Минут, секундээр хэмжигдэх мэдээллийн технологийн хөгжлийг дагаад түүнийг эзэмших, хөгжүүлэх мэргэжилтнүүдийн эрэлт ихэссэн. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд их сургуулиуд IT мэргэжилтэн бэлдэхдээ анхаарч, энэ чиглэлийн ажилтнуудын цалин, тэднийг харах өнцөг, хандлага сайжран өөрчлөгдөж байна.
Иймээс бид Монголын тэргүүлэх контент бүтээгчдийн нэг "Монгол контент ХХК"-ийн Судалгаа хөгжүүлэлт хариуцсан менежер, программист Г.Гомботой ярилцлаа. Тэрээр салбартаа зургаан жил ажиллаж байгаагаас гадна дэлхийн хэмжээний контентыг Монгол залуус бүтээж чадна гэдгийг тодоор харуулж буй чадварлаг инженер юм.
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ДЭЛХИЙН ТОМООХОН ОРНЫ ИНЖЕНЕРҮҮДЭЭС МЭДЛЭГ ЧАДВАРААР ДУТАХГҮЙ
-Монгол инженерүүд гадаадын иргэдийн ашиглаж буй программыг хийсэн гэх бахдам ажлын тухай тэр болгон сонсож байгаагүй. Уг төслийн талаар яриагаа эхлүүлье. Төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
-Бид анх 2016 оноос эхлэн Мьянмар улсын шуудангийн болон үүрэн холбооны операторын үйлчилгээ үзүүлэгч хамгийн том компани болох "Myanma Posts and Telecommunications", товчилбол MPT-ын захиалгаар "fintech (Санхүүгийн технологи)" чиглэлийн MPT Pay нэртэй төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ хийх чадамжтай мобайл аппликейшны хөгжүүлэлт дээр ажиллаж эхэлсэн. Мьянмар улс нь 60 сая хүн амтай том зах зээл. Бид өмнө нь системийн ачаалал, бүтцийг дотоодын 3 сая хүнээрээ бодож, төлөвлөж хийдэг байсан бол энэ төсөл рүү орсноор системийг илүү томоор харж, өөр шийдлээр хийх шаардлагатай болсон. Тухайн үед хөгжүүлэлтийг ямар технологи дээр хийвэл ачаалал даах чадвар сайн байх, систем хамгаалалт талаасаа найдвартай байх дээр манай баг илүүтэй анхаарч ажилласан. Энэхүү төсөлд биднээс гадна Хятадын Huawei, Энэтхэг, Турк, Япон, Мьянмар гээд олон улсын чадварлаг баг, инженерүүд хамтарч ажилладаг.
Миний харснаар манай Монгол инженерүүдийн ур чадвар эдгээр орнуудын инженерүүдийн ур чадвараас огт дутахгүй, зарим талаараа илүү болох нь ажиглагдсан. Бид мөн системийн хөгжүүлэлтийг хийхээс гадна, системийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Өөрөөр хэлбэл 24/7 тогтмол систем монитор хийж, асуудал гарвал засаж ажилладаг гэсэн үг.
Мьянмар улсад төсөл эхэлснээс хойш жил бүр инженерүүдээ томилон ажиллуулж байсан. Миний бие 2018-2019 оны хооронд Мьянмар улсад томилогдон ажилласан. Бид одоо ч MPT Pay системийн хөгжүүлэлт, системийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хариуцан ажилласаар байна. Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас MPT Pay төсөл дээр remote-р ажиллаж байна. Алсын зайнаас ч гэсэн бидний ажил ямар нэг асуудалгүй хэвийн үргэлжилсээр байна.
-Мьянмар улсын хэрэглэгчдийн хандлага Монголоос ялгаатай болов уу? Төсөл хэрэгжүүлж байх үед ямар бэрхшээл тулгарч байв?
-Мьянмар улсын зах зээл нээгдээд удаагүй байгаа учир хэрэглэгчид нь аливаа шинэ зүйлийг их соргогоор хүлээж авдаг. Хэрэглэгчдийн хувьд мобайл аппликейшн ашиглан төлбөр тооцоо хийх нь харьцангуй шинэлэг зүйл. Манайхыг бодвол IT хөгжил, хэрэглээ бага учир Мьянмар улсын хэрэглэгчийг мобайл аппликейшны хэрэглээнд сургах нь чухал байгаа юм. Томоохон цар хүрээтэй уг төслийн хөгжүүлэлтийг өмнө хэлсэнчлэн хэд хэдэн компаниуд хамтран гүйцэтгэсэн. Тэдний хоорондын ойлголцол, олон талуудын хамтын ажиллагааны үйл явц, уялдаа холбоо ямар байхаас хамаарч хөгжүүлэлтийн хугацаа цагтаа амжихгүй хоцрох гэх зэрэг асуудал заримдаа үүсэх тал бий.
-MPT pay нь хэчнээн хэрэглэгчтэй болоод байна вэ? Дотоодын улс төрийн асуудал хурцадмал байгаа энэ үед бизнес нь хэрхэн үргэлжилж байна?
-Одоогоор 5 сая орчим хэрэглэгч бүртгэлтэй. Мьянмарын дотоодын хурцадмал асуудлаас болоод сүлжээ хаах хориг, цэргийн дэглэм тогтоочихсон. Улмаар хэрэглэгчдийн хандалт буурах зүйл ажиглагдсан ч манай талаас системийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
-Энэ салбарт Монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай гэдгийг MPT pay төслөөс харж болохоор байна шүү дээ.
-Тийм шүү. Монгол залуус оюуны чадамж шаардсан IТ-р мэргэшин дэлхийд өөрсдийгөө таниулах бүрэн боломжтой. Энэ салбар, мэргэжил нь үргэлж хөгжиж байдаг, хаанаас ч хэн ч суралцан, ашиглах боломжтой тэргүүлэх чиглэлүүдийн нэг.
-Мэргэжил гэснээс та программ хангамжийн инженер мэргэжилтэй хүн. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн хаана, ямар ажил хийх боломжтой байдаг вэ? Удахгүй ЭЕШ болно. Мэргэжлээ сонгоогүй сурагчид олон бий.
-ШУТИС-ийн Компьютерын техник менежментийн сургуулийг төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй хүн системийн хөгжүүлэлт хийдэг буюу код бичдэг. Энгийнээр хэлбэл та бидний өдөр тутамдаа ашигладаг Facebook, Google, GoGo-ын ард программ хангамжийн инженерийн бичсэн код ажиллаж байдаг юм. Код бичих нь хариуцлага өндөртэй ажил. Нэг инженерийн бичсэн хэдэн мянган мөр кодод ганц л жижиг алдаа гарахад системийг ашиглаж байгаа сая сая хэрэглэгчдийн ажил, амьдралд шууд нөлөөлж хүндрэл учруулж болзошгүй.
Тэгэхээр код бичихдээ их анхааралтай, хянуур хандах хэрэгтэй. Манай мэргэжлийн нэг давуу тал нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хаанаас ч ажиллах боломжтой. Бас технологи хөгжихийн хэрээр программ хангамжийн инженер тогтмол өөрийгөө хөгжүүлж байх шаардлага гардаг. Арван жилийн өмнө вебсайт хийдэг байсан технологи өнөөдөр сайжраад маш их өөрчлөгдчихсөн. Бусад нэг хэвийн мэргэжлүүдийг бодвол илүү сонирхолтой санагддаг.
Компьютерын шинжлэх ухаан нь өөрөө бусад олон салбарын нэг хэсэг болсон тул ажиллаж байгаа төслөөсөө хамаараад тухайн салбарынхаа талаарх мэдлэг хуримтлуулах боломжтой. Мөн ажлын байрны зах зээл дээр манай мэргэжлийн эрэлт хэрэгцээ өндөр байдаг учир цалин хөлс бусад мэргэжлүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр. Мэргэжлээ сонгох гэж байгаа, сонгочихсон дүү нартаа хандаж хэлэхэд ирээдүйтэй, мөн баталгаатай салбар гэж зөвлөе.
ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР НЬ ҮРГЭЛЖ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ БАЙХГҮЙ БОЛ ХОЦРОГДЧИХДОГ МЭРГЭЖИЛ
Таныг сургуулиа төгсөх үед ажлын байрны эрэлт ямар байсан бэ? Одоо бол хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг болсон шүү дээ.
-Одоогийнх шиг ийм эрэлттэй байгаагүй. Ойролцоогоор 10 орчим жилийн өмнө энэ мэргэжлийг сонгон суралцдаг оюутны тоо харьцангуй их, дотоодод программ хангамжийн салбар дөнгөж хөгжиж эхэлж байсантай холбоотой болов уу. Одоо бол программ хангамжийн инженер мэргэжилтэй хүн Монголд төдийгүй дэлхийд ч маш эрэлттэй байна. Forbes сэтгүүлээс гаргасан хамгийн эрэлттэй мэргэжлийн жагсаалтад эхний 10 дотор багтсан. Энэ нь дэлхий нийтийн дижитал шилжилтийн нөлөө болов уу. COVID-19-ийн нөлөөгөөр дижитал шилжилт улам эрчимжиж байна.
-Тайванийн их сургуульд магистр хамгаалсан юм байна. Олон улсад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлэх боломж хэр байдаг вэ?
-Боломж бүрэн бий. Магистр, доктор хамгаалах сэдвийн сонголт маш их. Компьютерын ухаан нь их том салбар учир судлагдаагүй, судлах шаардлагатай сэдэв их байдаг. Ялангуяа хиймэл оюун ухаан, Machine learning (Мэдээллийг задлан шинжлэх аргыг автоматжуулдаг өгөгдөл шинжилгээний арга хэлбэр) талдаа маш их бий. Тиймдээ ч тэтгэлэгт хөтөлбөр, тэмцээн уралдаан ч их зарлагддаг.
-Таны ур чадвар гэсэн чинь NodeJS, MySQL, PHP гээд кодтой холбоотой бүхий л төрлийн программ, платформуудын жагсаалт цувраад 20 гарсан байсан л даа. Эдгээрийг сургуульдаа эзэмшиж авдаг уу? Ажиллах үеэрээ суралцсан уу?
-Ажиллах үедээ үргэлж суралцаж байдаг. Өмнө хэлж байсанчлан тогтмол өөрийгөө хөгжүүлж байхгүй бол хоцрогдчихдог мэргэжил. Зөвхөн их сургуульд сурсан мэдлэгээрээ насаараа ажиллаад байх боломжгүй. Миний ур чадварын жагсаалтад бичигдсэн технологиуд дунд хуучраад одоо ашиглагдахаа больчихсон технологи ч бий.
Сургуульдаа мэргэжлийнхээ суурийг сайн сурч авах нь маш чухал. Алгоритм гэж юу вэ?, Объект хандалт гэж яг юу вэ?, Дизайн паттерн гэж юу вэ?, Программ хангамжийн архитектур гэж юу вэ? гэх зэрэг бусад олон суурь ойлголтуудаа маш сайн сурах хэрэгтэй. Мөн хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагатай. Бас ажиллаж байгаа байгууллага нь программ хангамжийн инженерүүдийнхээ ур чадварыг хөгжүүлэх талаас анхаарах нь их нөлөөлдөг. Энэ жилийн хувьд манай байгууллага инженерүүдийнхээ ур чадварыг сайжруулахад нэлээд ажил төлөвлөсөн.
БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭХ, ТҮГЭЭХ, ХЭРЭГЛЭГЧИД ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ НЭГ ДОРООС АВАХ БОЛОМЖТОЙ
-Хамгийн анхны ажлынхаа тухай яриач. Ажлын эхний өдөр ямар байв?
-Би ажлын байр сонгохдоо хувь хүний хувьд, мэргэжлийн ур чадварын хувьд хөгжих боломжтой байгууллагыг сонгохыг эрмэлзэж байсан. Ингээд 2015 онд Монгол Контент ХХК-ийг сонгосон. Учир нь тус компани нийтэд танигдсан олон сайн төслүүдийг хэрэгжүүлчихсэн байв. Тухайн төслүүдэд оролцох, хамт бүтээлцэхийг хүсэж байлаа. Намайг ажилд орж байх үед Gogo blog, Yahoo messager шиг Gogo messenger, дээжис цахим сэтгүүл, соронзон хүү гар утасны тоглоом, Gogo kids, Gogo music гээд тухайн үедээ брэнд болж байсан олон гоё төслүүдийг хэрэгжүүлсэн байв. Би зорьсныхоо дагуу уг төслүүдийн ихэнхэд нь орж, сайжруулалт хийж ажилласан.
Анх ороход ажиллах орчин их таалагдсан. Манайхан чөлөөт цагаараа ажил дээрээ биллиард, ширээний теннис, Play Station тоглож байлаа. Цайны цагаар нь орж ирсэн нь тэр. Өөр байгууллагад ийм жишиг ховор шүү.
-2015 оноос хойш Монгол Контент компанид тасралтгүй зургаан жил гаруй хугацаанд ажилласан юм байна. Нэг компанидаа олон жил болсныг бодоход ажилдаа, компанидаа дуртай бололтой. Компанийнхаа тухай яриач ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай компани их онцлогтой. Хэрэв бусад IT-н компанид орвол зөвхөн IT мэргэжилтэй хүмүүстэй л харилцана, зөвхөн тухайн салбарынхаа хүрээнд л мэдээлэл, мэдлэг цуглуулна. Монгол Контентод бол өөр. Энд чи зураач, сэтгүүлч, найруулагч, аниматор, зохиолч, программ хангамжийн инженер, маркетинг, санхүү гээд олон салбарын хүмүүстэй хамт ажиллаж, танилцах боломжтой байдгаараа их онцлогтой, сонирхолтой. Мөн олон сонирхолтой төслүүд рүү орж хөгжих боломжтой байдаг. Манай компани чинь маркетинг PR, мэдээллийн технологи чиглэлээр вебсайт, мобайл апп хөгжүүлэлт, загвар дизайн гаргах, анимэйшн комик зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани чинь мэдээллийн технологийн чиглэлээр вебсайт, мобайл апп хөгжүүлэлт хийж загвар дизайн гаргахаас гадна бусад олон чиглэлийн бизнесийг тухайн хэрэглэгчдээ зориулж цогц үйлчилгээ байдлаар хүргэдэг. Тухайлбал хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, маркетингийн үйлчилгээний чиглэлд Gogo agency гэж бий. Анимэйшн комик, график дизайн чиглэлээр хүүхэд багачуудын сайн мэдэх Маамуу, Ногун брэндүүд бий. Энтертайнмент салбарт гэвэл дуу хөгжмийг үүрэн холбооны 4 операторын хэрэглэгчдэд гар утасны эгшигт дуудлагын үйлчилгээ байдлаар хүргэж байна. Бас гадаад дотоодын стрийминг үйлчилгээнд түгээж байна. Мөн аливаа үйл ажиллагаа, хурал цуглаан, баяр наадмыг биетээр болон онлайнаар зохион байгуулах Event management үйлчилгээг хийж байна. Эдгээрээс харах юм бол бүтээгдэхүүн хөгжүүлэх, түгээх, хэрэглэгчид хүргэх дамжлагуудыг багцлан хийчихмээр нэг тийм Content Hub болчхож байгаа юм л даа.
-Аливаа албан байгууллагад цалин хөлс, дур сонирхлоос гадна хамт олны уур амьсгал маш чухал шүү дээ. Монгол Контент хэр найрсаг газар вэ?
-Монгол Контентын хамт олны уур амьсгал халуун дотно, найрсаг, бусдадаа сурч хөгжих боломжийг олгож, мэдлэгээ түгээж чаддаг. Мөн компанийн уриа “Монгол Контент - Үндэсний агуулгыг дэлхийд” гэх нь их таалагддаг. Тиймдээ ч бид сүүлийн жилүүдэд олон улсын төслүүд дээр ажилласаар байна.
-Зургаан жилийн хугацаанд компанидаа хэрхэн өсөж дэвжив?
-Би анх программ хангамжийн инженер ажлын байранд орж байсан. Хоёр жил гаруй ажиллаад ахлах инженер болсон. Цэвэр программ хангамжийн хөгжүүлэлт бүтээгдэхүүн дээрээ төвлөрч ажиллаж байсан гэсэн үг. Түүний дараа төслийн менежер. Одоо хэлтсийн менежерээр ажиллаж байна.
-Хэлтсийн менежер юу хийдэг вэ? Код бичдэг хэвээрээ юу?
-Голдуу хариуцаж байгаа төслүүд, хэлтсийнхээ үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Хуучнаа бодвол код бичих нь багассан. Шаардлага гарвал код бичдэг.
-Ажиллаж байсан хамгийн хэцүү эсвэл хамгийн сэтгэлд үлдсэн төслүүдийнхээ тухай яриач. Gogo, Yolo, Maamuu, Candy гэх мэт олон төсөл дээр ажилласан байна шүү дээ.
-Candy, Yolo, GoGo rebranding, Maamuu төслүүд дээр анхнаас нь ажилласан. Бүгд л сурах зүйл ихтэй, туршлага хуримтлуулсан төсөл байсан. Яггүй чадвар шаардсан Candy төсөл одоо Monpay нэртэй болсон ба хүн бүр үр шимийг нь хүртээд явж байна. Yolo-гийн хувьд "өсвөр үеийнхэнд зориулсанд мэдээлэл түгээх вебсайт байдаггүй юм байна" гээд манайхан дотроосоо тусгайлан зориулсан вебсайт хийх санаа гаргаж сэтгэлд үлдсэн төсөл байсан. Эдгээр төслүүдээс олон улсын түвшинд программ хангамжийн төслийн үе шат, бүтээгдэхүүнийг зах зээлд хэрхэн амжилттай нэвтрүүлэх гэх зэрэг олон чухал мэдлэг, чадварыг олж авсан.
Манайх программ хангамжийн бүтээгдэхүүнээ олон улсын стандартын дагуу хийхийг зорьдог. Олон улсын ISO стандарттай болохыг зорин ажиллаж байна. Үүний гол санаа нь бид гаднын зах зээл рүү орж ажиллах зорилготой байгаагийн илрэл юм. IT салбар нь өөрөө аль нэг улсын хилээр хязгаарлагдахгүй хаанаас ч хамтран ажиллах боломжтой. Тиймээс бид Мьянмар улсад 2016 оноос эхлэн олон улсын төсөл хэрэгжүүлж ажилласаар байна.
-Танай байгууллага ихэвчлэн ямар хугацаатай төсөл дээр ажилладаг вэ? Ажиллах боломжтой ямар нөхцөл, шаардлагууд бий вэ?
-Бид голдуу урт хугацааны томоохон төслүүд дээр төвлөрч ажилладаг. Зарим онцгой нөхцөлд захиалагчдын хүсэлтээр богино хэмжээний төслүүд лүү орж ажилладаг.
-Нууц биш бол одоо ямар төсөл дээр ажиллаж байна?
-Одоо бид дотоод системүүдийн rebranding дээр төвлөрч байна. Gogo, Yolo, Maamuu төслүүдээ программ хангамж талаасаа сайжруулах төлөвлөгөө гаргаж буй. Мөн урт хугацааны төслүүд дээрээ ажиллаж байна.
-Монгол Контент цаашид хэрхэн хувьсан өөрчлөгдөж ажиллах вэ? AI, Machine Learning гэх мэт технологийн дэвшлүүдийг хэрхэн ашигладаг вэ?
-Дээр дурдсан rebranding-н ажлуудад AI, machine learning технологийг ашиглахаар төлөвлөсөн. Бусад UI/UX, системийн хайлт, хурд, ачаалал даах чадвар зэрэгт ч мөн анхаарал хандуулж, сайжруулан ажиллаж байна. Миний хувьд Монгол инженерүүд дэлхийн бусад томоохон орны инженерүүдээс мэдлэг чадвараар дутахгүй гэдгийг өөрийн биеэр үзчихсэн учраас байгууллагынхаа түвшинд мэдээлэл технологи чиглэлээр олон улсын зах зээлд өрсөлдөхүйц ур чадвартай болохын төлөө ажиллаж байна. Үүний тулд зөвхөн сайн бүтээгдэхүүн хийгээд зогсохгүй олон улсын томоохон стандарт, дүрмүүдийг дотооддоо нэвтрүүлэх шаардлагатай байдаг юм.
-Танай хамт олны давуу тал юу вэ?
-“Монгол Контент” компани 16 жилийн түүхтэй учраас мэдээллийн технологийн салбарт арвин туршлагатай. Монголд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон компани байгаа ч тэд зөвхөн IT-гаар дагнан ажилладаг. Түүнчлэн бид аливаа программ хангамжийн дизайнд их анхаардаг. Бидний баримталдаг гол зарчим бол захиалагчийнхаа бүтээгдэхүүнийг хугацаанд нь чанартай хийх. Захиалагчийн сэтгэл ханамж бол гол зорилго.
-IT салбарын ирээдүй хэрхэн өөрчлөгдөж байна вэ? AI, Machine Learning-д ажлаа булаалгах эрсдэл бий юу?
-Тэтгэвэрт гартлаа AI-д ажлаа булаалгахгүй байх. (инээв) Дэлхий нийтэд дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан бүх зүйл цахимжиж байна. Манай салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлуудын шийдэл болох microservice, blockchain гээд олон сайн технологиуд гарч ирсээр байна. Ойрын 10 жилд IT салбар улам илүү эрчимжиж, жинхэнэ утгаараа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсал явагдах болов уу. Манай салбарын хувьд хийж ажил маш их байна.
-Эцэст нь энэ чиглэлээр мэргэших гэж буй залууст зориулан зөвлөвөл. Хаана сурах, сурахдаа юуг анхаарах гэх мэт.
-Манай салбарт орж ирж байгаа залууст хандаж хэлэхэд тогтмол өөрийгөө хөгжүүлж, сурч мэдэхийн төлөө хичээгээрэй. Аль ч программчлалын хэлийг онлайнаар, интернэт ашиглан бие даан сурах боломжтой. Үүнийг ашиглаж өөрийн сонирхсон чиглэлээрээ бие дааж суралцаарай. Компьютерын ард удаан хугацаагаар суух шаардлага их гардаг учир дасгал хөдөлгөөн сайн хийж байгаарай гэж зөвлөе.
Монгол Контент ХХК-ийн хамт олон
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх