Унтахын өмнө идэхэд тохиромжтой хүнсний бүтээгдэхүүнүүд


Миау | YOLO.MN
2021-06-18

Нойр болон хооллолтын тогтсон хэв маягтай байх амаргүй. Нэн ялангуяа техник технологи хөгжсөн өнөө үед тогтсон хэв маягтай байх нь битгий хэл эрт унтах ч амаргүй болжээ.

Тэгвэл зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн ходоодны өлийг дараад ч зогсохгүй тайван унтаж амрахад тусалдаг гэнэ. Ингээд орой унтахын өмнө идэхэд тохиромжтой болон тохиромжгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. 

Орой тогтсон цагт унтах дадалтай болохын тулд цэнхэр гэрэл ялгаруулагч техник хэрэгслүүд болох зурагт, суурин болон зөөврийн компьютер, гар утас зэргийг орондоо орохоос дор хаяж нэг цагийн өмнө унтраах хэрэгтэй. Мөн зарим хоол хүнс нь таны нойрны хэмнэлийг өөрчлөх хэмжээний нөлөөтэй учир юуг хэзээ идэхээ хүртэл анхаарах ёстой байна.

Дараах шим тэжээл агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг унтахын өмнө хэрэглэхэд тохиромжтой байна. Үүнд:

- Триптофан – Энэ нь нойр болон сэтгэл хөдлөлийг зохицуулахад тусалдаг амин хүчил юм.

- Магни – Бие махбодод их олон төрлийн ашиг тустай. Үүний нэг нь бөх нойрсоход туслах явдал. 

Сонирхуулан хэлэхэд триптофан болон магни нь хоёул нойрны мелатонин дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна.

УНТАХЫН ӨМНӨ ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ ХҮНС: 

1. ИНТООР – Цөөнгүй судалгаагаар унтахынхаа өмнө интоор жимс идсэн хүмүүс илүү удаан хугацаанд бөх нойрссон байдаг.

2. ГАДИЛ – Гадил жимс дээр дурдсан магнигаар баялаг бөгөөд мелатонины ялгаралтыг эрс нэмэгдүүлдэг. Мөн сайн чанарын нүүрс ус агуулдаг учраас оройн цагаар өлссөн тохиолдолд идэхэд нэн тохиромжтой. 

3. ХУШГА – Эрүүл өөх тосоор баялаг гэдгээрээ алдартай хушга самар нь мелатонины агууламж өндөртэй. Иймд таныг мөн л урт хугацааны турш бөх амрахад тань тусална.

4. ЦАЦАГТ ХЯРУУЛЫН МАХ – Триптофаныг хамгийн ихээр агуулдаг цацагт хяруулын маш бол унтахын өмнө идэхэд хамгийн тохиромжтой хүнсний нэг. Хэрэв та унтахынхаа өмнө хушга, гадил, интоор жимс идээд ч сайн унтаж чадахгүй байвал цацагт хяруулын махтай сэндвич идээд үзээрэй. Гэхдээ мэдээж унтахаас дор хаяж 2-3 цагийн өмнө!

5. СҮҮ – Энэ жагсаалтад сүүг багтаахгүй бол алдас болох биз. Сүүнд ихээр агуулагддаг триптофан, кальци зэрэг эрдэс бодисууд бат бөх унтахад тусалдаг.

УНТАХЫН ӨМНӨ ИДЭХЭД ТОХИРОМЖГҮЙ 

1. ЦИТРУСНЫ ТӨРЛИЙН ЖИМС – Жүрж, ханжүрж, нимбэг зэрэг цитрусны төрлийн жимс нь биед сайн хэдий ч өдрийн эхээр хэрэглэвэл тохиромжтой.

2. ХАЛУУН НОГОО – Унтахын өмнө хэрэглэхэд хамгийн тохиромжгүй хоол хүнсний нэг бол халуун ногоотой хоол. Учир нь энэ төрлийн хүнсийг боловсруулахад биеэс чамгүй хэмжээний энерги зарцуулагддаг. 

3. ШОКОЛАД – Шоколад нь кафейн буюу биеийг сэргэг байлгадаг бодисыг агуулдаг учраас оройн цагаар хэрэглэх нь тохиромжгүй.

4. ШАРСАН, ХУУРСАН ХҮНС – Шарсан, хуурсан хүнсийг боловсруулахад чамгүй их хугацаа болон энерги зарцуулагддаг учраас мөн л унтахын өмнө хэрэглэхэд тохиромжгүй байна.

5. СОГТУУРУУЛАХ УНДАА – Согтууруулах ундааг хэрэглэхэд эхэндээ нойр хүрч байгаа юм шиг санагддаг боловч яг унтах гээд хэвтэхэд байдал өөрчлөгддөг. Ганц хундага дарс хүртэл нойрны чанарт нөлөөлөх боломжтой. Өөрөөр хэлбэл шөнийн турш унтсан ч сайн амарч чадалгүйгээр маргааш өдөр нь ядарсан мэдрэмжээр дүүрэн байдаг. 

Эх сурвалж: Headspace

#Эрүүл мэнд #Хоол #Нойр #Дэглэм