Хамгийн өндөр цалинтай ФРИЙЛАНС ажлын байрууд


Миау | YOLO.MN
2021-08-10

Хэрэв чи хэн нэгнээр удирдуулалгүйгээр өдрийн хүссэн цагтаа ажиллахыг хүсдэг нэгэн бол чөлөөт уран бүтээлчийн амьдрал чамд яг тохирно. “Freelancer” гэдэг нь бие даасан ажилтан бөгөөд ихэвчлэн богино хугацааны даалгавар, төсөл гүйцэтгэж, түүгээрээ цалинждаг байна.

Зах зээлд энэ төрлийн ажлын байр цөөнгүй байх бөгөөд чамд ур чадвар нь байх юм бол цалин хөлсийг ч чамгүй авах боломжтой аж. Ингээд мэргэжил сонголтын CareerAddict сайтаас хамгийн өндөр үнэлгээтэй фрийланс ажлын байрыг жагсаасныг хүргэж байна.

МЭРГЭЖЛИЙН НҮҮР БУДАГЧ

Мэргэжлийн нүүр будагчид /makeup artists/ чадвараа илүү олон хүнд таниулж, олон үйлчлүүлэгчтэй болохын тулд мэдээллээ цахим орчинд ойлгомжтой, чанартай байдлаар оруулах шаардлагатай байдаг. 

МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨХ

Маркетингийн зөвлөх гэхээр та бүхэн дунд эргэм насны, томоохон байгууллагуудтай харьцдаг нэгнийг төсөөлж магадгүй юм. Гэвч үнэндээ чамд мэдлэг, ур чадвар, туршлага байвал аль ч хэмжээний байгууллага болон хувь хүнтэй хамтран ажиллах боломжтой. Мөн л өөрийн чадвараа батлахын тулд өмнө нь хамтран ажиллаж байсан байгууллага болон төслийнхөө мэдээллийг цахимд байршуулах шаардлагатай байдаг билээ. 

АУДИО БИЧЛЭГ ХӨРВҮҮЛЭГЧ

Ажлын байрны зах зээл дээр мөн л түгээмэл байдаг чөлөөт ажлуудын нэг бол аудио бичлэгийг текстэн хэлбэр лүү хөрвүүлэгч билээ. Чи үндсэн ажил, хичээлийнхээ хажуугаар хийх боломжтой ажил сонирхож байгаа бол энэ чамд яг тохирно. Хамгийн гол нь чиний сонсох болон шивэх чадвар дунджаас дээр түвшинд байх хэрэгтэй юм шүү.

ЗУРААЧ

Зураг зурах, лого зохиох, график бүтээх ур чадвартай бол чөлөөт уран бүтээлийн ертөнцөд тавтай морил. Энэ төрлийн уран бүтээлчдийн авах хөлс чадварынхаа хэрээр өсөх боломжтой.

ГРАФИК ДИЗАЙНЕР

Аливаа албан байгууллагын вэб хуудас, зурган мэдээлэл болон хэвлэлийн эхийн загварыг гаргадаг график дизайнеруудын ихэвчлэн бие даан ажилладаг бөгөөд тэдний хувьд портфолио хуудас нэн чухал. 

CV БИЧИГЧ

Сүүлийн арван жилд CV бичигчийн эрэлт хэрэгцээ огцом өсжээ. Ажил олгогчдын нүдэнд өөрийн CV-г бусдынхаас онцгой харагдуулна гэдэг хэн бүхний хийж чадах зүйл биш. Тиймдээ ч CV бичигч хэмээх онцгой ажлын байр зах зээл дээр бий болоод ч зогсохгүй ихээхэн эрэлттэй байдаг байна. 

НИЙТЛЭГЧ

Бичих ур чадвар чинь хэр сайн бэ? Өөрийнхөө ур чадварыг сайн гэж үнэлдэг бол нийтлэгч, сэтгүүлчээр ажиллаж болох юм. Сонирхуулан хэлэхэд өсвөр үе, залууст зориулагдсан мэдээ, нийтлэл хүргэгч yolo.mn сайт нь гэрээт сэтгүүлчидтэй хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл чи насанд хүрээгүй байсан ч монгол хэлээр найруулан бичих чадвар сайтай бол ажил, хичээлийнхээ хажуугаар бидэнтэй хамтран ажиллах боломжтой юм.

Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бол weyolo@mongolcontent.mn хаяг руу и-мэйл бичээрэй.

СОШИАЛ МЕДИА ХӨГЖҮҮЛЭГЧ

Мэдээллийн эрин зуунд бүхий л төрлийн үйлчилгээний газар өөрсдийн гэсэн цахим хуудастай болжээ. Мэдээж үйлчилгээгээ тогтмол сурталчлахын тулд олон нийтийн сүлжээнд ч тогтмол ажиллах шаардлагатай тулгардаг. Зарим байгууллагын хувьд энэ ажлын байранд техник технологийн мэдлэг, ур чадвар сайтай залуусыг ажиллуулдаг тул өөрийгөө бага гэж гололгүйгээр ур чадвараа тасралтгүй хөгжүүлээрэй. Сурахынхаа хажуугаар аль нэг байгууллагын сошиал медиа хөгжүүлэгчээр ажиллаж байхыг үгүйсгэхгүй.

ЗУРАГЧИН

Чи гэрэл зураг дарах хосгүй авьяас, туршлагатай нэгэн бол мэдээж энэ чиглэлээр ажиллахад болохгүй зүйл үгүй. Өөрийн ур чадвар, сонирхлоосоо хамааран хөрөг зураг эсвэл баяр ёслолын үйл ажиллагааны зураг дарж болох юм.

ОРЧУУЛАГЧ

Чөлөөт ажлын байрны жагсаалтын дээгүүрт орчуулагч бичигдэнэ. Чи хоёр болон түүнээс дээш хэлийг гаргууд эзэмшсэн бол орчуулагч чамд яг тохирно. Гэхдээ зарим тохиолдолд хэлний мэдлэгийн түвшингээ баталгаажуулах гэрчилгээг үйлчлүүлэгчдээ үзүүлэх шаардлагатай болдог гэдгийг анхаараарай.

ГЭРИЙН БАГШ

Чи аль нэг хичээлдээ гоц сайн авьяастай юм биш биз? Тэгвэл заавал насанд хүрэхээ хүлээлгүйгээр гэрээр багшилж болох юм. Мэдээж хичээл заалгах гэж буй хүнд хангалттай хэмжээний мэдлэг олгох чадвартай гэдгээ батлахын тулд тухайн заах гэж буй хичээлийнхээ төрөлд амжилт үзүүлсэн гэдгээ нотлох гэрчилгээ шаардлагатай байна.

ДУУ ОРУУЛАГЧ

Бурхнаас заяасан хоолойгоо ямар нэгэн зүйлд ашигламааргүй байна гэж үү? Телевизийн зар сурталчилгаа, радио нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино зэрэгт дуу оруулж болох юм.

ВЕБ ХӨГЖҮҮЛЭГЧ

Дээр дурдсанчлан бүхий л байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахимд байршуулдаг болсон үед технологийн салбарынхны эрэлт хэрэгцээ улам л нэмэгдэж байна. Бүгд л өөрсдийн гэсэн веб хуудастай байхыг хүсдэг ч вебсайт бүтээх, код бичих ур чадвартай байх нь ховор учир чамд энэ чадвар байгаа бол урагшаа!

ВИДЕО ГРАФИКЧ

Орчин үед хүмүүс текстэн мэдээлэл уншихаас илүү бичлэг үзэх сонирхолтой болжээ. Өөрөө дүрсээ бичиж, засвар оруулна гэдэг бас л эрэлттэй ур чадвар шүү.

Эх сурвалж: CareerAddict

#Зөвлөгөө #Мэргэжил сонголт #Freelance