YOLO: Энэ удаагийн ярилцлагын дугаартаа бүтээгдэхүүн нэг бүрээ сэтгэлээ шингээн урладаг “Mellow” брэндийн үүсгэн байгуулагч, 13 настай Б.Эмүжин охиныг урьсан юм. Тэрээр “Олонлог” сургуулийн наймдугаар ангид суралцдаг. Хөл хорионы үеэр уруул өнгөлөгч, уруулын тэжээл хийх талаар судалж өнгөрсөн тавдугаар сард гарааны бизнесээ эхлүүлжээ. Бүтээгдэхүүн тус бүрээ өөрийн гараар бэлдэж, уруул өнгөлөгч худалдан авсан хүн бүрд захиа, амттан илгээдэг гэдгээрээ онцлогтой.
Ингээд түүнтэй гарааны бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээл, уруул өнгөлөгч хийх болсон шалтгаан зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцсаныг хүлээн авна уу.
YOLO: Өдрийн мэнд! Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уруул өнгөлөгч хийх санаа анх хаанаас төрсөн бэ? Уруул өнгөлөгч, уруулын тэжээл хийх болсон шалтгаанаар ярилцлагаа эхлүүлье.
- Анх 2020 онд “Small Business Check” гэсэн нэртэй challenge TikTok-д тренд болж байсан юм. Түүнийг үзээд дунд ангийн сурагч ч гэсэн өөрийн гэсэн гарааны бизнесээ эхлүүлбэл яах бол гэж бодсон. Тухайн үед хэзээ дуусах нь тодорхойгүй хөл хорионд байсан учраас хийх зүйл бага байлаа. Хөл хорионд гэртээ юу ч хийлгүй өнгөрүүлэхийн оронд гарааны бизнестэй болох санаагаа хэрэгжүүлж үзэхээр шийдсэн юм. Маш олон гарааны бизнесийн төрлүүд байсан болохоор алийг нь сонгохоо мэдэхгүй хэдэн сар эргэлзсэн. Саван, лаа, гар ариутгагч хийх талаар ч бодож байлаа. Гэхдээ надад хамгийн таалагдсан нь уруул өнгөлөгч байсан. Хийх зүйлээ тодорхой болгосны дараа уруул өнгөлөгч хийхэд шаардлагатай орц, хамгийн сайн бэлдэц үйлдвэрлэдэг компани, захиалах боломжтой улс зэргийг судалсан юм. 2021 оны нэгдүгээр сард бэлдцээ захиалахад хөл хорионы улмаас тавдугаар сард Монголд ирсэн. Хамгийн анхны уруул өнгөлөгчөө тавдугаар сард хийж байлаа.
YOLO: Анх уруул өнгөлөгч хийж эхлэхэд гэр бүлийнхэн болон бусад хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ?
- Гэр бүлийнхэн маань маш эерэгээр хүлээж авч, намайг дэмждэг. Гэр бүлийнхэн маань бүх хөрөнгө оруулалтыг хийж, сонголтууд дээр тусалсан. Хамгийн анхны уруул өнгөлөгчөө урлахад маш гоё санагдсан.
YOLO: Ихэвчлэн охид гоё үнэр, савлагаатай уруул өнгөлөгч хэрэглэх дуртай байдаг. Өөрийн гараар бүтээгдэхүүнээ хийдэг гэхээр маш сонирхолтой санагдаж байна. Уруул өнгөлөгч хийхийг хаанаас эсвэл хэнээс сурч байв?
- Youtube-ээр уруул өнгөлөгч хэрхэн хийдгийг харж суралцсан. Youtube дээр уруул өнгөлөгч, уруулын тэжээл яаж хийхийг заадаг маш олон сувгууд байдаг. Хүмүүсийн туршлага, зөвлөгөөнөөс өдөр бүр суралцаж, мэдлэгээ нэмэгдүүлж байна.
YOLO: Дөнгөж 13 настайдаа уруул өнгөлөгч хийж эхэлсэн байна шүү дээ. Ямар бэрхшээлүүд тулгарч байв?
- Эхний хэдэн уруул өнгөлөгчөө хийхдээ бүтэлгүйтсэн ч орцуудаа сайн төлөвлөж, өмнөх алдаануудаасаа суралцсанаар амжилттай болж чадсан. Хүн бүр өөр, өөр сонирхолтой учир уруул өнгөлөгчийнхөө амт, өнгө, үнэр зэрэг зүйлсийг тохируулахад заримдаа хүндрэлтэй байдаг. Мөн гадаадаас бэлдцээ авахад бага зэрэг бэрхшээл тулгарсан. Миний хувьд худалдааны вебсайтаас биш шууд тухайн бэлдэц үйлдвэрлэдэг брэнд, компаниудаас нь худалдаж авдаг.
Анх сошиал хуудсаа нээхэд ямар ч дагагчгүй болохоор дагагчтай болоход хэцүү санагдаж байлаа. Гэхдээ постуудаа хүмүүст хуваалцахад дагагчдын тоо маань өсөж эхэлсэн. Одоогоор дөнгөж эхэлж байгаа болохоор тийм ч олон дагагчгүй. Гэхдээ өдөр өдрөөр нэмэгдэж байна.
YOLO: "COVID-19" цар тахлын улмаас үүдсэн хөл хорио гарааны бизнест чинь хэрхэн нөлөөлж байна вэ?
- Хөл хорионы үед цахимаар хичээлээ үзэж байсан учраас уруул өнгөлөгчийнхөө талаар судалж, хийхэд хангалттай цаг гарч байсан. Бэрхшээл харьцангуй бага.
YOLO: Брэндүүдийн нэр бүр ямар нэгэн сонирхолтой утгыг агуулдаг шүү дээ. Яагаад “Mellow” гэж нэрлэх болсон бэ?
- “Mellow” гэдэг үг нь зөөлөн, булбарай гэсэн утгатай. Манай уруул өнгөлөгчид маш зөөлөн бүтэцтэй, тэжээллэг учраас хүмүүсийн уруулыг булбарай болгоход зориулагдсан. Тиймээс энэ нэр тохирох юм шиг санагдаж өөрөө нэрээ өгсөн.
YOLO: Сүүлийн үед уруул өнгөлөгч, уруулын тэжээл хийдэг хүмүүс маш олон болсон. Чиний хувьд бусдаас ялгарах онцлог юу вэ?
- Хүмүүсийн уруулыг чимэхээр хамгийн чанартай, эрүүл бүтээгдэхүүнүүдийг сонгож уруул өнгөлөгчөө хийдэг. Уруул өнгөлөгч хийхэд шаардлагатай түүхий эдийг АНУ-аас захиалдаг. Ялангуяа чанартай тоснуудаар хийж, харшил өгдөггүй түүхий эдийг сонгодог юм. Байгалийн гаралтай коконат ойл агуулсан, уруулыг хуурайшихаас бүрэн хамгаалж чийгшүүлэх уруул өнгөлөгчтэй гэдгээрээ онцлог. Мөн би өөрөө сэтгэлээ гаргаж, бүтээгдэхүүнийхээ ширхэг тус бүрийг нямбайлан гараар урладаг. Тухайн хүн нэг эсвэл гурвыг авсан ч хамаагүй гоё савлаж боогоод, зөвхөн тэр хүнд зориулсан захиа бичиж явуулдаг.
YOLO: Уруул өнгөлөгчийн төрөл, савлагаа, үнэр гэх мэт “Mellow” брэндийн бүтээгдэхүүний талаар ярилцъя. Танай брэндийг хүмүүс сонгох шалтгааныг нэрлэвэл.
- Манай уруул өнгөлөгчид өнгө, амт, үнэр зэргээс шалтгаалаад маш олон төрөлтэй. Өнгөний хувьд усан болон үзмийн ягаан, улаан, саатай, өнгөгүй, шаргал гэх мэт. Харин үнэр, амтны хувьд чихэрлэг, тоор, тарвас, гүзээлзгэнэ гэх мэт жимс агуулсан. Үлээдэг бохины амт, үнэртэй уруул өнгөлөгч ч гэж байдаг. Уруул өнгөлөгчийн сууринд АНУ-ын “TKB” брэнд, өнгө үнэрийг гаргахад “Lorannoils” брэндийг ашиглаж бүтээгдэхүүнийхээ ширхэг тус бүрийг нямбайлан хийдэг. Мөн зайрмаг, чихэр, смүүти, энгийн савлагаатай. Уруул өнгөлөгчид савлагаанаасаа шалтгаалаад 4-15 грамм байдаг.
YOLO: Танай уруул өнгөлөгчийг худалдан авсан хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Хэрхэн сэтгэгдлээ хуваалцдаг вэ?
- Манай уруул өнгөлөгчийг худалдан авсан хүмүүс сэтгэгдлээ үлдээхдээ чат бичиж, пост оруулж, стори хийдэг. Хэрэглэгчид маань маш гоё сэтгэгдлүүд үлдээдэг. Амттан, захиа явуулсанд талархлаа илэрхийлдэг хүмүүс олон. Захиа бичихдээ өөрийн гараар зөвхөн тухайн хүнд зориулж бичдэг. Бэлэн мэндчилгээтэй хуудас ашиглаж болох ч хүн өөрийн гараар бичсэн бяцхан захианаас илүү урам зориг, аз жаргалыг мэдрэх боломжтой гэж бодсон юм.
YOLO: Гоо сайхны бүтээгдэхүүн учраас маш анхааралтай хийх хэрэгтэй байх. Уруул өнгөлөгч хийхдээ юун дээр илүү анхаарлаа хандуулдаг вэ?
- Уруул өнгөлөгчийг цэвэр орчинд хийх ёстой. Мөн хүмүүст харшил өгдөггүй орцыг сонгох нь чухал. Өнгөлөгчөө хийхээсээ өмнө гараа угааж, ариутгаж, бээлий өмсөж, бэлдцээ бэлдэх савнуудаа цэвэрхэн байлгах хэрэгтэй. Би заримдаа бэлдэц хийдэг савнуудаа хэдэн цаг угаадаг. Цэвэрхэн орчинд хийгээгүй тохиолдолд нян үүсэх учраас энэ тал дээр маш анхаарал, болгоомжтой ханддаг. Мөн үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг нь үргэлж бичиж явуулдаг.
YOLO: Танай уруул өнгөлөгчид маш гоё савлагаатай юм. Ялангуяа зайрмаг, смүүти хэлбэртэй уруул өнгөлөгчид. Бүтээгдэхүүнийхээ загварыг өөрөө гаргадаг уу? Нэг бүтээгдэхүүн хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?
- Заримдаа гэр бүлийнхнээсээ зөвлөгөө, тусламж авна. Ихэвчлэн өөрөө бүтээгдэхүүнийхээ загвар, орц найрлагыг зохиодог. Нэг бүтээгдэхүүн хийхэд 30 минутыг зарцуулдаг. Үүнд бэлдцээ бэлдэх, баглах, захиа бичих гээд бүгд багтана.
YOLO: Сүүлийн үед сошиал хуудаснуудыг ашиглан бизнесээ хүмүүст сурталчлах нь түгээмэл болсон. Сошиал хуудсаа өөрөө хөтөлж явуулдаг уу?
- Ихэвчлэн ганцаараа хийдэг. Заримдаа ээж минь уруул өнгөлөгч хийх болон зураг авч, пост оруулахад тусална. Мөн Фэйсбүүк болон Инстаграм хуудсаа өөрөө хөтөлж явуулдаг. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас байгальтай уруул өнгөлөгчөө хослуулан зураг авах дуртай.
YOLO: Чи ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ? Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө бидэнд хуваалцаач.
- Ирээдүйд гар урлалын чиглэлээр суралцах сонирхолтой. Гэхдээ одоогоор дөнгөж дунд ангид байгаа учраас мэргэжлээ сонгож амжаагүй байна. “Mellow” брэндийн хувьд цаашдаа олон бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж байна. Одоогоор зөвхөн уруул өнгөлөгч, уруулын тэжээл хийдэг. Ирээдүйд арьс арчилгааны бүтээгдэхүүн, хөмсөг, сормуусны тэжээл, лаа зэрэг бүтээгдэхүүнтэй болох зорилготой.
YOLO: Чиний насны хүүхдүүд өөрийн дуртай зүйлийг хийж, гарааны бизнес эрхлэхэд хэр их боломж байдаг вэ?
- Боломжтой гэж боддог. Заавал ашиг олох нь чухал биш. Өөрийнхөө дуртай, сонирхдог зүйлийг чөлөөт цагаараа хийгээд явах нь чухал. Ямар нэгэн чиглэлээр судалгаа хийхэд бүх зүйлс нээлттэй болсон. Хаанаас ч мэдээлэл олох боломжтой үед бид нар амьдарч байна. Тиймээс хүүхдүүдээ өөрсдөө сонирхож буй чиглэлээрээ бие даасан судалгаа хийж, түүнийгээ оролдоод үзээрэй. Өөрөө хичээж чадвал болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх