Davaidasha: Миний дууг сонсож байгаа хүн бүрийг битгий ганцаардаасай гэж хүсдэг


Өө чи чинь нээрээ

Яг өөрийнхөө хүссэнээрээ

Намайг орхиод явсан биз дээ?

Одоо гэнэт намайг яагаад эргээд бодоо вэ?

Би ямар дураа хүрэхээр ирээд суудаг мод уу?

Яг өмнөх шигээ намайг битгий дүгнэ

Би хүсэхгүй байвал битгий хүчлээч”

Дээрх мөртүүд уншигч таны аманд аялагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид энэ удаагийн ярилцлагадаа шинэ, залуу уран бүтээлч Davaidasha-г урьж оролцууллаа. Түүний дотоод ертөнцөөр хамтдаа аялцгаая!

YOLOЮун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-       Сайн байцгаана уу. Намайг Ганболдын Ариунболд гэдэг. Эрдэнэт хотод төрж, өссөн. Одоо 19 настай. Өнгөрсөн жил ахлах сургуулиа төгссөн. Тайзны нэр маань Davaidasha.

YOLOБага насных нь тухай яриагаа эхлүүлье. Урлагтай ойр өссөн үү? Ер нь ямархуу хүүхэд байсан бэ?

-       Би багадаа спортлог хүүхэд байсан. Тиймээс ч олон янзын секц, дугуйланд хамрагддаг байв. Тэгээд тавдугаар ангид байхдаа гудамжны бүжиг гэх зүйлтэй анх танилцаж, түүнээс хойш найман жилийн турш Хип хоп бүжгийн төрлөөр хичээллэсэн. Харин сүүлийн нэг жилийн хувьд бүжгээ түр орхичхоод байгаа. Урлаг надтай ойр байсан уу гэвэл яг ч тийм биш ээ. Багаасаа л шинэ зүйлсийг эрэлхийлдэг байсан болохоор урлаг руу би өөрөө яваад очсон гэж хэлж болно.

YOLOХэзээнээс дуу бичиж эхэлсэн бэ?

-       Мэдээж Hip hop бүжгээр хичээллэдэг байсан учраас энэ төрлийн дуу хөгжим, соёлд үнэхээр их хайртай. Тэгээд үглэхийг хүсээд нэг л мэдэхэд үг бичээд эхэлчихсэн байсан. 2016 юм уу, 2017 оны үеэс л байх. Багадаа шүлэг зохиохдоо сайн байсан болохоор сүүл, толгой холбох зэрэг дээр нэг их асуудал байгаагүй. Мөн бүжгийн ачаар хангалттай их дуу сонссон болохоор бичсэн үгээ аян дээрээ асуудалгүй тохируулаад үглэчихдэг байсан л даа. Харин сүүлийн үед үглэхээс илүү дуулахыг хүсэж байгаа.

YOLOАнхны дуугаа хийж байсан үеэсээ дурсвал?

-       2017 онд анхны дуугаа бичүүлж байсан. Тухайн үед найзтайгаа хамт мөнгөө цуглуулж байгаад Эрдэнэт хотод байдаг ганц студид хоолойгоо бичүүлж байлаа.

YOLOТаны дуулалтад өөрийн гэсэн донж байдаг юм шиг санагдсан. “Ш” үсгэн дээр илүү тод дуудлагатай байгаа юм шиг анзаарагдсан л даа. Ер нь дуу бичихдээ юун дээр түлхүү анхаардаг вэ?

-       Би өөрөө ч анзаарч байгаагүй юм байна. Надад дууны үгээ аялгуутайгаа хэрхэн холбож байгаа нь их чухал санагддаг. Үглэлтээр бол “flow” гэсэн үг л дээ.  Ерөнхий дууны утга санаа гарчихсан байхад л хангалттай.

YOLOУран бүтээлийг нь ойр дотнын хүмүүс тэр дундаа гэр бүл нь хэр их дэмждэг вэ?

-       Би эмээтэйгээ хамт амьдардаг. Эмээ маань сүүлийн үед л миний дуунуудыг ойлгож эхэлж байгаа. Эхэндээ бол сайн ойлгодоггүй байсан. Гэхдээ эмээ үргэлж намайг өөрөөр минь байлгаж, хүссэн зүйлсийг маань чөлөөтэй хийлгэдэг. Үүнд нь их баярладаг шүү.

YOLOТайзны нэрнийх нь тухай асуумаар байна. “Давай Даша” гэж ойлгосон. Зөв үү?

-       Зөв ойлгосон байна. Даваадаш гэх монгол нэрийг “маяг” оруулаад Davaidasha болгочихсон юм. Энэ миний анхны нэр л дээ.

YOLOДуу хөгжмөөс авдаг мэдрэмжээ нэг өгүүлбэрээр илэрхийлээч?

-       Амьдралаа кино гэж төсөөлбөл дуу хөгжим бол яах ч аргагүй хамгийн чухал хэсэг нь болж байгаа юм. Бүхий л цаг үед бидэнд хань болж ганцаардуулахгүй гэсэн үг. Харин дуу хөгжмөөс авдаг мэдрэмж гэвэл дэндүү олон байгаа.

YOLOТэгвэл таны дууг сонсож байгаа хүнийг юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ? Мэдээж хүн бүр өөрийн гэсэн мэдрэмжийг авах ч тухайн дууг туурвиж байгаа уран бүтээлчийн зүгээс өгөхийг хүссэн мэдрэмж гэж байгаа байх.

-       Битгий ганцаардаасай гэж хамгийн их хүсэж байна.

YOLO:  Тэгвэл цаашдаа олон уран бүтээл хийж сонсогчдоо бүү ганцаардуулаарай. Мэдээж танд шантрах үе гэж байдаг байх. Тэр үед өөртөө заавал хэлдэг үг эсвэл хийдэг зүйл гэж байгаа юу? Ер нь залуу насныхаа эрч хүчийг хаанаас авч байна даа?

-       Хийж байсан зүйлээ орхиод түр амрах юм уу эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулдаг. Би хэзээ үргэлжлүүлэх вэ гэдгээ сайн мэддэг л дээ. Гэхдээ одоогоор энэ бүхнийг эхлүүлсэн шалтгааныг минь давахуйц шантрах зүйл гарч ирээгүй байгаа. Хүн ер нь өөрийнхөө юу хийхийг мэдэрч чаддаг байх нь урагшлахад хамгийн их нөлөөлдөг гэж боддог. Харин залуу насныхаа эрч хүчийг нойрноос л авч байна даа.

YOLO:  Үргэлжлүүлээд “Чи чинь нээрээ” дууных нь тухай ярилцъя. Юун түрүүнд 1.9 сая хандалт давсанд нь баяр хүргэе. Энэ уран бүтээл хэдий хугацаанд бүтсэн бэ?

-       Баярлалаа. Ерөнхий дууны бүтэц нь нэг шөнийн дотор гарсан. Тэгээд яг бүрэн дуусах хүртлээ 1-2 хоног л болсон байх. Харин клипний хувьд бага зэрэг хугацаа орсон.

YOLO:  Тэгвэл та энэ дуун дээрх шиг хайртай учирч байсан болов уу?

-       Учирч байгаагүй. Ер нь найз охин нь эргээд нийлье гэхэд “Үгүй ээ, Bye” гэх залуу ховор байх л даа. Ихэнх залуус л найз охин дээрээ буцаж очоод нийлэхийг гуйдаг юм шиг санагддаг. Гэхдээ бүгд гээгүй шүү. Тэгэхээр энэ дууны үгийг би эмэгтэй хүний байр сууринаас бичсэн гэж хэлж болно.

YOLO:  Клипний хийцийн хувьд их сонирхолтой санагдсан. Энэ санаа хэрхэн бүтсэн бэ?

-       Манай найруулагч Дөлгөөн гээд залуу санааг нь гаргаж найруулсан байгаа. Уур амьсгал, орчин, эд хэрэглэлийн хувьд Зөвлөлт Холбоот Улсын хэв маягтай байгаа нь миний тайзны нэртэй холбоотой.

YOLO:  Ингэхэд Davaidasha хэр эмо вэ? Дуунуудынх нь утгаас харахад ихэнх нь хайр дурлал, хагацал гунигтай холбоотой байсан.

-       Гунигламаар байвал тэгээд гуниглачихдаг даа. Мэдрэг үедээ мэдрэг тийм л хүн. Дуунуудын тухайд гэвэл эморсон үедээ хийсэн дуунууд олон байгаа.

YOLO:  Та ямар үед дуу зохиох ажилдаа хамгийн их төвлөрдөг вэ?

-       Сэтгэл зүй тогтворгүй байх үедээ дууны үг сайн бичдэг шүү. Хэдэн цагт байх нь тийм ч чухал биш. Мөн хамгийн гол нь бие маань ядраагүй байвал илүү үр бүтээлтэй ажилладаг.

YOLO:  Таны амьдралдаа баримталдаг хамгийн чухал зарчим юу вэ?

-       Сүүлийн үед өөртөө үнэнч байхыг хамгийн их хүсэж байна даа.

YOLO:  Сонсох дуртай уран бүтээлчээсээ хуваалцаач? Ер нь хэнээс хамгийн их урам зориг авдаг вэ?

-       Маш олон хүн байгаа ч дуунуудыг нь хамгийн их сонссон хүн бол Lil Peep. Хэнээс хамгийн их урам зориг авдаг вэ гэвэл эргэн тойронд минь байгаа бүх хүн гэж хэлнэ. Бас амьд тоглолт, фестивалиуд үзэж өөрийгөө цэнэглэх дуртай. Ер нь амьд байгаа л бол ямар нэгэн зүйлээс урам зориг авч байгаа гэсэн үг шүү дээ.

YOLO:  Та өөрийнхөө сонирхдог төрлийн эмэгтэйг дүрслээч? Олон охин сонирхож байж магадгүй.

-       Харин л дээ. Өмнө нь нэг их бодож байгаагүй юм байна. Гэхдээ сэтгэл зүйч шиг намайг сайн сонсдог бас ярилцдаг байвал таалагдана. Мөн урлагийн тэр дундаа хөгжмийн мэдрэмж сайтай байх хэрэгтэй. Гадаад төрхийн хувьд би Орос, Украйн гээд европ төрхтэй эмэгтэйд дуртай.

YOLO:  Сүүлчийн асуултаар хамгийн том зорилгыг тань сонсмоор байна. Хуваалцаж болох уу?

-       Хүнд битгий хэлээрэй. Энэ бол маш холын зорилго л доо. Би Грэмми авахыг хүсдэг.

YOLO Цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

#Ярилцлага #Залуус #Алдартан