Зарим машины хүрд баруун талдаа, зарим нь зүүн талдаа байдгийн УЧИР


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-06-10

Та Prius загварын автомашинд сууж үзсэн л байх. Жолооч баруун талд нь суудаг, тийм ээ? Уг автомашиныг үйлдвэрлэгч Япон улс зүүн гарын дүрмийг мөрддөг учир ийм байдаг аж.

Ингээд энэхүү нийтлэлээрээ уншигч та бүхэнд дэлхийн улс орнууд ямар учраас баруун, ямар учраас зүүн гарын дүрмийг мөрддөг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Дээрх газрын зурагт баруун гарын дүрмийг баримталдаг 163 орныг цэнхрээр, зүүн гарын дүрмийг баримталдаг 76 орныг улбар шараар буджээ. Европ тивийн хувьд дөрөвхөн улс солгой гарын дүрэмтэй байдаг ба тэдгээр нь бүгд арал улс аж. Харин бусад нь эрт цагт Их Британийн колонид байсан Африкийн орнууд, Энэтхэг, өмнөд Азийн далайн орнууд болон Латин Америкийн гурван улс байх нь тэр. Тэгвэл илүү дэлгэрэнгүй газрын зураг харцгаая.

Улаан – Анхнаасаа баруун гарын дүрэмтэй байсан

Улбар шар – Зүүн гарын дүрэмтэй байсан ч баруун болгож өөрчилсөн

Цэнхэр – Анхнаасаа зүүн гарын дүрэмтэй

Ягаан – Баруун гарын дүрэмтэй байснаа зүүн болгож өөрчилсөн

Ногоон – Холимог хөдөлгөөнтэй байсан ч зүүн гарын хөдөлгөөнтэй болсон орнуудыг тэмдэглэжээ. Үүнээс харахад дэлхийн ихэнх улс орны иргэд баруун гарын дүрмээр зорчих дуртай бололтой.

Өнөөдрийн байдлаар цөөн хэдэн гүрний баримталдаг дүрэм бусдаасаа өөр байгаа нь жолоочдын дунд асуудал үүсгэсээр л. Жишээлбэл, хилийн дээсийг машинтайгаа давбал тухайн улсын дүрмээр явах шаардлагатай тулгарна. Дээрх зурагт БНХАУ болон Макаог холбосон гүүрэн хилийг харуулжээ. Жирийн нэгэн уулзвараар тэс ондоо чиглэлтэй гудамжуудыг холбоно гэдэг хэцүү.

Зарим орнууд зорчих талаа өөрчлөхөд мөн адил “холион бантан” бий болж байжээ. 1967 оны есдүгээр сарын 3-ны өдөр дарсан энэхүү гэрэл зураг дээрх төөрч будилцгаасан хүмүүс бол Шведийн Стокгольм хотынхон. Энэ өдөр гэрээсээ гарахгүй байсан нь дээр байж дээ.

Явган зорчигчдод ч өнөөдрийг хүртэл тулгардаг асуудал нь замын гарцаар гарах. Эхлээд зүүн талаа, дараа нь баруун талаа харж байгаад зам хөндлөн гардаг бид нар нэг өдөр л өөр улсад очвол баруун талаа эхлээд харахгүй бол зам тээврийн осолд өртөх аюултай. Дээрх зураг дээр Английн нэгэн гудамжны гарцыг харуулжээ. Эхлээд баруун тийш харах нь байна шүү.

Манай улсад одоогоос арваад жилийн өмнө энэ сэдвийн тухай асуудал тун их яригдсан. Буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад осолддог харамсмаар тохиолдлууд жилээс жилд ихэссээр байна. Үүний учир нь баруун талд сууж буй жолооч эсрэг талын хөдөлгөөнийг харах гэхэд урд байрлан явж буй машин үзэгдэх орчинг нь хаадагтай холбоотой.

“Тэнгэрлэг” Монголчууд юм болохоороо тэнгэртээ найдан азаа туршиж эсрэг эгнээ рүү орно. Гэвч тэнгэрийн уудам руу эргэж ирэхээргүй аялах нь бий. Иймээс манай оронд баруун талдаа жолооны хүрдтэй машинуудад тодорхой хяналт тавих хэрэгтэй бололтой.

Энэ автобусыг хараад “Лондон хот байна шүү дээ” хэмээн бодсон уу? Тийм ээ. Сайн анзаарвал зүүн талдаа хаалгатай байгаа биз? Нийтийн тээврийн зорчигчид зүүн талаар л сууж буудаг. Гэтэл энэ нийтийн тээврийг манай оронд импортлох боломжгүй гэдэг нь тодорхой. Зүүн тал руу буух боломж огт байхгүй шүү дээ. Бүхий л тээврийн хэрэгсэл зорчигчдоо явган зам руу аюулгүй буулгах зорилготойгоор хаалгаа тэр талдаа байрлуулдаг. Харин хувийн тэргүүд хоёр талдаа хаалгатай болохоор манай оронд Японы зүүн гарын хөдөлгөөнд зохицсон Prius автомашинууд хэдий аюултай ч зорчсоор л байна.

Харин дээрх газрын зурагт буруу хүрдтэй машины хэрэглээ болон бүртгэлийн тухай мэдээллийг харуулжээ. Улаан өнгөөр эсрэг хүрдтэй машинаар зорчиж ч болохгүй, бүртгүүлж ч болохгүй, шар өнгөөр бүртгүүлэхийг хориглодог ч зорчихыг зөвшөөрдөг, ногоон өнгөөр зөвхөн тусгай зориулалтын солгой машинуудыг бүртгэдэг, цэнхэр өнгөөр энэ асуудалд хяналт тавьдаггүй орнуудыг буджээ.

Тэгвэл ер нь яагаад улс бүр анхнаасаа адилхан дүрмээр зорчдоггүй юм? Энэ асуултад түүхийн талаас хариулт өгье. Эртний англи дайчид морин дээрээ мордоод цус асгарсан байлдаанд орохдоо зэвсэг юугаа баруун гартаа барьдаг байж л дээ. Ихэнх хүмүүс баруун гараараа бичдэг, тэр гараараа бараг бүгдийг үйлддэг. Иймээс ч өөд өөдөөсөө чиглэж буй дайснууд баруун талаараа сэлэм жадаараа байлддаг аж.

Ингээд л тэр цагаас хойш нийтийн хөдөлгөөнд оролцохдоо зүүн талаа дагаж, эсрэг чигийн хүнтэй баруун талаараа зөрдөг болжээ. Цагийн эрхэнд Англи улсын колонид байсан улсууд ч мөн үүнийг нь даган зүүн гарын дүрэмтэй болсон гэдгийг эхний зургаас харсан.

Нэмж хэлэхэд, хэрвээ та Монгол улсын нутаг дэвсгэрт буруу хүрдтэй машинаар зорчиж байгаа бол гүйцэж түрүүлэх гэж бодоод ч хэрэггүй. Мөн авто тээврээр хил давсан бол тэр улсын хуулийг дагаж мөрдөөрэй. Жишээ татвал, баруун талдаа хүрдтэй буюу Монголдоо “зөв” гэгдэж байгаа машинаар Их Британид зорчиж болох ч гүйцэж түрүүлэх нь эрсдэлтэй. Учир нь эндэхийн “зөв хүрдтэй” машин тэнд “буруу хүрдтэй” болчихно.

#Сонин хачин #Машин #Түүх