хур бороогоор байнга тэтгэгддэг хээр тал зүлэг ногоотой байдгийн адилаар өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд зөв, шударга, чин сэтгэлээсээ л байх юм бол нэр төр хэзээ ч сэвтэхгүй. Ариун цэврийн өрөөнд их таардаг үг байдаг даа “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэж энэ их үнэн үг. Тэгэхээр зөв бай, чин сэтгэлээсээ бай мөн тууштай байгаарай...

“Наран” бүрэн дунд сургуулийн 10-р ангийн сурагч Э.Марал:
Хүн зөвхөн эд баялаг бус эрдэм мэдлэгээр өөрийн баялагийг бүрдүүлж болдог гэдгийг ойлголоо. Үнэхээр үр өгөөжтэй лекц сонслоо. Монгол улсаа яаж хөгжүүлж болох талаар ч эргэцүүлж бодож эхэллээ, өмнө нь энэ талаар тийм ч их зүйл мэдэхгүй сонирхдоггүй байсан.


“Байгаль Эх” лицей ахлах сургуулийн 10-р ангийн сурагч И.Цэнэбат:
Ажил мэргэжлээ зөв сонгох, өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд идэвхтэй тууштай байх хэрэгтэй юм гэдгийг ойлголоо. Би сагсан бөмбөгөөр хичээллэх их дуртай, энэ төрөлдөө илүү тууштай үнэнч байж амжилт гаргахыг хүсч байна. Мөн өөрийн нэр төрийг сэвтүүлэхгүйн тулд өөрийнхөө хэмжээнд эрхэмлэж явдаг гэж боддог шүү. Жишээ нь би муу хүүхдүүдтэй нийлдэггүй, зав чөлөө л гарвал хичээлээ хийхийг эрмэлзэж, өөрийгөө хөгжүүлэхийг боддог.


Туул Ротаракт клубын нарийн бичгийн дарга Э.Буяндарь:
Аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гараг бүрийг "Global Dignity day" буюу "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр” гэж олон улсад тэмдэглэдэг. “Нэр төрөө эрхэмлэх” тухай ойлголтыг бие хүн болж хараахан төлөвшөөгүй байгаа хүүхдүүд, өсвөр үеийнхэнд өгөх зорилготой байдаг. 2013 оноос хойш зохион байгуулж байгаа уг үйл ажиллагаанд ЕБС-ийн ахлах ангийн шилдэг сурагчид болон оролцохыг хүссэн сайн дурын хүүхдүүд, оюутнууд хамрагддаг. Нийт хүүхдүүдэд хүргэхийн тулд бид илтгэлийн бичлэгийг сошиалд тавих, энд ирсэн хүүхдүүд маань очоод ангийнхандаа ойлголт өгөх болно.









#DignityDay #teenagers #youth