"БИ ЧАМД САЙН" гэсэн үгнээс "ХАРШИЛТАЙ" юм шиг байна


Сондор | YOLO.MN
2016-12-04

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ингэж хэлэхээр нь зүгээр харьцдаг байсан тэр хүүхдээс өөрийн эрхгүй зайгаа бариад байх юм аа

Сайн гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй юм аа гэхэд тэдэнтэй харилцдаг байсан сайхан харилцаагаа хадгалж үлдмээр байна.

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Х гэдэг. Би нэг зүйлийн учрыг олохгүй байгаа юм аа. Би яг л "Би чамд сайн" үгнээс харшилтай юм шиг л байх юм. Ямар ч хүүхэд ингэж хэлсэн, бүр тэр нь миний найз, сонирхдог хөвгүүн эсвэл ангийн хүүхэд ч байсан ингэж хэлэхээр л зүгээр харьцдаг байсан тэр хүүхдээс өөрийн эрхгүй зайгаа бариад байх юм аа. Энэ асуудлаа яаж шийдэх вэ? Найзуудтайгаа ярилцах гэхээр тэднээс санаа зовоод байдаг учраас та бүхэнд хандлаа. Та бүхэн надад туслаач. Сайн гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй юм аа гэхэд тэдэнтэй харилцдаг байсан сайхан харилцаагаа хадгалж үлдмээр байна. Би яах ёстой вэ?
 

ЗӨВЛӨГӨӨ: Найзууд бие биедээ сайн болохыг зохицуулах анхнаасаа л хэцүү

Харин сонирхдог хөвгүүн чинь чамд сайн болсноо илэрхийлбэл сайтар бодох хэрэгтэй.

Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө хэн нэгэн чамд сайн гэдгээ илэрийлж байна гэдэг чи бусдад өөрийгөө сайнаар харуулж, сайн чанараа таниулж чадаж байна гэсэн үг учраас тийм ч муу хэрэг биш. Гэхдээ яг ямар чанар, юуг чинь илүүтэй таалж чамд сайн гэдэг үгийг хэлж цаашлаад үерхэх хүртэл санал тавьж буйг нь мэдэж чадвал хүмүүстэй харилцахдаа цаашид юуг анхаарах вэ гэдэг дээр анхаарч бас болох юм шүү.

Юутай ч чиний хувьд найзуудаасаа хэцүү үгийг сонсмооргүй байгаа бол анхнаасаа харилцаандаа зааг гаргах нь зүйтэй. Найзууд минь надад илүү зүйл хүсэхээр харагддаггүй, эсвэл найзууд хэвээрээ байх нь л илүү гоё гэх мэт “санаа”-нуудыг бүр эхнээсээ л хэлдэг, хэрэв ийм зүйл болбол би өөрөө зугтах гээд байдаг гэх мэтээ сайтар хэлж байгаарай. Өөрөөр хэлбэл найзууд бие биедээ сайн болохыг зохицуулах анхнаасаа л хэцүү.

Харин сонирхдог хөвгүүн чинь чамд сайн болсноо илэрхийлбэл сайтар бодох хэрэгтэй. Бүх л хүнтэй насаараа холбоотой байж, үерхэхгүй мөртлөө бас хол байж чадахгүй ээдрээтэй харилцаатай явна гэж байхгүй гэдгийг санаарай. Бид бүгд л хэн нэгэнтэй үерхэж, түүнээсээ хосын харилцаанд суралцаж, хэрэв тэр үерхэл чинь хамгийн сайн нь байж чадвал гэр бүл зохиодог шүү дээ. Товчхондоо цаашаа яах билээ гэдгээ бодож үзэх хэрэгтэй юм.

Чамд тулгараад байгаа асуудлыг томоор нь авч үзвэл, харилцааны зааг ялгаагаа хэн хэнд нь тодорхой хэлж, өөрөө ч хэлсэн ярьсандаа байдаг байж, хэн нэгэнд тохируулж бултаж зутгах биш өөрийнхөөрөө байхыг хүсье.

 

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers