"Ирээдүйн САЙН ЭХНЭР байх бүх шинж чамд бий. Гэхдээ..."


Сондор | YOLO.MN
2016-10-07

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найзууд байя гэвэл урьдынх шиг нээлттэй байж чадахгүй зүгээр л таньдаг хүн нь болно

Тэр надад халамжтай, гэхдээ сайн үгүйг нь би мэдэхгүй. Түүнд би маш их хайртай. Гэхдээ...

Сайн байна уу? Миний асуудлыг уншиж байгаа сэтгэлзүйч болон уншигчдадаа энэ өдрийн мэнд. Намайг А гэдэг би 17 настай. Бусдын л адил хичээлдээ явж өдрийг урсгалаараа өнгөрөөдөг. Би нэг хүнд сайн ч хамт байх ёсгүй юм шиг санагддаг. Би хүссэн хүн нь байж чадахгүй гэх юм уу даа. Бид хоёр найз ч биш хосууд ч биш тиймэрхүү харилцаатай

Тэр надад халамжтай, гэхдээ сайн үгүйг нь би мэдэхгүй. Түүнд би маш их хайртай. Гэхдээ тэр надад "Чамд боломж байгаа гээд хүлээлгээд байх хэцүү юм. Чамд сайн эхнэр байх бүх шинж байдаг. Гэхдээ юу ч гэмээр юм бэ дээ, чам руу нэг их хүсэж тэмүүлэх шалтгаан байхгүй” гэсэн.

Миний сэтгэл харанхуй нүх шиг хүйтэн цэвдэг болж “хүнтэй дотно харьцаж үерхэхгүй” гэж шийдсэн. Хааяа би түүнийг маш их санадаг. Тэрэнтэй саяхан хоёр уулзсан. Сүүлийн уулзалтанд дээр “Хоёулаа үерхье” гэсэн ч би “яах гэсэн юм бэ үгүй” гэж хариулсан. Хэрвээ салчихвал би түүнийг нэг мөсөн алдчихвал яах вэ. Найзууд байя гэвэл урьдынх шиг нээлттэй байж чадахгүй зүгээр л таньдаг хүн нь болно. Тэр намайг хайрлаж чадна гэсэн итгэл бага боловч би түүнд хэнээс ч илүү хайртай, надад туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Эхлээд өөртөө хайртай байж, өөрийн гэсэн зорилготой байгаарай

Хэн нэгэн хүнд хажууд нь түшиг тулгуур болохын тулд эхлээд өөртөө маш их хэрэгтэй байж, өөрийнхөө талаар сайн зүйлсийг бусдад харуулаарай.

Сайн байна уу,

Үерхэл гэдэг хоёр хүн нийлээд нэг нэгэндээ тус дэм болж, цаашид илүү сайжрахад нь хамтдаа нийлж зүтгэх, бие биедээ халамж тавьж, заримдаа нэгэндээ буулт хийж, заримдаа маш их хүсдэг зүйлээ хийхээс татгалзах гээд л маш олон зүйлсийг хосуудаас шаарддагийн дээр хэн хэндээ сайнаар нөлөөлөхийн тулд өөрөө маш их зүйл мэдэж сурсан байх хэрэгтэй болдог. Харин чиний бичсэн зүйлээс өдөр хоногийг зорилгогүй, урсгалаараа л өнгөрөөдөг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч болохоор байна.

Иймд нэг асуултанд хариулж үзээрэй, тэр хүү чамтай хамт байснаар “одоо байгаагаасаа илүү сайн хүн” болох боломж бий юу? Өдрийг зүгээр л нэг хүүг бодож үлгэн салган өнгөрөөгөөд өөрийгөө сайжруулах, ядаж зөв бичих, ямар нэг хэлийг шамдан сурах, эсвэл хөгжмийн зэмсэг тоглож сурах ч юмуу ном унших, бас сайн дурын ажлуудад оролцож өөрийгөө илүүтэй нээхээр хичээхгүй байгаа бол яаж ахиад хэн нэгэнд тусалж, тэр хүний нэг хэсэг байж хамтдаа зөв чиглэлд явах вэ?

Мэдээж чиний хариулт “хичээдэг, сайн хүн байхын тулд өдөр тутамдаа оролдлого хийдэг” байна байх гэж итгэж байна. Тиймээс хэн нэгэн хүнд хажууд нь түшиг тулгуур болохын тулд эхлээд өөртөө маш их хэрэгтэй байж, өөрийнхөө талаар сайн зүйлсийг бусдад харуулаарай. Энэ бүхэн чинь л бусдыг өөртөө татах, улмаар чамтай үерхэх, насаараа чамтай хамт байх хүслийг төрүүлдэг юм шүү дээ wink

Эхлээд өөртөө хайртай байж, өөрийн гэсэн зорилготой байж, түүнийхээ төлөө хичээдэг болбол түүндээ хайртайгаа хэлж, хамт байхыг хүсэх нь буруудахгүй, учир нь чамтай байх маш том аз завшаан байх болно...

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Teenagers #ЭцэгЭх