Хятадын 10 тэрбум ам.доллараар баригдсан шинэ нисэх буудал ажиллаж эхэллээ


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-07-01


Хятадын удаан хүлээсэн Ченду Тианфу олон улсын нисэх буудал албан ёсоор нислэг хүлээн авч эхэллээ. Нээлтийн нислэгийг "Sichuan Airlines" компани Бээжин хотын чиглэлд өнгөрсөн ням гарагт үйлдсэн байна.

Шинэ нисэх буудал Сичуан мужийн төв Ченду хотод байрлах бөгөөд уг хот нь олон улсын хоёр нисэх буудалтай Хятадын гурав дахь хот болж байна. Өмнө нь Шанхай, Бээжин хотууд л олон улсын хоёр нисэх буудалтай байв.

Ойролцоогоор 70 тэрбум юань буюу 10.8 тэрбум ам.доллараар барьсан нисэх буудлаар жилд 60 сая зорчигч үйлчлүүлэх боломжтой.

Гурван нисэх зурвас, хоёр терминал нь нийлээд 710 мянган м.кв талбайг эзэлнэ. Харин барилгын ажил бүрэн дуусахад 1.4 сая м.кв талбайг хамарсан 6 зурвас, 4 терминал жилд 120 сая зорчигч хүлээн авах аж.
Сичуан муж нь халуун ногоотой хоол үзэсгэлэнт байгалиараа алдартай бөгөөд Хятадын дотоод болон гадаадын жуулчдын хамгийн их очдог газруудын нэг юм.

Гэхдээ цар тахлын улмаас одоогоор нисэх буудлын үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаар ажиллахгүй. Учир нь Хятад улс олон улсын жуулчдыг авч эхлээгүй байна.

Ченду Тианфу олон улсын нисэх буудлыг таван жилийн турш барьсан бөгөөд нүүр таних камерын систем, хиймэл оюун ухаант хамгаалалт, хаалга зэрэг технологийн шийдлүүдийг ашиглажээ.

Нисэх буудлыг хотын төвтэй холбосон метро явах ба 37-44 минутын дотор цагт 140 км/цаг хурдалж зорчигчдыг хүргэнэ.

БНХАУ нь 2035 он гэхэд шинээр 400 орчим нисэх буудал барихаар төлөвлөсний нэг нь Ченду Тианфу бөгөөд одоогоор нийт 241 нисэх буудалтай.

Эх сурвалж: CNN

#Сонин хачин #Мэдээ #Нисэх онгоцны буудал