Гар утсаа хурдан цэнэглэх долоон арга


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-07-02

Ухаалаг гар утас нь бидний амьдралыг илүү хөнгөвчилж байгаа боловч үүнд сул тал ч бий. Жишээ нь, удаан цэнэглэгдэх гэх мэт. Хэрвээ утас цэнэглэх ердийн үйл явцыг арай хурдан болгох арга байсан бол яах вэ? Бид энэ удаад утсаа хурдан цэнэглэж болох долоон аргыг та бүхэнтэй хуваалцаж байна.

1.     Утасгүй цэнэглэгч хэрэггүй ээ!

Утасгүй цэнэглэгч бол утас цэнэглэх харьцангуй шинэ аргын тоонд зүй ёсоор орно. Энэ арга хэдий орчин үеийн мэт харагддаг ч үр дүнтэй арга биш аж. Утасгүй цэнэглэгч ашиглах үед ердийн аргуудтай харьцуулахад утсаа бүрэн цэнэглэхийн тулд бараг хоёр дахин их хугацаа шаардагддаг. Энгийнээр тайлбарлавал утастай цэнэглэгч ашиглаж байх үед эрчим хүч шууд утас руу чинь дамжина. Гэвч утасгүй цэнэглэгч их хэмжээний эрчим хүчийг алдаж байдаг. Тиймээс утастай цэнэглэгчээр цэнэглэх нь эрчим хүчний хувьд хэмнэлттэйн дээр илүү хурдан цэнэглэнэ.

2.     Түргэн цэнэглэгч худалдаж авах

Түргэн цэнэглэгч нь утсыг хурдан хугацаанд тодорхой хувиар цэнэглээд дараа нь ердийн цэнэглэх хурдыг удаашруулдаг аж. Түргэн цэнэглэгчийн стандарт USB2.0 нь 2.5 вольт чадалтай байдаг бол шинэ хувилбар нь 18-100 вольтын хооронд хэлбэлздэг. Гэхдээ түргэн цэнэглэгч нь зөвхөн хурдан цэнэглэх зориулалттай утсанд тохирдог. Тийм болохоор та түргэн цэнэглэгч худалдаж авахаасаа өмнө утас тань тохирох эсэхийг шалгаарай.

3.     Эрчим хүч хэмнэх горимыг асаана уу.

 Утсаа ашиглаж байх явцад бүх функцүүд нь эх хавтан дээр ажиллаж байдаг. Утаснууд загвар төрлөөсөө хамаарч эрчим хүч хэмнэх янз бүрийн тохиргоотой байдаг. Хэдий тийм ч мөн чанар нь ижил. Эрчим хүч хэмнэх горимыг асааснаар дэлгэцийн тод байдал, CPU-гийн үйл ажиллагаа, дата хэрэглээ гэх мэт зүйлийг бууруулж, цэнэгээ удаан барих боломжтой болно.

4.     Аппликэйшн болон таталтаа удирдах

Зарим аппликэйшн таныг мэдээгүй байхад ажиллаж байдаг. Хэдий тийм ч энэ нь бүх аппликэйшнүүдээ хүчээр хаах ёстой гэсэн үг биш. Хүчээр хаах нь харин ч илүү эх эрчим хүчийг зарцуулахад хүргэнэ. Үүний оронд утасныхаа батерей гэсэн тохиргоо руу орж хамгийн их батерей ашиглаж байгаа аппликэйшний жагсаалтыг олж, хаах буюу хязгаарлах боломжтой. Аппликэйшнүүдийн шинэчлэлтийг татаж байгаа эсэхийг шалгах нь мөн зүйтэй. Ийм маягаар удирдаж сурвал хэрэгцээгүй шинэчлэлт, үйлдлүүд  хийгдэхгүй болох тул таны утас илүү хурдан цэнэглэгдэх болно.

5.     Цэнэглэх портыг цэвэрлэ

Та утасныхаа цэнэглэх портын дотор тал руу харж байв уу? Цаг хугацаа өнгөрөх тусам таны цэнэглэх портод тоос шороо хуримтлагдана. Энэ нь таны утсыг хурдан цэнэглэхгүй байх шалтгаан болж магадгүй юм. Учир нь тоос шороо нь цахилгаан дамжуулахгүй тул цэнэглэх хурд удааширна. Шүдний чигчлүүр ашиглаж болох ч хурц үзүүртэй зүйлээр портоо хатгаж гэмтээж болох учир болгоомжтой хандсан нь дээр. Эхний ээлжид тоос шороо хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Хамгийн аюулгүй арга нь цэнэглэх портын таг худалдаж авах юм.

6.     Утсаа хэт халаахаас зайлсхий

Ухаалаг утас бүр утасны температурыг зохицуулдаг дулааны хяналтын системтэй. Энэ нь таны утсыг хэт халахаас хамгаалах хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. Жишээлбэл хэрэв та утсаа наранд орхисон эсвэл цэнэглэж байх үедээ дээр нь юм тавьсан бол таны утас халалтыг бууруулахын тулд илүү их ажиллах тул удаан цэнэглэнэ. Утсаа энгийн хэмтэй байлгахын тулд хэд хэдэн зүйлийг хийж болно. Үүнд утсаа нарны шууд тусгалгүй газарт цэнэглэх эсвэл цэнэглэх үед унтраах юмуу сэнсний хажууд байрлуулах зэрэг орно.

7.     Шинэ батерей авах

Батерейны химийн найрлага нь цаг хугацааны явцад мууддаг. Бидний зөвлөж буй дээрх аргуудыг хэрэглэсэн ч утас тань хурдан цэнэглэгдэхгүй байвал батерейгаа шинэчлэх цаг болжээ. Зарим утас батерейныхаа үзүүлэлтийг шалгаж болдог. Эсвэл батерейны хүчин чадлыг шалгаж үзэх боломжтой аппликэйшн суулгаад, батерейгаа шалгаж болно. 

Эх сурвалж: Bright Side

#Зөвлөгөө #Гар утас