Сэтгэцийн эрүүл мэндээ хайрлах 15 өдрийн #challenge


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2021-06-24


Бид өдөр бүр цаг гаргаж арьсаа арчилж, цахим орчноос өөрт хэрэгтэй мэдээллээ хүлээн авдаг хэдий ч сэтгэцийн эрүүл мэнд гэх чухал асуудлыг "хойш тавьдаг" гэхэд хилсдэхгүй. Тиймээс бидний зүгээс арван таван өдрийн турш сэтгэцийн эрүүл мэндээ хайрлаж хамгаалах сонирхолтой challenge-ийг танилцуулж байна.

Өдөр 1: Ус уух

Хангалттай хэмжээний ус уух нь зүрх судас, хоол боловсруулах чадварт эерэгээр нөлөөлөхийн сацуу эрч хүч нэмэгдүүлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

Гэсэн хэдий ч усыг зохистой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй шүү. Мөн ус уухад хамгийн тохиромжтой ба тохиромжгүй үеийн талаар мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

Өдөр 2: Эрүүл хүнс хэрэглэх

Хүний биед сөрөг нөлөөтэйг нь мэддэг хэрнээ л хэрэглээд л байдаг хүнс байдаг шүү дээ. Тэгвэл үүнээсээ татгалзаж эрүүл хооллолтыг зуршил болгоорой. 


Өдөр 3: Йог хийх

Өнөөдөр өөрийгөө тайвшруулж йогоор хичээллээрэй. Ингэхдээ аль болох өөрт таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Жишээ нь: төгөлдөр хуурын ая сонсох, эргэн тойрондоо лаа асаах, цонхоо онгойлгох гэх мэт...


Өдөр 4: Шинэ зүйл туршиж үзэх

Үсний засалтаа өөрчилөх, шинэ хоолны жор туршиж үзэх, шинэ хобби эхлүүлэх гэх мэт энгийн зүйлсээс амар амгаланг мэдэрвэл гайхалтай биш гэж үү.


Өдөр 5: Ном унших

Өөрт тухтай газар сонгож аваад уншихыг хүссэн номоо эхлүүлээрэй. Ингэснээр тайвшралыг мэдрэхээс гадна багахан мэдлэгийг ч хуримтлуулж амжина шүү дээ. Нэг сумаар хоёр туулай!


Өдөр 6: Унтлагын цаг

Сэтгэцийн эрүүл мэндээ дэмжих шалгарсан арга бол унтах ёстой цагтаа унтаж амрах явдал юм. Ингэхдээ өдрөөр бус шөнөөр унтах ёстой шүү!
Жишээ нь: Оройны есөн цагт унтдаг бол өнөөдөр найман цагт унтах.
Нойр тань хүрэхгүй, унтаж чадахгүй байвал бидний бэлтгэсэн хурдан унтахад туслах аргыг ЭНД дарж уншаарай.

Өдөр 7: Тайвшруулах цай бэлдэж сурах

Ядарсан, стрессд автсан, уурласан үедээ өөрийн брэндийн цайгаа уувал гоё биш гэж үү. 
Өөрийн брэндийн цай бэлтгэхэд туслах жорыг ЭНД дарж уншаарай. 

Өдөр 8: Тасалгааны ургамал тарьж эхлэх

Ургамал нь агаарын чанарыг сайжруулж, таны сэтгэцийн эрүүл мэндийг дэмждэг. Тасалгааны олон ургамал дундаас өөрт таалагдсан нэгийг сонгоод тарьж эхлээрэй. Анхааруулга: Дэлхийн 10 хүн тутмын 3 нь ургамлын харшилтай байдаг. Иймээс та энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлэхээсээ өмнө ямар нэг ургамлаас харшилтай эсэхээ тодорхойлоорой. 
Image03


Өдөр 9: Өглөөний зөв дадалтай болох

Зөв дадал гэдэг хамгийн чухал. Өглөө сэрээд л ажил, сургууль руу гаа яаран гарахгүйгээр этлэн сэрж өдрийг зөв дадлаар эхлүүлээрэй. Жишээ нь: Ороо хураах, нүүр гараа угаах, өглөөний цайгаа уух, өдрийн төлөвлөгөө гаргах гэх мэт. 


Өдөр 10: Цахилгаан хэрэгслээс зайлс хийх

Бидний амьдралын хэв маяг дижитал хэлбэрт шилжсэн ч цахилгаан хэрэгсэл бидний дайсан билээ. Хэсэгхэн хугацаанд утас, зурагтаа унтраагаад гэрийн булан бүртэйгээ танилцаж, хөгжилтэй аяллыг эхлүүлээрэй. 


Өдөр 11: Долоо хоногийн зорилготой болох

Бүтээмжээ дээшлүүлэхийг хүсвэл 7 хоногийн зорилгоо бичиж эхлээрэй. Ингэснээр таны бүтээмж дээшилж, хариуцлага, хэлсэн үгэндээ эзэн байх, олон зүйлийг нэгэн зэрэг хийж сурах гэх мэт олон чадварыг өөртөө суулгаж болно. 
Жишээ: Эхлүүлсэн ном, киногоо дуусгах, өдөрт 1 үг цээжлэх, математикийн 3 бодлого бодох, найзтайгаа утсаар ярих гэх мэт


Өдөр 12: Талархлын өдөр

“Цаг үргэлж талархаж бай” гэдэг өгүүлбэрийг хаа нэгтээгээс сонсож байсан л байх. Тэгвэл өнөөдөр сонссоноо хэрэгжүүлэх өдөр. “Дэлхий ертөнц, нар, салхи, ус, хөрс, эцэг эх, багш, найз нөхөд байхгүй байсан бол одоогийн Би ямар байх бол?” гэх асуултыг эргэцүүлэн тунгааж, өөрт байгаа хором мөч бүхэнд талархаж БАЯРЛАЛАА гэж хэлээрэй.


Өдөр 13: Их цэвэрлэгээний цаг

Өнөөдөр гэрээ цэвэрлэхгүйгээр өөрийнхөө эд зүйлс, утас, комьпютер, сэтгэл санаагаа цэгцэлж цэвэрлээрэй. Өрөөгөө цэгцэлж байхад тань хараагүй хувцас, хэрэгсэл гараад ирэх ч юм бил үү. Шинэхэн адал явдалд тань АМЖИЛТ ХҮСЬЕ!


Өдөр 14: Захидал бичих

Бид өнөөдрийг хүртэл өөрөөсөө өөр хүнд захидал бичиж байсан. Тэгвэл өнөөдөр өөртөө захидал бичицгээе. Жилийн дараа тэрхүү захидлаа уншвал гоё биш гэж үү.


Өдөр 15: Дүгнэлт

Өнгөрсөн 15 хоногийн турш өөрт ямар мэдрэмж төрсөн, хамгийн гоё дурсамжийг хэд дэх өдөр бүтээлцсэн гэх мэтээр дүгнэн тэмдэглэл бичээрэй.

АМЖИЛТ ХҮСЬЕ!

 

 

 

 

 

 

#Сэтгэцийн эрүүл мэнд #Challenge