ЗАХИДАЛ: Хааяа дүүтэйгээ маргалдахад өөдөөс ХАРААЛЫН ҮГС урсгадаг


ССҮТөв | YOLO.MN
2021-07-24

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би гурван дүүтэй, айлын том охин. Тэдэндээ хайртай ч надад МАШ ТОМ дарамт болдог. 

Би гурван дүүтэй, айлын том охин. Түрүү жил намайг 15 нас хүрэхтэй зэрэгцээд бага дүү маань төрсөн. Энэ нь надад бага зэрэг дарамт болсон. Би дүү нартаа хайртай ч тэд надад маш том дарамт болдог. Ялангуяа нас ойролцоо (7нас, 4нас, 10сар) болохоор үнэхээр хэцүү. Гэртээ гурван дүүгээ харах, гэрээ цэвэрлэх, хоол хийх гэх мэт хамаг ажил нуруун дээр минь буудаг. Гэтэл би хоёр жил сураад л төгсөх гэж байна. Төгсөх дөхөх үед хийх хичээл олон байхад дээрх шалтгаанаас болоод хичээлээ огтхон ч давтаж чаддаггүй. Тэрнээс гадна 12-р ангиа төгсөөд Япон руу сурах хүсэлтэй болохоор хэлний хичээлүүдээ ч нэмэлтээр үзэх хэрэгтэй.

Гэтэл эцэг эх маань намайг гадаад явуулахыг хүсдэггүй. Аав бүр миний сонгосон мэргэжлийг ч гоочилж, намайг МСҮТ юм уу, коллежид ор гэж шахдаг байсан ч багш ятгаж өгснөөр анги дэвшиж суралцсан боловч намайг миний хамгийн дургүй мэргэжлээр сургахыг хүсдэг. Харин ээж маань намайг огтхон ч ойлгодоггүй. Эмэгтэй хүүхэд болохоороо ээжтэйгээ ярилцахыг илүүд үздэг ч өөдөөс өнөө л "Олон юм битгий ярь, намайг бага байхад..." гэх мэт үгсээр дайрах нь үнэхээр хүнд тусдаг.  Би айлын том охин, гурван дүүдээ эгч нь, удахгүй төгсөх ангийн сурагч. Энэ бүхэн нийлээд надад маш хүнд ачаа шиг санагддаг.

ЗӨВЛӨГӨӨ: Дарамт гэж бодох тусам чамд улам л ачаа шиг санагдана.

Сайн уу? Өдрийн мэнд. Дүү нараа асрах, хичээлээ хийх гээд олон зүйлсийг зэрэг амжуулах чамд хүндрэлтэй байгааг төсөөлж байна. Ээжтэйгээ ярилцах гэж хичээж байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ аливаа зүйлийг өөрчлөхийн тулд олон удаагийн оролдлого, цаг хугацаа шаардлагатай байдаг. Үүнтэй адилаар харилцааны асуудлыг шийдэхийн тулд чамаас тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаардана. Ээжтэйгээ ярилцах гэж хичээдэг гэсэн байна. Яаж хичээдэг вэ? Өөрийгөө хэрхэн илэрхийлдэг вэ? Яриагаа эхлэхдээ ямар өнгө аясаар эхэлдэг вэ? гэх мэт жижигхэн боловч эдгээр зүйлс ярилцлага амжилттай байх уу, үгүй юу гэдэгт нөлөөлдөг. Ярианы хэлбэр чинь үргэлж гомдолсон өнгө аястай байвал ойлголцоход хүндрэл үүсдэг. Жишээ нь “би л дүү нараа хардаг”, “надад хичээл хийх цаг алга” гэх мэт. Харин ээжтэйгээ ярилцахдаа “надад…. санагдаж байна” гэдэг өгүүлбэрийг ашиглаж, шийдэлд төвлөрч ярихыг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл эхлээд мэдрэмжээ зөв илэрхийлээд дараа нь яавал энэ асуудлыг шийдэж болох вэ? Эсвэл багасгаж болох вэ гэдгийг ярилцах юм. Захидал бичээд ээждээ өгсөн ч болно.

Мөн дүү нар нь дарамт болж байна гэдэг сөрөг бодлоо өөрчлөхийг хичээгээрэй. Дарамт гэж бодох тусам чамд улам л ачаа шиг санагдана. Бодлоо өөрчиллөө гээд бодит байдал шууд өөрчлөгдөхгүй ч чиний сэтгэл санааны байдалд чухал нөлөөтэй юм шүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Надад төрдөг мэдрэмжийг нэг хүн "anxiety" гэж тайлбарласан. Тэр хүн мэргэжлийн сэтгэл судлаач биш ч энэ талаар их судалдаг.

Би 16 настай, эмэгтэй хүүхэд. Надад хэдэн жилийн өмнөөс гэнэт гэнэт их хачин мэдрэмж төрдөг болсон. Эхэндээ зургаан сард ганц удаа гэх мэт цөөн давтамжтай төрдөг байсан ч жил ирэх тусам зай нь ойртож, сард эсвэл хоёр сард нэг удаа болсон. Яг ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр:

Миний сэтгэлзүйд нөлөөлөх юу ч болоогүй, тайван байх үед гэнэт амьсгаадаж, санаа зовох зүйл байхгүй байхад юунд ч юм санаа зовж, сэтгэл хөндүүрлэж, хэн нэгнээр дутаж, хэдий том өрөөнд байгаагаа мэдэж байгаа ч давчуу жижигхэн хүчилтөрөгчгүй айдас дагуулсан өрөөнд гацчихсан мэт болж шууд л гарахыг хүсэж, ухаан санаа балартаж байгаа мэт юу болж байгааг ойлгохоо больж, өөрийгөө хянаж чадахгүйд хүрч, цаанаасаа л нулимс асгардаг. Бас саяхнаас ухаан санаа орж гардаг болсон. Дөнгөж саяхан 4-5секундын өмнө гэх мэт. Эсвэл өчигдөр орой болсон зүйлийг огт санадаггүй. Нэг юм хийж байснаа яг юу хийгээд байгаагаа гэнэт гайхаж ухаан санаа орж гарч байгаа мэт мэдрэмж төрөх болсон. Бас дээр дурдсан үйл явдал болж уйлсны дараа юу ч болоогүй, уйлаагүй юм шиг мэдрэмж төрж, зарим үед уйлснаа мартаж инээгээд босоод явах нь ч бий. 

Нэг хүн надад үүнийг "Anxiety” гэж хэлсэн. Тэр мэргэжлийн сэтгэл судлаач биш гэхдээ тиймэрхүү зүйлс уншиж судлах дуртай. Тэр надад энэ нь өөрийгөө голох, дутуу үнэлэх, намайг ойлгох нэгнээр дутсанаас үүдэлтэй гэж хэлсэн.

Энэ нь надтай яг таарсан. Би багаасаа л өөрийгөө голдог байсан. Яаж ч хичээсэн хангалтгүй мэт санагддаг. Үргэлж миний зөв байж, үргэлж төгс байхыг эрмэлзэж, юу ч хийсэн түүнийгээ голж, үүнээс илүүг хийх ёстой мэт хэзээ ч хийсэн зүйлдээ сэтгэл ханаж байгаагүй. Өөрийнхөө гадаад төрхийг ч мөн адил голдог. Царайлаг хүн байвал түүн шиг дүр төрхтэй болохыг хүсэж өөрийгөө хэзээ ч би бол би гээд хүлээн зөвшөөрч байгаагүй. 

Бас бага байхад аав ээж ажил ихтэй байдаг байсан учраас би дүү нараа харж, хоолоо хийж гэрээ цэвэрлэдэг байсан. Ичимхий болохоор найз нөхөдтэй байгаагүй. Хамаатныхаа ганц охинтой л найзалдаг байсан. Би үргэлж ганцаараа мэт санагддаг байсан. Надад хэн ч байхгүй мэт. Хэнтэй ч үүнийхээ тухай ярьж байгаагүй. Үүнээсээ болж байнга шахуу уйлж уцаарлаж байдаг байсан байх. Бас би багын л хэт ууртай хүүхэд байсан.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө оношлох гэж бүү яараарай. 

Сайн уу? Өдрийн мэнд. Юун түрүүнд өөрийгөө оношлох гэж бүү яараарай. Хэдэн жилийн өмнөөс гэдэг нь яг хэдэн жилийн өмнө вэ? Тухайн үед юу тохиолдсон бэ? Хачин гэж нэрлэж буй мэдрэмж төрөх үед хэн нэгэн хажууд нь байдаг уу? Ганцаараа байх үед нь ийм мэдрэмж төрдөг үү? Юу болохоос айж байна вэ? Эсвэл хүмүүс чамайг анхаараасай, сонсоосой, ойлгоосой гэж хүсэж байна уу?

Одоо өдөр тутамдаа хэр хүмүүстэй харилцдаг вэ? Өөрийнхөө мэдрэмжийг бусадтай хэр хуваалцдаг вэ? Найзуудтайгаа хэр дотно вэ? Аав ээждээ энэ талаараа хэлсэн үү?

Дээр дурдсан өөрийгөө оношлох гэж бүү яараарай гэдгийг дахин хэлье. Мэргэжлийн хүнд хандаагүй хэр нь өөрийгөө ийм тийм гэж шошго зүүх нь улам үнэхээр тийм юм шиг санагдаж эргэлзүүлдэг. Хамгийн эхлээд бусадтай харилцах харилцаагаа илүү идэвхтэй болговол ямар вэ? Найзуудтайгаа чат бичдэг бол илүү утсаар ярихыг бодоорой. Аав ээждээ энэ талаараа хэлж тусламж хүсээрэй. Сэтгэл судлаачтай биечлэн уулзах нь асуудлыг нарийн тодорхойлоход туслах юм шүү. Хэрвээ хүсвэл дээрх асуултуудыг эргэцүүлж бодоод дахин захидал илгээгээрэй. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Хааяа дүүтэйгээ маргалдахад над руу хараалын үгс урсгадаг. Дүү нартаа сайхан ааш гаргая гэсэн ч чаддаггүй.

Сайн байна уу? Би одоо 17 настай, эмэгтэй. Айлын том болохоор аав ээжийг байхгүйд бүхий л юмыг би хийдэг. Дүү нараасаа тусламж хүсэхээр хийсэн зүйл нь миний сэтгэлд хүрдэггүй. Дутуу дулимаг хийгээд байдаг болохоор үргэлж бухимдаж өөрийгөө болон дүү нарыгаа хараадаг.

Уг нь дүү нараа сайн хүн болгохын тулд амьдарч байгаа орчныг нь сайн сайхан зүйлсээр дүүргэх ёстой гэж зөндөө боддог боловч тэр бодол биеллээ олдоггүй. Би өөрийгөө хэчнээн хүчлээд, дүү нартаа сайхан ааш гаргая гэсэн ч чаддаггүй. Хааяа нэг дүүтэйгээ ам мурийнгуут над руу хараалын үгийг урсгадаг. Яг л өөрийгөө толинд харж байгаа юм шиг. Надад үнэхээр хэцүү байна. Дүү нартаа сайн эгч болмоор байна. Энэ хандлагаа яаж засах вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Огт уурлахгүй байх боломжгүй. Гэхдээ эерэг, сөрөг сэтгэл хөдлөлөө бүгдийг нь зөв илэрхийлж, удирддаг байх нь чухал.

Сайн уу? Өдрийн мэнд. Дүү нартаа сайн эгч байх гэж хичээж байгааг нь ойлголоо. Захидалд дүү нарын хийсэн зүйл сэтгэлд хүрэхгүй болохоор уурладаг гэсэн байна.Дүү нар нь чиний хийж чадаж байгаа шиг яг адилхан хийж чадах болов уу? Эндээс эхлээд л хандлагаа өөрчилж болохоор санагдаж байна. Дүү нараа байгаагаар нь хүлээж авах. Дүү нараа дутуу дулимаг хийхийг нь чи мэдэж байгаа. Аливаа зүйлийг олон дахин хийж байж сайжирдаг гэдгийг ч чи мэднэ. Тиймээс хийж чадах ёстой гэж хандах бус суралцаж яваа гэж хүлээж аваарай.

Мөн өөрийнхөө сэтгэл зүйн тайван тогтвортой байдалд анхаараарай. Сэтгэл зүйн тайван тогтвортой байдал гэдэг бол огт уурлахгүй эсвэл уурласан ч тэвчээд л байхыг хэлэхгүй. Харин өөрт төрсөн сөрөг мэдрэмжээ зөв илэрхийлдэг, бусдад тусалдаг, бусадтай харилцаа холбоотой байхыг хэлнэ. Огт уурлахгүй, дандаа сайхан ааштай байна гэвэл боломжгүй. Өөрийн эерэг сөрөг сэтгэл хөдлөлөө л үгээрээ зөв илэрхийлж удирддаг байх нь чухал юм шүү. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Бусад хүмүүс намайг нээлттэй бай гэдэг ч өөрт маань одоогийн "би" минь таалагддаг.

Сайн байна уу. Би одоо 3-р курсийн оюутан. Ер нь бүрэг ичимхий талдаа. Гэхдээ өөрийгөө хэнтэй ч ярилцаад ойлголцчихдог гэж боддог. Ер нь олон юм яриад байх дуртай биш. Бас заавал нээлттэй, илэн далангүй болох гэж хичээхгүй одоо байгаа өөртөө сэтгэл хангалуун байдаг л даа. Гэхдээ эргэн тойрны хүмүүс "нээлттэй байх хэрэгтэй, чи юм ярихгүй юмаа" гээд байх юм. Надад болохоор одоо байгаа би таалагдаад байдаг. Эргэн тойрны хүмүүсийнхээ хэлснээр бусадтай их харилцах ёстой юм болов уу. Бас энгийн үед юм ярих гэхээр ярианы сэдэв олдохгүй байдаг. Тэгээд хүмүүст уйтгартай гэх юм уу нэг тиймэрхүү санагддаг бололтой. Өөрийнхөөрөө байхыг сонгох эсвэл өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм болов уу. Гэхдээ одоо байгаа би надад таалагдаад байгаад байдаг... 

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө сэтгэл хангалуун байгаа бол заавал өөрчлөгдөх шаардлагагүй болов уу...

Сайн уу? Өдрийн мэнд. Өөртөө дуртай байгаа чинь маш сайн хэрэг. Мэдээж нийгмийн харилцаа бидэнд маш чухал. Тийм ч учраас чиний санаа зовж байгаа байх. Өөртөө сэтгэл хангалуун байгаа бол заавал өөрчлөгдөх шаардлагагүй болов уу.

Бусадтай харилцахдаа ч гэсэн учраа олчихдог гэсэн байна. Хэдий сэтгэл хангалуун ч санаа нь зовоод байгаа бол шинэ зүйл туршихад юу буруу байх вэ. Чамайг зан чанараа өөрчлөөсэй гэхээс илүү харилцааны хэв маягаа сайжруулаасай гэж хэлсэн юм шиг санагдлаа. Харилцааны чадвар бол ямар ч бие хүний онцлогтой байсан сайжруулж болдог ур чадвар.

Өөрийнхөөрөө байх уу? Өөрийгөө өөрчлөх үү гэж асуусан байсан. Заавал нэгийг нь сонгох ёстой юм болов уу? Өөрөөрөө байхыг сонгоод харилцаандаа багахан өөрчлөлт оруулбал ямар вэ? Ярих юм олдохгүй байна гэвэл уншсан номоо, үзсэн киногоо, тохиолдсон үйл явдлаа эсвэл харилцаж байгаа хүнээсээ асуулт асууж болно. Юу ярьж болох талаар интернетээс судалж үзээд туршаад үзээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Ээж маань бусдад "хүн хүссэн зүйлээ хийж амьдрах ёстой" гэж хэлдэг ч намайг "хүн заавал хүссэнээрээ амьдрах ёсгүй" гэж загнадаг.

Сайн байна уу? Би одоо 15 настай. Би багаасаа гимнастикаар хичээллэсэн ч энэ жил гимнастикаар хичээллэх дургүй болж, айж, бодохоор л маш их стресстдэг болчихсон. Харин гимнастикийн оронд бүжиглэх сонирхолтой болж тэрнээсээ аз жаргал мэдэрдэг болсон.

Эцэг эх маань намайг гимнастикаараа гадаадад олон уралдаан тэмцээнд оролцох ёстой гэж хэлдэг. Би өөрт мэдрэгдэж, бодож байгаа зүйлээ тэдэнд хэлэхээр тэд эсэргүүцэж миний үгийг тоодоггүй. Ярилцах болгонд намайг загнаж өөрсдийнхөөрөө байлгах гэж уурладаг. Энэ асуудлаар яах ёстойгоо мэдэхгүй сэтгэлээр их унаж, шөнө ч нойр хүрэхээ байсан. Ээж минь хүн хүссэн зүйлээ хийж амьдрах ёстой гэж хүмүүст байнга хэлдэг ч намайг гимнастикаар хичээллэхээс илүү бүжгээр цаашид явахыг хүсэж байгаагаа хэлэхэд '' хүн заавал хүссэнээрээ амьдрах ёсгүй'' гэж загнадаг. Яах ёстой юм бол?

ЗӨВЛӨГӨӨ: Олон жил хичээллэсэн гимнастикаа гэнэт орхино гэхээр хүлээж авахад хэцүү байсан байх.

Сайн уу? Өдрийн мэнд. Аав ээжийнх нь хувьд чамайг олон жил хичээсэн болохоор гэнэтхэн болино гэхээр хүлээж авахад хэцүү байж магадгүй л юм. Гимнастиктаа яагаад дургүй болсон бэ? Аав ээждээ зүгээр дургүй байна гэлгүй юунаас айгаад байгаа талаараа дэлгэрэнгүй ярилцаарай. Мөн яагаад бүжиг сонирхлыг чинь татах болсон бэ? Ирээдүйд бүжгийг сонговол ямар байх талаар илүү бодит байдалд тулгуурлаж ярилцаарай.

Заавал нэгийг нь сонгох ёстой байдаг юм болов уу? Эхний ээлжид гимнастикаараа хичээллэнгээ бүжиглэвэл болох уу? Хоёуланд нь явж үзсэнээр дараа нь шийдвэр гаргахад ч гэсэн хэрэгтэй байх. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter