Э.Урангоо: ӨСВӨР НАСАНД хүний амьдралын ГОЛ СУУРЬ ТАВИГДДАГ


Цацаа | YOLO.MN
2016-10-04

Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа олон улсын хэмжээний "Face of beauty International 2016" гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа үндэсний ялагч Э.Урангоотой ярилцсан юм.

Тэрбээр урлаг спортод сонирхолтой, зүгээр сууж чаддаггүй, үргэлж өөрийгөө хөгжүүлж, завгүй суухыг эрмэлздэг, дуулдаг, бүжиглэдэг гээд тал талын авьяас ур чадвартай. Мөн спортод сонирхолтой, шатрын тэмцээнд багагүй амжилт гаргаж байсан юм билээ.

Болзсон газраа Э.Урангоо биднийг инээмсэглэн угтлаа. Тэмцээний бэлтгэл гээд хором мөч бүхэн үнэтэй, тун завгүй гүйж байгаагаа учирласан юм.

YOLO: Юуны өмнө үндэсний ялагч болсонд баяр хүргэе! Энэ тэмцээний оролцогч болохын тулд ямар шалгуураар та өөрийгөө тэнцсэн гэж бодож байна вэ?
-Баярлалаа. Би тухайн үед кино зураг авалтанд ороод зав багатай байсан болохоор хөнгөн байдлаар хандаад анкетаа өгсөн байсан. Энэ тэмцээн нь “Мазаалайгаа аваръя” гэсэн уриатай.

Тиймээс миний 11 жил цагаан хоол идсэн маань тэмцээний оролцогч болоход нөлөөлсөн болов уу гэж бодсон. Мөн амьтныг хайрладаг, байгалд тустай арга хэмжээнүүд зохион байгуулж байлаа. Мөн урлагийн хүн, бас спортлог гээд тал талын чиглэлийг харсан гэж надад хэлсэн.

YOLO: Хүний өсөж төрсөн гэр бүл таны хэн болоход гол нөлөөг үзүүлдэг гэдэг. Урангоогийн гэр бүлийг сонирхож болох уу?
-Би дээрээ нэг эгчтэй, айлын бага охин. Аав ээжтэйгээ ам бүл дөрвүүлээ. Ээж маань гоо сайханч, аав маань урлагийн хүн. Манай аав “Варьете чуулга”-д дуучин жүжигчнээр ажиллаж байсан. Гол мэргэжил нь зураач, барималч. Ааваасаа зурах, баримал хийхийг сурч байлаа. Цэвэр аавын хүмүүжилтэй охин.

Багаасаа оюунлаг талыг баримталж яваад нэг л өдөр цагаан хоолтон болъё гэж шийдсэн юм. Энэ нь амьтныг хайрласан тэр сэтгэлгээтэй маань холбоотой. Аавтайгаа хамт цагаан хоолтон болж байлаа.  Тэр талаар яривал нэлээн их юм ярих байх. Ямар ч байсан мах идэхгүй байх шийдвэр гаргасан.

YOLO: Кино зураг авалт нь саяхан дууссан гэлээ. Өмнө нь та “Мартагдашгүй намар” кинонд тоглож байсан санагдана?
-Энэ миний тоглосон тав дахь кино.  2008 онд анх “Би” гэж кинонд тоглосон. Тэр маань төдийлөн олонд хүрч чадаагүй.  Кино урлаг талаасаа хамгийн анхны гараа нь тэр байсан юм.  2011 онд “Мартагдашгүй намар” кинонд тоглож байлаа. 

Дараа нь найруулагч А.Чингүүний “The call”  аймшгийн кино, мөн дөрөв дэх нь  МҮОНТ-ээр гарсан “Нарны жим” олон ангит кино байсан. 

Саяных “Рекэт” гэдэг нэртэй кино. Уг нь ямар ч мэргэжлийн жүжигчний номын дуу сонсож байгаагүй хэрнээ практик дээр суралцаад явж байна.

 

 

 

Энэ киноны зураг авалт саяхан дууссан. Гол дүрийн таван эмэгтэйн нэгэнд би тоглосон юм. Хөгжилтэй, адал явдалтай, их сонирхолтой, үзүүштэй бүтээл болсон болов уу. Энэ кинотой зэрэгцээд хэд хэдэн киноны санал ирэхэд нь би зохиолыг нь харъя гэсэн. Уг нь кинонд тоглох бодолгүй,  дуугаараа уран  бүтээл илүүтэй хийе гэж бодож байсан юм. Өмнөх жил нь жазз сургалтаа төгссөн байсныг ч хэлэх үү дуу  руугаа оръё гэж  байтал киноны санал ирсэн. Ингээд кино зохиол нь их таалагдаад тоглосон.

YOLO: Киноны дүрийнхээ талаар тодорхой ярихгүй юу. Өөрөөс тань ямар чадвар шаардсан бэ?
-Жинхэнэ Урангоогоос  огт өөр дүр. Нэлээн хурц ширүүн, найзуудынхаа манлайлагч,  рок стильтэй бүсгүй. Надаас хэзээ ч гарахааргүй. Ямар сайндаа  хөдөлгөөн нь болж өгөхгүй. “Түс тас” гэсэн хөдөлгөөнийг гаргах гэж их хэцүү байсан. Рок дуу сонсож, хувцаслалт стиль тэр чигтээ рок болсон. Өөрөө нэлээн төвлөрч  байгаад дүрээ гаргасан даа. Эхэндээ хүнд байгаад сүүлдээ дажгүй болж ирсэн гэж найруулагч маань хэлж байсан. Аравдугаар сарын дундуур манай кино  нээлтээ хийх байх.

YOLO: Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Би маркетингийн менежмент чиглэлээр “Сити” дээд сургууль төгссөн. Бас яг энэ хавар “СУИС”-ийн дуулаачаар төгсөнө.  Сураад ажиллахын хажуугаар дулаачаар олон жил хичээл авч байсан. Ч.Насантогтох багш маань намайг оройгоор ч болтугай дуулаачаар сураад төгссөн нь дээр гэсэн юм. Мэргэжлийн дуучны дипломоо ирэх хавар авна. Өнгөрсөн жил JMUB гээд Монголд зохион байгуулсан Германы жазз төсөлд хамрагдаад суралцсан. Монголын мундаг уран бүтээлчид энэ төсөлд хамрагдсан юм. Энэ сургалтаар дуу хөгжим, тэр дундаа жазз хөгжмийн талаар бүх төрлийн хичээл орж байсан. Бүтэн нэг жил суралцаад шалгалтаа амжилттай өгөөд жазз дуучин болж төгссөн.

YOLO: Цаашдаа дуугаараа голчлон уран бүтээл хийнэ гэлээ. Өөрийн тань уран  бүтээл хэзээ олон нийтэд хүрэх вэ?
-Нийтэд гарсан нь “Мартагдашгүй намар” киноны дуунууд байгаа.  Энэ киноны гурван дуу бий. Нэгийг нь ганцаараа дуулсан. Хоёрыг нь дуучидтай хамт дуулсан байдаг.  Бас хөлбөмбөгийн тухай дууг хамтлаг дуучидтай хамтарч дуулсан. Өөрийн гэсэн дуу клипээ хийлгэсэн байгаа. Гэхдээ хараахан цацаагүй байна. Хувийнхаа уран бүтээлийг өөртөө бүрэн таалагдсан гоё хийхийг зорьж байна.

 

YOLO: Өсвөр насныхаа тухай дурсахгүй юу. Өсвөр насыг туулаагүй хүн гэж байдаггүй. Ямар нэг бэрхшээлийг хэрхэн даван туулдаг байсан бэ?
-Өсвөр насанд хүний амьдралын гол суурь тавигддаг юм шиг санагддаг. Цагаан хоолтон болох шийдвэрээ өсвөр насандаа гаргасан. Мэдээж өсвөр насанд онцгүй зүйл тохиолддог байлаа. Бие биенээ “явуулна”.  Тэрэндээ их эмзэг хандана. Одоо бидэнд энгийн мэт зүйл хүүхэд байхад маш чухлаар хүлээж авдаг байсан. Чин сэтгэлээсээ уйлаад л.

Өсвөр насны хүүхдүүдэд зөвлөхөд өөрийгөө сонсч чаддаг болоосой.  Өөрөө өөртэйгөө байж сураасай. Хэн нэгнээс хамааралтай, хэн нэгнийг хүлээх биш. Өөрөөрөө байж, өөрийн хүсэл мөрөөдлөөр явж сураасай гэж зөвлөмөөр байна. Тэгсэн цагт хэнд ч гомдохгүй хэзээ ч харамсахгүй. Дахин давтагдахгүй бие хүн болоод төрчихсөн юм чинь өөрийн гэсэн ертөнцийг гаргаж ирээд, хөдөлмөрлөөд, хөгжөөд ирэх юм бол нийгэмд хэрэгтэй хүн болно.

Бага байхад надад эмзэг зүйл их тохиолдоно. Түүндээ их шаналдаг байлаа. Аав маань намайг битгий өөрийгөө өрөвдөж уйлаад бай гэж зөвлөдөг байлаа. Түүнээс хойш хэн нэгэнд хэлж яриад уйлах биш, хэн нэгэнд зовлонгоо ярьж хуваалцдаггүй болсон.  Яг зовлоо гэхээр Урангоо хааччихдаг юм бол гэмээр нам жим алга болчихдог. Зовлонг цэвэр өөрөө даван туулж, өөртэйгөө ярилцаад, ганцаараа ухаж ойлгож аливаа бэрхшээлийг давдаг.

YOLO: Өсвөр насныхны дунд яаж өндөр болох вэ, гоё биетэй болох вэ гэх мэтчилэн асуултууд их байдаг юм шиг санагддаг. Аэробекийн багш байсны хувьд тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Өсвөр насандаа хүнд дасгал хийж, төмөр өргөж болохгүй гэдгийг анхааруулмаар байна. Гол нь сунгалтын дасгал сайн хийж байгаарай. Сунгалт байнга хийх нь яагаад ч буруудахгүй. Эмэгтэй хүнд гоо сайхан  гэдэг зүйл салшгүй холбоотой байдаг.  Хөвгүүд тэсэлгүй бодибилдингд явдаг. Хүнд төмөр өргөлгүйгээр гэртээ өглөөдөө хөнгөхөн суниах, хөлнөөсөө зүүгдэх зэрэг сунгалтууд хийвэл зүгээр гэж хэлмээр байна. Хамгийн гол нь эрүүл хооллоорой.  Аль болох хуурай идэх юмнаас татлгалзаарай. Уураглаг зүйл сайн хэрэглэж байхыг зөвлөж байна. Янз бүрийн жүүс мүүс уугаад хэрэггүй дээ.

YOLO: Өөрийгөө боловсруулах тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Учиргүй мундаг сургуульд яваагүй ч гэсэн суралцаад явж байна. 2008 онд аавтайгаа нийлээд телевизийн суваг ажиллуулж байсан. Хоёр жил ажиллуулсан. Тэндээ цэвэрлэгчээсээ авахуулаад бүх юмаа хийдэг байсан. Тэрний дараа аэробекийн багш хийж байсан.  Тэгээд биеэ хэрхэн авч явах, эмэгтэй хүмүүс яавал гоё байх гээд амьдралд хэрэгтэй юм тэрнээс сурч байсан. Дараа нь UBS телевизэд хөтлөгч  сэтгүүлчээр ажиллаж байлаа. Хамт олноосоо их зүйл суралцсан.  Гэх мэтчилэн ажил дээр олон зүйл сурсан даа. Сая ч гэсэн германчуудыг ирэхэд урлаг болон боловсролдоо зэрэг зэрэг анхаарсан.  Ерөнхийдөө хоёр бакалаврын дипломтой болж байна. Гэхдээ хүнд диплом тийм чухал биш. Амьдралын ухаан л гол гэж боддог. Би зүгээр сууж чадаггүй. Байнгын нэг зүйл бүтээж байдаг.
 

ЗАЛУУ НАС ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗҮЙЛ. ЗАЛУУ НАСАНДАА ХҮСЭЖ МӨРӨӨДӨӨД ӨӨРИЙГӨӨ ГОЛОЛГҮЙГЭЭР ТЭРНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ АЛХМУУДЫГ ХИЙЖ ХӨДӨЛМӨРЛӨХ ХЭРЭГТЭЙ

                                                                                                                                                         Э.УРАНГОО

YOLO: Цаашдын зорилго, хүсэл тэмүүллийнхээ талаар ярихгүй юу. Урлагаараа явах уу?
-Цаашдаа өөрийн гэсэн жижиг бизнесээ өргөжүүлнэ. Амьдралын баталгаатай болж, урлаг тал руугаа маш олон зүйл хийх болов уу гэж бодож байна. Мэдээж зурах, барих дуртай, сонирхол талаасаа. Бас хувцасны дизайн гаргах дуртай. Өөртөө хувцас хийгээд өмсчихдөг. Гэхдээ энэ бол миний цэвэр хобби.  Цаашдаа дуугаараа явъя гэж бодож байна. Бас хэнээс ч хамааралгүй дууныхаа ая үгийг зохиохыг мөрөөддөг.

YOLO: Гоо бүсгүйн тэмцээн бол нөгөө талаасаа нийгмийн сайн сайхны элч байх ёстой гэдэг. Таны хувьд нийгэмд тустай зүйл хийж байв уу?
-Би гурван жил дарааллаж  залуучуудын дунд архи тамхигүй шоу зохион байгуулж байсан. Согтоогүй үедээ хүмүүс яаж гоё бүжиглэж болдог вэ гэдгийг залуучууддаа уриалсан юм. Тухайн үед маш олон хамтлаг дуучид ирж байлаа.

Сүүлд Сирийн дүрвэгчдэд зориулсан хандивын тоглолт болсон. Тэрний зохион байгуулалтанд оролцлоо. Дандаа хандивын тоглолтонд очиж байдаг.  Мөн байгал дэлхийд ээлтэй зүйл их хийж байсан. Аавтайгаа хамт нээж байсан телевиз маань хүртэл тэр хандлага руу чиглэж байсан юм. Хүн зориглоод хийвэл бүтэхгүй юм байдаггүй.

YOLO: Миссийн тэмцээнд оролцож байгаагийн тань хувьд таныг гоо сайхандаа хэрхэн анхаардаг талаар сонирхож болох уу?
-Гоо сайхандаа учиргүй үнэтэй ком энэ тэр аваад байдаггүй. Хааяа натураль маск тавиад, энгийн өдрүүддээ будахгүй явдаг. Шаардлагатай үед л буддаг. Хүн тархины булчин амар амгалан байхад хүний нүүрний арьс сайхан байдаг гэж боддог. Хөдөлгөөнтэй байж, сэтгэлийн амар амгалан байх хэрэгтэй гэж боддог. Тийм сүрхий арчилгаа хийдэггүй.  Үе үе мөсөөр  арчих юм уу натураль маск тавьдаг даа.

YOLO: Одооны  хүүхэд залууст юу гэж зөвлөмөөр байна?
-Залуу нас хамгийн үнэтэй зүйл. Бүгд мундаг хүсэл мөрөөдөлтэй. Залуу насандаа хүсэж мөрөөдөөд өөрийгөө гололгүйгээр тэрнийхээ төлөө зоригтой алхмуудыг хийж хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодож байна. Олон цаг унтлаа гээд сайжирсан юм байдаггүй. Эртэч байгаад цагийн зөв зохион байгуулалттай байхад бүх юм нь зэрэгцээд явчихдаг. Өөрийгөө битгий голоорой. Гололгүй урагшаа! Чадах чадах юмаа хийцгээгээрэй гэж хэлмээр байна.

YOLO: Баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье!

#world #miss #beauty