Бид өмнөх удаад 13 настайдаа олимпын аварга болсон япон тамирчин Момижи Нишияагийн тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр "Токио-2020" олимпын хамгийн залуу тамирчны тухай мэдээллийг хүргэж байна.
Ердөө 11 настайдаа олимпод оролцох эрх авч, дараа жил нь том том ах, эгч нартай хүч үзэн тулалдах болсон энэ охиныг Хенд Заза (هند ظاظا) гэдэг. Тэрээр олимпод ширээний теннисний ганцаарчилсан төрлөөр оролцсон юм.
Хенд Абдул Рауф Заза нь 2009 оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд хүн амаараа Сири улсдаа дөрөвт ордог Хама хотод төрсөн. Яг л Момижигийн адилаар Хенд Зазагийн ширээний теннисийг сонирхох үндсийг ах нь тавьж байжээ. Тэр ахыгаа дагаад ердөө таван настайдаа ширээний теннис тоглож эхэлсэн гэдэг.
Олон улсын ширээний теннисний холбооноос 2016 онд Катар улсад зохион байгуулсан “Hopes Week and Challenge” хэмээх багачуудын тэмцээнд Хенд Заза ахтайгаа хамт оролцсон бөгөөд түүний амжилтын замнал эндээс эхэлсэн гэж үзэж болох юм. Тухайн үед маш олон мэргэжилтний хараанд өртөж, чамгүй үнэлэгдсэн түүнийг эцэг эх нь Сиридээ дээгүүрт бичигдэх Аль-Мухафазагийн клубт албан ёсны тамирчнаар бүртгүүлэн элсүүлсэн нь нүдээ олсон хэрэг болов.
Түүнийг таван настай байхад төрсөн ах Обайда нь үндэсний аварга болж, түүнийг сэдээж өгсөн гэдэг. Хичээнгүйлэн суралцсаны үр дүнд өнгөрсөн жил Йорданд болсон зүүн Азийн бүсийн олимпын эрх шалгаруулах тэмцээнд Ливан улсын 42 настай тамирчныг бут цохин ийнхүү нас залуудаа дэлхийн дэвжээнд гарах эрхээ авсан байна. Мөн Хенд маань Сири улсаас ширээний теннисний төрөлд эрх авсан анхны тамирчин гэдгээрээ онцлог.
Харамсалтай нь түүний олимпын анхны бөгөөд сүүлийн тоглолт амжилтыг эс олов. Эхний дөрвөн үед 11-4, 11-9, 11-3, 11-5 харьцаатайгаар ялагдал амсаж Токио дахь тоглолтоо өндөрлүүллээ. Түүний энэхүү томоохон тэмцээний өрсөлдөгч Австрийн Лиу Жиа тоглолтынхоо дараа “Залуу байхад ялагдахад ичмээр байдаг. Өчигдөр охиндоо “Ээж нь чамаас хоёроор эгч охинтой тоглоно” гэж хэлэхэд манай охин “Та тэгвэл хожигдчихооч” гэсэн шүү. Би охиндоо “Ээжийгээ битгий тэгж хүчлээрэй” гэж хариулсан” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Тийм ээ, энэ бол спорт маш үнэн шударга байх ёстойг харуулсан жишээ. Хэдийгээр залуу тамирчин энэ том тэмцээнд оролцож байгаа нь сайшаалтай ч залуу тамирчин гээд албаар хожигдож, хуурамчаар дэмжих бус, жинхэнэ хатуу өрсөлдөгч байж түүнийг хурцлах нь юутай зөв билээ.
Харин Хенд Заза “Би тоглохоо болихгүй. Ширээний теннис бол миний амьдрал. Би өөрт гарсан бүхий л чөлөөт цагаа ширээний теннис тоглож эсвэл шинэ арга техник сурч өнгөрүүлдэг. Би ирээдүйд дэлхийн аварга болохын тулд, мөн хажуугаар нь эм зүйч эсвэл хуульч болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд маш их хичээнэ ээ” хэмээжээ.
Түүний Инстаграм хаягаар зочлох бол ЭНД дараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх