ЗАХИДАЛ: "Сүлжээний" ажил хийдэг болохоор ойр дотныхон маань намайг их зэмлэдэг


ССҮТөв | YOLO.MN
2021-08-03

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би "сүлжээний" ажил хийдэг болохоор ойр дотныхон маань их зэмлэдэг.

Сайн байна уу, Би 17 настай. Дараа жил оюутан болно. Оюутан болсон хойноо аав ээждээ санхүүгийн дарамт үзүүлэхийг, мөн айлд эсвэл оюутны дотуур байранд суухгүйн тулд өнгөрсөн сараас ажил хийж эхэлсэн. Хүмүүс ажил хийж байгаа гэхээр "Өө тийм үү, яасан мундаг юм бэ?" эсвэл "Ямар ажил?" гэх мэтээр маш олон асуулт асуудаг. Би "сүлжээний" гэх тодотголтой ажил хийдэг болсон юм л даа. Ажил маань нэлээн ахицтай явж байгаа. 

Би сургуульдаа сурлага сайтай хүүхдүүдийн тоонд ордог. Манай ах, эгч нар хүртэл намайг гайгүй сурлагатайг мэддэг. Хүн болгон миний хийж байгаа ажлыг "луйвар", "хүний тархи угаасан", "тархиа угаалгасан", " наад ажил чинь чиний амьдралд огт хэрэггүй", " юу дутлаа гэж сүлжээ хийдэг юм" гэх мэтчилэнгээр хэлж уулзах, таарах болгондоо намайг доош нь хийдэг болсон. Мөн "хичээлээ огт хийхээ больжээ", " чиний амьдралыг хичээл чинь шийднэ" гэх мэтээр зэмлэнэ. Би арван жилдээ муу сурсан ч баян, хангалуун амьдарч байгаа хүмүүс зөндөө байдаг, сайн сурдаг байлаа ч дунджаас доогуур амьдардаг хүмүүс байдаг, сүлжээгээр хангалуун амьдарч байгаа хүмүүс байдаг, тиймээс хүмүүсийн бодол тийм ч чухал биш гэж боддог ч БУЦААД ГАДУУРХАГДДАГ, ТААРАЛДСАН БОЛГОНДОО ДОРОМЖЛУУЛДАГ, ХУУЧНЫ ТЭР ҮЕ РҮҮГЭЭ ОЧМООРГҮЙ БАЙНА.

Би 5-р ангиасаа хойш ангийнхаа хүүхдүүдэд гадуурхагдаж, доромжлуулж ирсэн болохоор энэ бол миний тэр үеийн (10-р ангидаа өөр ангид орсон болохоор одоо ангийнхан маань надтай үнэхээр сайхан харьцдаг) хажууд юу ч биш гэж боддог хэдий ч үе үе сэтгэл санааны хувьд уналтад орчих юм. Аав ээж маань намайг дэмждэг ч над дээр ирж байгаа тэр их доромжлол, дооглол, зэргийг огт ойшоож үздэггүй болохоор гомдолдоггүй. Найзууддаа ч хэлдэггүй. Арай гэж намайг ойлгодог, хүндэлдэг найзуудтай болсон болохоор алдмааргүй байгаа учраас өөрийнхөө асуудлуудыг тэр болгон найзууддаа хэлдэггүй.

Та бүхэнд хандсан гол шалтгаан маань би яг яахаа мэдэхгүй байна. Ажлаа үргэлжлүүлж хийх, аль эсвэл ажлаа хаяад хичээлээ хийгээд хүмүүсийн хүсээд байгаа дээд боловсролыг эзэмших. Уг нь би ажлынхаа хажуугаар хичээлдээ ч бас анхаардаг. Гэтэл хүмүүс огт мэдэхгүй байж намайг элдвээр хэлээд байх нь надад үнэхээр хүнд тусаад байна. Би яаж өөрийгөө сэргээж, өөртөө итгэлтэй, бусдын хэлсэнд санаа зовохгүй байх вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Эцсийн сонголтыг чи өөрөө л хийнэ. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Эцэг эхдээ санхүүгийн дарамт үүсгэхгүй, бага ч болтугай туслахыг хүсэж байгаа чинь, мөн зүгээр суухгүй ажил хийж байгаа чинь сайшаалтай бөгөөд мундаг байна. Яг ямар сонголтоо хийхээ мэдэхгүй тулгамдаад байгаа бололтой.

Сонголт хийж шийдвэр гаргана гэдэг нь амьдралын туршлагатай холбогддог. Хүн өөрийн туршлага дээрээ тулгуурлаад бусдад зөвлөгөө өгөх хандлагатай байдаг. Хамаатнууд чинь өөрсдийн амьдралын туршлага дээрээ тулгуурлаад сайн гэж бодсон зүйлсээ өөрт чинь хэлж байгаа болов уу. Өөрт чинь муу санаж бодлоо тулгаагүй байх, тэднийг ойлгоорой. Өөрийн чинь болоод бусад хүмүүсийн амьдралын туршлага ондоо. Бусдын саналыг сонсоно гэдэг нь тэдний үгийг шууд дагана гэсэн үг биш. Эцсийн сонголтыг чи өөрөө л хийнэ. Сонголт бүр амархан байдаггүй бөгөөд асуудлын хүрээ хэр чухал байгаагаас шалтгаалж эргэлзээ, гайхшрал, ойлгомжгүй байдал бий болж байдаг. Дахин сайн бодож үзээд шийдвэрээ гаргаарай. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Бага байхдаа ахтайгаа порно үздэг байсан. Нэг л мэдэхэд би порно үзэх дуртай болчихсон байлаа. 

Сайн байна уу? Би 20 настай. Би дээрээ нэг ахтай. Тэр маань надаас зургаан насаар ах. Намайг 5, 6 настай байхад ах маань найзтайгаа байнга порно үздэг байсан. Би тиймэрхүү юм мэддэггүй байсан болохоор юу гэдгийг нь ч мэдэхгүй хамт үздэг байсан. Гэтэл нэг мэдэхэд бүр үзэх дуртай болчихсон. Бүр 14 настай байхдаа өөртөө гар хангалга хийх гэж оролдсон гээд л бод. Ингээд сургуулиа төгсөх үед тиймэрхүү зүйлсээс жигшдэг болсон. Бодох төдийд л бөөлжмөөр. Ерөнхийдөө asexual болсон. 

Харин найз залуу маань намайг хүсэхэд би зөвшөөрөөгүй. Бүхэл бүтэн гурван жил үерхчихээд өөртөө огт ойртуулахгүй байгаад тэр байнга гомдолдог. Би ганц удаа итгээд үзэх үү? Тэр надаас салах байх даа? Бас миний ийм болсон шалтгаан юу юм бол? 

ЗӨВЛӨГӨӨ: Үүнд ичмээр зүйл огт байхгүй.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захиан дээр бичсэн асуудлуудад чинь ичмээр зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Цахимаар захиа хүлээж авч байгаа тул өөрийн чинь бэлгийн чиг баримжааны талаар шууд ийм тийм гэсэн хариу өгч чадахгүй нь, ойлгоорой. Бэлгийн чиг баримжаагаа илүү сайн ойлгож, мэдэрмээр байгаа бол сэтгэл зүйч дээр биечлэн цаг авахыг хүсэж байна. Өөрийгөө илүү сайн ойлгож таньж мэдэх нь чухал. Асекс байсан ч үүнд буруу зүйл огт байхгүй. Бэлгийн дотно харилцаа хүн бүрийн сонголт. Хүсэхгүй үедээ хүчээр мэт бэлгийн харилцаанд орох нь эргүүлээд өөрийг чинь улам хэцүү байдалд оруулах эрсдэлтэй. Үнэхээр чи хэн нэгнээс бэлгийн дур хүсэл мэдрэхгүй байгаа бол итгэлцэл бий болох боломжтой юу? Эргүүлээд энэ бэлгийн харилцаанаас сайхан мэдрэмж авах уу?

Өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ найз залуудаа илэрхийлээрэй. Мэдээж ярилцаж үзээд өөрт чинь итгэл төрвөл сонголтоо хийж болно. Өөрийгөө хүчилснээр өөрийгөө улам хүнд байдалд оруулах тул, өөрөө өөртөө зөөлөн хандаарай.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Би өөрийгөө хүүхэд гэж боддог ч хэн ч намайг хүүхэд гэж харахгүй, хүний ёсоор харьцахгүй юм.

Сайн байна уу? Би 19 настай, эмэгтэй. Би 15 настайгаасаа хойш аавынхаа эгчийн хувийн байгууллагад нь ажиллах болсон. Аав ээж хоёр маань тэнд ажиллахыг шаардсан юм. Эхэндээ ч таалагддаг л байлаа. Гэхдээ тэр жилээс эхлээд надаар маш хүнд ажил хийлгэж гэрээ цэвэрлүүлэх болсон. Тэр үед би жоохон байсан болохоор дуугүй л хийдэг байлаа. 

Энэ зун ч би ажилласаар л байна. Өөр газар ажиллах гэхээр ээж аав маань зөвшөөрдөггүй. Мөнгө хэрэгтэй болохоор л тэвчээд ажиллаж байна. Аав маань энэ ажлыг хийх надад маш хэцүү байгаа гэдгийг ойлгодоггүй. "Ах дүүсийн хооронд асуудал болно, наад ажлаа л хий" гэдэг. Энэ үг надад маш хүнд тусдаг. Би багасаа хүүхэд асрагчаар өссөн болоод ч тэр үү, аав ээжийн хайрыг бага мэдэрсэн. Орой болгон уйлж, аав ээжээсээ их айдаг. Найз нөхөдтэйгөө уулзах боломж ч өгдөггүй. Яавал би өөртөө итгэлтэй амьдрах вэ? Хэн ч надтай хүний ёсоор харьцахгүй юм. Уул нь би өөрийгөө хүүхэд гэж боддог ч хэн ч намайг хүүхэд гэж харахгүй юм. 19 настай ч аав ээж, ах эгчдээ хүүхэд шиг харагдаж хайрлуулмаар байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө ойлгуулахын тулд нэг биш олон удаагийн оролдлого хийх шаардлага гарч магадгүй.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Гэр бүлийн нөхцөл байдлаасаа болоод хүсээгүй ажлаа хийж байна гэж ойлголоо. Энэ ажлыг хийхийг хүсэхгүй байгаа гэдгээ аавдаа илэрхийлсээр байгаарай. Эхний ээлжинд өөрийгөө илэрхийлэхдээ нөхцөл байдлыг ажиглаарай. Өөрийн санал хүслээ илэрхийлэх үедээ хоолойн өнгөө хянахыг хичээгээрэй. Ууртай, түрэмгий байдлаар бодлоо хэлэх нь эсрэг талын хүн буруугаар ойлгоод хэрүүл болох эрсдэлтэй байдаг. Намайг ойлгохгүй байх, сонсохгүй байх гэж бодсоноосоо болж өөрийгөө гэрийнхнээсээ тусгаарлаад байгаа бололтой. Өөрийнхөө бодлыг хэлэхгүй бол бусад хүмүүс мэдэхгүй шүү дээ. Магадгүй өөрийгөө ойлгуулахын тулд нэг биш олон удаагийн оролдлого хийх шаардлага гарч магадгүй. Тэр болгонд битгий бууж өгөөрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Сэтгэлээ илчилмээр байвч намайг намхан гэдгийг мэдээд яах бол гэхээс айж байна. 

Би 22 настай, эрэгтэй. Хавар хичээл онлайнаар үзэхэд нэг охин надад маш их таалагдсан юм. Тэгээд тэр охинд сэтгэлээ илчлэх гэсэн боловч нэг удаа ч харж байгаагүй хүн нь тийм юм яриад унахаар таалагдахгүй байх болов уу гэж бодсон. Бас би их намхан болохоор өндрийг маань хараад яах бол гэхээс айгаад сэтгэлээ илчилж чадахгүй байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Бид хэнд, хэзээ, хаана сэтгэл алдрахаа шийддэггүй. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хайр сэтгэл бол зорилгогүй зүйл бөгөөд хүн хэнд, хэзээ, хаана сэтгэл алдрахаа шийддэггүй. Үүнтэй адил хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулахад гадаад үзэмж нэн тэргүүний зүйл биш юм. Хэн нэгэнд сэтгэлээ илэрхийлэх сонголт бидэнд байгаатай адил тэдэнд бас зөвшөөрөх эсвэл татгалзах гэсэн сонголт байгааг ойлгоорой. Нэг үгээр тэрний сонголт ямар ч байсан шийдвэрийг нь хүндлээрэй. Захиан дээр нэг ч удаа харж байгаагүй хүн сэтгэлээ илчилбэл тухгүй байдалд орох байх гэсэн байна. Үүгээрээ өөрөө нөхцөл байдлыг мэдэрч байгаа бололтой. Бага багаар алхам хийж байгаад сэтгэлээ илэрхийлэх нь нөгөө хүнийхээ хувийн орон зайг хүндэлж байгаагийн илрэл юм. Өөрөө яарах нь дэмий гэдгийг мэдэж байгаа бол яарах хэрэг байхгүй болов уу? Ямар ч шийдвэр гаргасан энэ бол өөрийн чинь сонголт юм шүү. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
 


АСУУДАЛ: Үеийнхэн дундаа нээлттэй, өөрөөрөө байх хэцүү санагддаг.

Сайн байна уу? Би 16 настай. Энэ нас бол хүний амьдралын хамгийн сайхан, нээлттэй нас. Гэхдээ миний хувьд бол өөр. Үеийнхэн дундаа нээлттэй, өөрөөрөө байх хэцүү санагдаж байна. Хичээлдээ явдаг байх үед хэн нэгэн намайг хүчээр суулгаад байгаа юм шиг эвгүй санагддаг байсан. Одоо бол арай дээр байна. Надад ер нь ангийнхантайгаа гадуур хамт явж байсан үе байхгүй. Тэд намайг тоохгүй байх даа гэж боддог. 

ЗӨВЛӨГӨӨ: Оролдлого хийж байж хүссэн амьдралынхаа хэв маягийг бий болгож чадна. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийгөө хөгжүүлж, бусадтай нээлттэй харилцах гэж эрмэлзэж байгаа чинь сайн байна. Бусадтай нээлттэй харилцахыг зөвхөн насаар хязгаарлаж бодож болохгүй шүү. Хүний амьдралын аль ч насанд бусадтай харилцах чадвар шаардагддаг. Бусадтай нээлттэй харилцахын тулд өөрт чинь туршлага хэрэгтэй. Туршлага их байх тусам чадвар сайн хөгжсөн байдаг. Өөрийн таньдаг хүмүүсийнхээ мэнд усыг түрүүлж асууж, ойр дотны хүмүүстэйгээ чөлөөтэй ярилцаад үз. Ингэснээр хүмүүстэй шинээр танилцахад өөрийн чинь хаалттай байдал багассан байх болов уу.

Бусдаас түрүүлж алхам хийхийг хүлээхээс илүүтэй өөрөө бага багаар түрүүлж зоригтойгоор алхам хийгээрэй. Мөн өөрийн хүсээд байгаа нөхцөл байдлаа биелүүлж туршиж болох боломжтой нийгмийн хүрээлэлд ороорой. Шинээр сургалтад суух, өөрийн насанд тохирсон нийтийн үйл ажиллагаанд оролцож үзэх гэх мэтээр шинэ зүйлс туршиж үзээрэй. Оролдлого хийж байж өөрийн хүссэн амьдралын хэв маягийг бий болгож чадна. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Надтай дотно харилцаанд орохын тулд л харьцаж байсан юм шиг...

Би 18 настай, эмэгтэй. Сүүлд нэг залуутай танилцаад, харьцаж байгаад бэлгийн харилцаанд орсон. Энэ миний хувьд анхных байсан. Харилцаа маань эхлээд удаагүй байсан болохоор тэр хүн надтай зөвхөн дотно харилцаанд орохын тулд л харьцаж байсан мэт санагдах болсон. Ингээд харилцаагаа дуусгатал тэр хүн миний араас зууралдахгүй, хоёр талдаа эцэслэсэн. Гэсэн ч байнга бодогдоод, өөрийгөө буруутгаад, үнэ цэнгүйгээр мэдрээд байна. Өөрт мэдрэгдэж байгаа зүйлээ илэрхийлж чадахгүй, яриад уйлж чадахгүй бачимдаад нэг л хоосон байна. 

ЗӨВЛӨГӨӨ: 10 эмэгтэй тутмын 6 нь бэлгийн харилцаанд орсны дараа "ашиглуулсан" мэдрэмж авдаг гэсэн судалгааны үр дүн бий.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрт тулгараад байгаа мэдрэмжээ захиагаар ч болтугай бичсэн чинь сайн хэрэг. Бэлгийн харилцааны дараах сэтгэл гутрал их түгээмэл зүйл бөгөөд энэ нь зөвхөн өөрт чинь мэдрэгдсэн мэдрэмж биш юм шүү. Судалгаагаар 10 эмэгтэй тутмын 6 нь бэлгийн харилцаанд орсныхоо дараа "ашиглуулсан" мэт мэдрэмж авдаг гэсэн үр дүн бий. Мөн бэлгийн харилцааны оршил болоод өрнөл үед хүний тархинд их хэмжээний допамин буюу сайхан мэдрэмж төрүүлэгч гормон ялгардаг.

Бэлгийн харилцааны дараах уг гормоны хэмжээ маш өндөр түвшингөөс огцом буурдаг тул бидний сэтгэл санаа тогтворгүй болдог. Энэ нөхцөл байдал зөвхөн эмэгтэй хүмүүс биш эрэгтэй хүмүүст ч ялгаагүй мэдрэгддэг. Мөн бэлгийн харилцаанд орохоосоо өмнө хамтрагчтайгаа сайн ярилцаж, өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ илэрхийлж байгаарай. Өөрийн чинь хувьд анхны удаа байсан тул илүү мэдрэг хандаж байгаа болов уу. Гүнзгий амьсгаа аваад өөрийгөө тайвшруулаад, би үнэ цэнэтэй нэгэн гэж өөртөө хэлж сануулаарай.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
 


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter