YSC: "Y" подкаст №2: Байгаль хамгаална гэдэг САЙХАН


YSC | YOLO.MN
2021-08-09

Дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адуу буюу тахь зөвхөн Монголд байдгийг мэдэх үү? Байгаль хамгаалал гэдэг хүн бүрийн анхаарах чухал сэдэв мөн үү? Энэ болон бусад мэдээллийг "Y" Podcast-ийн хоёрдугаар дугаараас хүлээн аваарай. 


"Y" Podcast-ийн хоёр дахь дугаарыг бид Улаанбаатар хотоос 80 гаруй км зайд байрлах Хустай байгалийн цогцолборт газарт очиж бэлтгэлээ. Подкастын зочноор Хустайн байгалийн цогцолборт газрын судлаач, байгаль хамгаалагч Д.Өсөхжаргал оролцож, хүүхэд залууст тусгай хамгаалалттай газар, зэрлэг ан амьтад, байгаль хамгаалахын ач холбогдлын талаар ярьсан юм.

- Газар нутгийг тусгайлан хамгаалах замаар байгалиа хамгаалах арга техникийг дэлхий нийтээрээ ашигладаг. Тухайн улс орон, байгалийн бүс бүслүүрийн 30 орчим хувийг хамгаалахад төдий тооны амьтдын популяц хамгаалагддаг. Одоогоор дэлхийн улс болгон өөрийн газар нутгийн 30 орчим хувийг хамгаалах зорилготой ажиллаж байна. 

- Түүхэнд бичигдсэнээр бол энэ санаачилга Монгол улсаас эхэлсэн байдаг. 1992 онд Бразилын нийслэл Рио-де-Жанейрод болсон дэлхийн хэмжээний уулзалтаар "Хүн төрөлхтөн хөгжлийнхөө бодлогыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэхгүй бол энэ хэмжээний хүн ам болон хэрэгцээний өсөлтийг дийлэхгүй нь. Тиймээс үүнээс хойш өөрсдийн үйл ажиллагаа болгоноо байгаль орчноо хамгаалахад уялдуулах зүйтэй" гэж шийдвэрлэсэн байдаг. 

- Энэ хуралдаанд оролцсон Монгол Улсын төлөөлөгчид ирээдүйн сайн сайхныхаа төлөө улсынхаа нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг хамгаалалтдаа авъя гэсэн амлалтыг өгч байсан. Тухайн үед дэлхий нийтэд энэ амлалт боломжгүй мэт санагдаж, их гайхаж байсан гэдэг. Ингээд тэр үйл явдлаас хойш Монгол Улс маш богино хугацаанд тусгай хамгаалалттай газрын тоо болон хэмжээгээ нэмж байсан түүхтэй. Одоо бид нар нийт газар нутгийнхаа 20 гаруй хувийг нь хамгаалалтдаа аваад байна. 

"Y" Podcast-ийг Yolo.mn сайт болон Монгол Экологи Төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг “YSC” буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд хамтран хийдэг болно.

Манай подкастад санал хүсэлт уламжлах бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлээрэй.

#Байгаль #Байгаль Хамгаалал #YSC #Yподкаст