Ж.Энхбат: Монголд өмнө зохиогдож байгаагүй чанартай кино уралдаан боллоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2021-07-20

Тоёота Сэйлс Монголиа ХХК-иас Тээврийн цагдаагийн алба болон Монгол Контент ХХК-тай хамтран зохион байгуулсан "Аюулгүй, Аз жаргалтай" богино хэмжээний кино уралдааны ялагчид шагналаа гардан авлаа.

Шагнал гардуулах үйл ажиллагааг нээн Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүо Оүчи "Гэр бүлийн аз жаргалын үндэс суурь нь аюулгүй байдлаас үүдэлтэй. Иймд манай компани Монголд зөвхөн аюулгүй найдвартай автомашин нийлүүлэхээс гадна аюулгүй байдал маш чухал гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорьсон. Ирсэн бүтээлүүд сэтгэл хөдөлгөм сайн бүтээлүүд байлаа. Тавьсан зорилгодоо ч тодорхой хэмжээгээр хүрсэн. Цаашдаа уламжлал болгон зохионо гэж найдаж байна" гэв.

Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүо Оүчи

Харин уралдаанд шүүгчээр оролцсон Тээврийн цагдаагийн албаны дэд хурандаа Ж.Энхбат "Ийм уралдаан өмнө нь зохиогдож байгаагүй. Монголд байгаа эрсдэлийг харж эмзэглэж явдаг хүмүүсийг хамруулснаар тэдний олон талын санааг сонсох боломж олддог юм байна. Олон хүн бодож сэтгэж байгаа учир өөр өнцгөөс нь харж хийжээ. Уралдааныг дараагийн удаа бусад сэдвүүдээр зохион байгуулах хэрэгтэй юм байна гэсэн санаа төрлөө. Цаашид сайн хийсэн кинонуудыг олон нийтэд нөлөөлөл үзүүлэх зорилгоор ашиглах бодолтой байна" хэмээлээ.

Уралдаанд нийт 29 бүтээл ирсэн бөгөөд

- Найруулагч Д.Золбаяр
- MONGOL Films Distribution ХХК-ийн захирал, продюсер, шүүгч Н.Цогтбаяр
- МУСТА, жүжигчин, U-Films студийн захирал, найруулагч Г.Ундармаа
- Тээврийн цагдаагийн албаны Дэд хурандаа Ж.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажилласан юм.

Уралдааны тэргүүн байранд Ч.Билгүүн "Дүрэм 3.1.3" бүтээлээр шалгарсан. Тэрээр бүтээлийнхээ талаар "Эхнэр маань гэртээ хүүхдүүдээ харж олон жил болсныхоо дараа анх удаа кино зохиол бичээд энэ тэмцээнд оролцсон. Иймд эхнэртээ мөн баяр хүргэе. Киноны гол санаа нь ямар ч хүн жолооны ард суусан бол жолооч болно гэдгийг ойлгуулах байв. Нэрийн хувьд жолооны дүрмийн 3.1.3-т жолооч гэж хэн бэ гэдгийг гаргаж өгсөн байдаг" гэв.

Уралдааны тэргүүн байранд Ч.Билгүүн "Дүрэм 3.1.3" бүтээлээр шалгарсан

"Элч" бүтээлээр II байранд орсон Д.Эрдэнэбулган "Уралдаанд оролцож байгаа хүмүүсийн нийтлэг сэтгэж байгаагаар хийхгүйг хичээсэн. Богино хэмжээний кинонд хамгийн хэцүү зүйл нь дүр гаргах байдаг. Иймд жүжигчин нь их чухал байсан. Автомашины осол гэдэг зүйлийг харуулах гэхээс илүү түүний эргэн тойронд юу болдгийг харуулахыг хүссэн" хэмээсэн.

"Элч" бүтээлээр II байранд орсон Д.Эрдэнэбулган

Тэмцээний ШАГНАЛЫН САН

- ТЭРГҮҮН БАЙР: 10 сая төгрөгийн эрхийн бичиг
- II БАЙР: 7 сая төгрөгийн эрхийн бичиг
- III БАЙР: 4 сая төгрөгийн эрхийн бичиг
- ТУСГАЙ БАЙР: 2 сая төгрөгийн эрхийн бичиг

Тэмцээний шүүгч, найруулагч Д.Золбаяр

Тэмцээний шүүгч, найруулагч Д.Золбаяр "Кино урлаг бол соён гэгээрүүлэх, сурталчлах урлаг. Үүнийг зөвөөр ашиглаж хүмүүсийн амьдралын аз жаргалыг харуулахыг зорьсон та бүхэнд баярлалаа. Олон кино бүтээл ирсэн. Залуус энэ урлагт дуртай байгаа нь харагдсан. Сайн бүтээлүүд ирсэн тул шүүж байхад урамтай байсан. Цаашид улам олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна. Дийлэнх нь сонирхогчийн бүтээл байсан ч сайн кино олон байсан. Гэхдээ сонирхогчдыг бид үгүйсгээгүй. Учир нь хэн ч шууд мундаг кино хийгээд тодрохгүй шүү дээ. Тиймээс сонирхогчдод туршлага болсон уралдаан боллоо. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байгаасаа гэсэн санаа нийтлэг ажиглагдсан. Энэ нь зайлшгүй" хэмээсэн юм.

Нэг амьдрал бүтээлээр III байранд шалгарсан Б.Батдэлгэр

Нэг амьдрал бүтээлээр III байранд шалгарсан Б.Батдэлгэр "Хүн болгоны амьдрал ижилхэн. Хүн бүрийн хувьд аз жаргал баяр хөөр бий. Надад тохиолдсон зүйл өөр хүнд тохиолдох боломжтой. Бүгд аз жаргалынхаа төлөө яардаг. Гэтэл зам дээр гараад яарсны улмаас осол үүсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд аюулгүй байдлаа сайн хангах ёстой гэсэн санааг гаргахыг хичээсэн" гэв.

Шүүгч, MONGOL Films Distribution ХХК-ийн захирал, продюссер Н.Цогтбаяр "Бидний нэг алдсан зүйл нь зорилгоо гүйцэд ойлгуулаагүй юм шиг санагдсан. Улмаар ихэнх нь үхэл ирээд, түүнээс сэргийлэх гэсэн санаа гаргасан байсан. Миний хувьд уралдааны зааврын дагуу хянаж, хамгийн гол нь кино болж чадаж уу гэдгийг нь харсан. Зарим бүтээл нь нэвтрүүлэг, уриа маягтай болсон байсан. Төсөөлж байсанчлан 20 гаруй бүтээл ирсэн ба мэргэжлийн хүмүүс цөөн оролцсон" хэмээсэн.

Уралдааны тусгай байранд орсон Э.Мөнхбат "Энэ бол миний..." бүтээлээр оролцсон

Уралдааны тусгай байранд орсон Э.Мөнхбат "Энэ бол миний..." бүтээлээр оролцсон ба ихэнх гүйцэтгэлийг нь ганцаараа хийсэн аж. Тэрээр "Гол нь аюулгүй байдлаа хангаж явах хэрэгтэй гэдгийг харуулахыг хүссэн. Долоо хоногийн хугацаанд ганцаараа бүтээсэн. Миний хувьд оролцож байгаа анхны тэмцээн бөгөөд анимейшнаар суралцдаг. Цаашлаад анимейшн, кино урлагаар амжилтад хүрэхийг зорьж байна" гэв.

#Мэдээ #АюулгүйАзЖаргалтай #Toyota