"ЕВРО-2020" тэмцээний тухай сонирхолтой баримтууд


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-06-23

Хөлбөмбөгийн спорт Их Британи улсад анх үүссэн бөгөөд өдгөө дэлхийн өнцөг булан бүрд тархаж дэлхийн хэмжээний тэмцээн болжээ. Тийм ч учраас дөрвөн жил тутамд дэлхийн аварга багийг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж эхлээд 83 жил өнгөрчээ. Харин үүнтэй сөөлжүүлэн мөн л дөрвөн жилийн зайтай Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн юм. Ийнхүү та бүхэнд "ЕВРО-2020" буюу ЕАШТ-ий тухай олон сонирхолтой баримтыг хүргэе.

Энэ удаагийн "Европын Аварга Шалгаруулах Тэмцээн" 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрөөс долоодугаар сарын 11-ний өдөр хүртэл яг нэг сарын хугацаанд зохиогдож байгаа юм.

Нэрийг нь хэлэхээс ч залхам өнөөх л цар тахлаас шалтгаалан 2020 оны зун зохиогдох байсан тэмцээн бүтэн жилээр хойшилж энэ онд зохиогдож байгаа аж. 

 

ЕАШТ-д нийт 24 орон оролцож байгаагаас Финланд болон Хойд Македони орны шигшээ баг анх удаа уг тэмцээнд оролцож байгаа аж. Харин Европын аварга Португалийн баг, дэлхийн аваргууд болох ХБНГУ болон Франц улсын шигшээ баг ЕАШТ-д тасралтгүй 13 удаа оролцож рекордоо шинэчилж байна.

11 хотын 11 цэнгэлдэх хүрээлэнд нийт 51 тоглолт болох төлөвлөгөөтэй байгаа аж.

Үүнээс Лондон хотын Вемблей цэнгэлдэх нь хамгийн олон хүний суудалтай (90.000) тул уг цэнгэлдэхэд хагас финал болон финалын тоглолт болох юм байна. 

Тоглолтод ашиглах бөмбөгийг Adidas компаниас үйлдвэрлэсэн бөгөөд уг бөмбөг нь Uniforia гэдэг нэртэй. Энэ нь unity (эв нэгдэл) болон euphoria (баяр баясгалан) гэх үгсийн нийлэмж гэнэ.

Английн шигшээ баг нийт 31 тоглолтод оролцсон ч хэзээ ч финалын тоглолтод хүч үзээгүй нь харамсалтай. Угтаа хөлбөмбөг энэ улсаас эхлэлтэй шүү дээ.

Цар тахал дуусаагүй ч Европын орнуудад халдварын тоо буурсан тул цэнгэлдэх хүрээлэнг 20-50 хувийн дүүргэлттэй байхыг зөвшөөрсөн ба үнэнч фанатууд хөлбөмбөгөө үзэх боломжтой болжээ. 

Энэ удаагийн тэмцээний бэлгэ тэмдэг буюу маскот нь Skillzy гэсэн нэртэй бөгөөд чөлөөт хэв маяг, эвсэлтэй хууралтаас сэдэвлэсэн дизайнтай.

Энэ удаагийн сүлд дуу бол Нидерланд улсын уран бүтээлч Martin Garrix,  Bono болон the Edge нарын хамтран бүтээсэн “We are the people” гэх уран бүтээл юм. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ямар ч улсын чартад тэргүүлээгүй аж. 

 

#спорт #хөлбөмбөг #ДАШТ #ЕАШТ