Б.Баттөр: Ирээдүйд бүтээх бүх амжилтаа сайн үйлсийн аянаар бусадтай ХУВААЛЦАНА


О.Хандмаа | YOLO.MN
2021-07-23
Гэрэл зургийн Б.Баттөрийн Инстаграм хуудсаас авав.

Ангууч буюу Б.Баттөр "Ододтой бүжиглэе" шоуны шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан. Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хандивын мөнгөнд дахин 50 сая төгрөгийг нэмж, нийт 100 сая төгрөгөөр хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төвд Жюү жицү бие хамгаалах урлагийн заал, талбай бүхий бүрэн тохижуулсан клубийг байгуулж, өнөөдөр нээлтийг хийлээ.

ЭНЭ ЗААЛНААС ИРЭЭДҮЙН ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГУУД ТӨРӨХ БОЛТУГАЙ

Нээлтийн арга хэмжээний үеэр Б.Баттөр “Өнөр бүл” төвд амьдарч буй хүүхдүүдэд хандаж “Ах нь энэ заалнаас хэзээ ч холдохгүй. Та бүхэнтэй хамтдаа бэлтгэл хийж байх болно. Хэзээ ч битгий шантраарай. Намайг зургаан настай байхад аав, ээж хоёр маань салсан. Өсвөр насны хүү байхад аав маань өөд болсон. Би өсвөр наснаасаа л маш олон зүйлийг туулж ирсэн. Тиймээс та бүгдийг ойлгох ах чинь би байх болно гэдгийг хэлмээр байна. Энэ заалнаас ирээдүйн олимп, дэлхийн аваргууд төрөх болтугай” хэмээсэн юм.

БИЧЛЭГ:

Түүнчлэн тэрээр “Өнөр бүл” асрамжийн газарт өмнө нь сайн үйлсийн аян зохион байгуулан ирж байсан. Өнөөдөр харин өөрийнхөө нэр дор Жюү жицүгийн клуб байгууллаа. “Өнөр бүл” бол хүүхдүүдийн хувьд гэрээс нь ялгаагүй газар. Энэ газрыг өргөжүүлж байгаадаа баяртай байна.

Спорт гэдэг хүүхдийн хөгжилд ямар том нөлөөтэйг бид бүгд мэднэ. Өнөөдөр олимпын нээлт болж буй энэ өдрийг тохиолдуулан клубийнхээ нээлтийг хийсэн. Бидний ажлыг дэмжсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Хүмүүс хүүхдэд тусална гээд чихэр, жигнэмэг, ундаа авч өгдөг. Үүний оронд хүүхэдтэй ярилцах, дотоод ертөнцийг нь мэдэх зэргээр бодитой, үлдэцтэй тус хүргээсэй гэж хүмүүсийг уриалмаар байна. Хүүхдүүдийг нэг өдөр амттанаар баярлуулчхаад алга болох биш, хамтдаа байх сайхан мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Би “Өнөр бүл”-ийн хүүхдүүдтэй үргэлж сэтгэлээрээ хамт байх болно.

Би багаасаа л хүнд туслах дуртай байсан. Бусдыг баярлуулах мэдрэмжид дуртай учраас ирээдүйд хийж бүтээх бүх амжилтаа сайн үйлсийн аянгаар бусадтай хуваалцана” хэмээсэн юм.

#Мэдээ #Спорт #Жюү Жицү #Ангууч