YSC: Сэтгэл түгшилт бүх хүнд тохиолддог ч хэтэрвэл эмгэг болно


YSC | YOLO.MN
2021-06-30

Шалгалтаа амжилттай өгөх болов уу хэмээн сэтгэл чинь түгшдэг үү? Олны өмнө гарч юм ярихаар хөлс гарч, хацар нь халуу дүйж ухаан алдаж унатлаа сандардаг юм биш биз? Хэрвээ "тийм" бол энэхүү нийтлэлээс сэтгэл түгших шалтгаан, түүнийг хэрхэн багасгах талаар мэдэж аваарай.

Yolo_mn · Y Podcast Episode 1

СЭТГЭЛ ТҮГШҮҮР ГЭЖ ЮУ ВЭ? ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?

Сэтгэл түгшилт нь хүн болгонд байдаг хэвийн мэдрэмж бөгөөд ирээдүйд болох үйл явдлаас айх мэдрэмж юм. Амьтдын сэтгэл ч бас түгшдэг.  Жишээ нь: чоно харсан буга аюул ойртож байгааг мэдэрснээр “тулалдах эсвэл зугтах” команд тархинд нь очдог. Зугтах командын дагуу бугын зүрхний цохилт хурдсаж, хүүхэн хараа нь томорч, амьсгал нь түргэсэж түгшиж эхэлдэг.

Харин хүмүүс бид өөр зүйлээс болж сэтгэл түгшдэг. Жишээ нь: чи ангийнхныхаа өмнө илтгэл танилцуулахаар гарсан гэж төсөөлье. Энэ үед чиний бие чоно харсан бугатай адилхан “тулалдах эсвэл зугтаах”-д бэлддэг. Сонирхолтой нь энэ мэдрэмж ихэнх хүмүүст илтгэлээ сайн танилцуулахад тусалдаг. Харин сэтгэл түгшүүрт автсан хүмүүс хэт их сандарснаас болоод анхаарал нь төвлөрөхгүй, амьсгаа нь түргэсэж, ярьж байхдаа түгдэрч, хэлэх гэж байсан зүйлээ мартдаг. Зарим тохиолдолд илтгэлээ тавилгүй зугтаах тохиолдол ч бий.

Сэтгэл түгшилт үүсэх шалтгаан

Сэтгэл түгшилт үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Өсвөр насны дааврын өөрчлөлтөөс болж сэтгэл зүй хямрах тохиолдол цөөнгүй байдаг ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их сэтгэл түгшүүрт автах магадлалтай байдаг. Эцэг эхээсээ сэтгэл түгшилтийн ген өвлөх тохиолдол ч бий. Мөн амьдралын хурдацтай хэмнэл, дарамт шахалт, ар гэр болон нийгмийн тогтворгүй байдлаас шалтгаалж сэтгэл түгшүүр үүсэж болно. Харин сүүлийн үед Коронавирусийн халдвараас үүдсэн сэтгэл түгшүүр ихээр нэмэгдэж байна. 

 

Монгол Экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Youth Sustainability Corps (YSC) буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд өсвөр насныханд хамгийн их тулгардаг сэтгэцийн эрүүл мэндийн нэг хэлбэр болох сэтгэл түгшилтийн талаар видео контент бэлтгэжээ.

СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙГ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?

Өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх. Юун түрүүнд, сэтгэл түгшээж буй асуудлаа итгэл даах хүнд ярьж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд, багш, нийгмийн ажилтан эсвэл сургуулийн сэтгэл зүйчдээ хандаж болно. Ингэж өөрт тулгамдаж буй асуудлыг бусадтай хуваалцсанаар чиний сэтгэлд хуримтлагдсан бул хар чулуу хөнгөрөх болно. Дотнын найзтайгаа ярилцах хэрэгтэй ч тэд мэдлэг, туршлагаар чамтай адил тул насанд хүрэгчид илүү тус хүргэх болно.

Өөртөө шүүмжлэлтэй хандахаа болих. Хүн өөрийн бүх алдаа дутагдлаа хэнээс  ч илүү сайн мэддэг тул өөртөө хамгийн хатуу шүүмжлэлийг өгдөг. Өөрийнхөө талаар мөн ирээдүйд болох үйл явдлын талаар сөрөг зүйлс ургуулан бодож түүндээ итгэснээр сэтгэл түгшүүр улам нэмэгддэг. Энэ нөхцөлд сөрөг бодлуудаа эерэг болгоход анхаараарай. Мөн ихэнх сөрөг бодлууд биелдэггүй гэдгийг өөртөө сануулаарай.

Цагийн хуваарь, төлөвлөгөөтэй болох. Сэтгэлийн түгшүүрээ багасгах бас нэгэн үр дүнтэй арга бол “сайн төлөвлөлт”. Хийх шаардлагатай зүйлсээ өдөр цагаар нь хуваарилж, түүнийгээ ягштал даган мөрдвөл өөр зүйлд санаа зовж сатаарах нь багасах болно. Ажлаа хойш тавьснаар дараа нь түүнийгээ богино хугацаанд амжуулах гэсээр улам их түгших болно. Иймд аль болох ажлаа хойш тавилгүй хийж эхлээрэй. Хийх явцдаа бодож байснаас чинь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ойлгох болно.


Yolo.mn сайт болон Монгол Экологи Төвөөс Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлдэг YSC буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хамтран хийж буй "Y" Podcast-ийн анхны дугаарт өсвөр насныханд тохиолддог сэтгэл түгших мэдрэмжийн талаар ярилцсан бөгөөд сэтгэл судлаач Б. Орхон зөвлөгөө өгчээ. 

СЭТГЭЛ ТҮГШҮҮРИЙН ЭМГЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Сэтгэл түгшилт нь хүн бүрд байдаг хэвийн зүйл боловч хэтэрвэл эмгэг болох аюултай. Энэ тохиолдолд хүн өөрт түгшүүр мэдрүүлэх бүх л нөхцөл байдлаас зайлсхийж эхэлдэг. Жишээ нь, гадуур гарч хүмүүстэй харилцах эмгэгтэй хүн гэрээсээ олон жилээр гарахгүй байх тохиолдол бий. Энэ эмгэг нь дэлхийн хүн амын 30%-д, амьдралын аль нэг үед нь илэрдэг гэж Стэнфордын их сургуулийн мэдрэл судлалын профессор Роберт Саполски тодорхойлсон байна.

Хэрвээ чи байнга түгшиж, тайван унтаж чадахгүй болсон бол сэтгэл түгшүүрийн эмгэгтэй болсон байх магадлалтай. Яаралтай мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Үүнийг эдгээх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол сэтгэл зүйчтэй тогтмол ярилцлага хийх юм. (2015 оны олон улсын сэтгэцийн клиник судалгаа).

Сэтгэл зүйчид чиний нууцыг чанд хадгалах үүрэгтэй байдаг учраас бүх асуудлаа илэн далангүй ярих боломжтой. Тэд чиний түгшүүрийн зэргийг тогтоогоод ямар дасгал, эмчилгээ тохиромжтойг тодорхойлж өгнө. Сэтгэл зүйч дээр очсоноор, сөрөг бодол, сэтгэл хөдлөлүүдээ таньж тэдгээрийг эерэг бодлоор солиход суралцдаг. Үүнээс гадна өдөр тутмын амьдралдаа мөрдөх дадал зуршлыг суулгах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, өөрийгөө удирдах аргуудыг заадаг эмчилгээ бас байдаг.

Сэтгэл түгшилт нь бүх хүнд байдаг ч хэтэрвэл эмгэг болдог гэдгийг бид мэдэж авлаа. Иймд сэтгэл санаагаа тайван байлгаж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь биеийн эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хийхтэй адилхан чухал зүйл юм. Сэтгэл түгшээж буй асуудалтай тэмцэлгүй, бүхнийг дотроо хадгалан явах нь амьдралын олон сайхан мэдрэмж болон боломжуудыг алдахад хүргэнэ. Сэтгэл түгшүүрээ хэрхэн зохицуулах тал дээр тусламж авахыг хүсвэл өөрийн хүндэлж, итгэдэг багш, нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйчдээ хандаж заавар зөвлөгөө аваарай. Тэд чамайг мэргэжлийн сэтгэл зүйчрүү чиглүүлж өгнө. 

 

Мөн Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд сэтгэл түгшүүрийн тухай бичлэгийг сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулан дохионы хэлээр бэлтгэжээ. 

 

#Эрүүл мэнд #Сэтгэлзүй #Сэтгэл түгшилт