Англи хэлний АХИСАН шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой 5 YouTube суваг


Э. Тэгш-Амгалан | YOLO.MN
2021-06-08

Цахим орчноос хүссэн мэдээллээ авдаг болсон өнөө цагт англи хэлийг бие даан сурах боломж хэн бүхэнд нээлттэй болжээ. Бид энэхүү нийтлэлээрээ англи хэлний ахисан шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой таван YouTube сувгийг танилцуулж байна. 

ТҮВШИНГЭЭ ТОГТООХ НЬ

Хичээлээ үзэж эхлэхээсээ ч өмнө буюу хамгийн түрүүнд хийх шаардлагатай зүйл бол түвшингээ тодорхойлох. Тиймээс ЭНД дарж англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч, өөрийгөө чухам хаана явааг мэдэж аваарай. 

1. GEOGRAPHY NOW

Тус суваг нь дэлхийн улс орны газарзүй, соёл иргэншил, нийгэм, түүхийн талаарх мэдээлэл бүхий сонирхолтой бичлэгүүдийг бэлтгэн хүргэдэг. Эдгээр бичлэгийн тусламжтайгаар англи хэлний сонсголын чадвараа хөгжүүлэхээс гадна дэлхийн газарзүйн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэх боломжтой юм.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

2. SOULPANCAKE

Хэрэв та дүрэм, дасгал ажлуудтайгаа ахин дахин зууралдахаас илүүтэй бусадтай санаа бодлоо англи хэл дээр солилцож, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах хүсэлтэй байгаа бол энэ сувгаар зочлоод үзээрэй.

“Түүхээ хуваалцъя”, “Мэдрэмжээ илэрхийлэх нь”, “Бяцхан ерөнхийлөгч” зэрэг аль ч насныханд тохиромжтой олон сонирхолтой бичлэгийг цувралаар хүргэхээс гадна ялгаварлан гадуурхлаас эхлээд нийгмийн олон асуудлын эсрэг бичлэг түгээдэг энэ суваг таныг хүссэн чадваруудаа эзэмшихэд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

3. RACHEL’S ENGLISH

Гадаадад сурч, амьдрахаар төлөвлөж буй хэн бүхэн тухайн орны соёлд суралцах чухал шаардлагатай тулгардаг шүү дээ. Тэгвэл Rachel хэмээх бүсгүйн хөтлөн явуулдаг тус сувагт ахисан түвшний англи хэлний үгийн сан, ярианы хичээлүүдээс гадна АНУ-д хүнтэй хэрхэн мэндлэх, утсаар ярихдаа хэрхэн эелдэг байх, аяллын явцад ямар үгс ашиглах, ажлын ярилцлага хэрхэн өгөх зэрэг чухал сэдвүүдийн талаарх бичлэг байршсан байдгаараа онцлог билээ.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

4. SPEAK ENGLISH WITH VANESSA

Англи хэлээр ярих гэхээр нэг л болж өгөхгүй эсвэл хэдэн үгээ ахин дахин ашигладгаасаа болоод бусадтай харилцахаас санаа зовоод байгаа юм биш биз? Хэрвээ энэ асуудалтай нүүр тулгарч байгаа бол ярианы англи хэлийг голчлон заадаг уг сувгийн бичлэгүүдийг сонирхоод үзээрэй.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

5. BUISINESS ENGLISH POD

Аль ч хэлэнд энгийн, хүндэтгэлийн, дорд, албан зэрэг ярианы олон төрөл байдаг билээ. Тэгвэл бизнес уулзалтын үед ашиглах үг хэллэг, анхаарах зүйлсийг цувралаар бэлтгэн хүргэдэг тус суваг нь уг чиглэлээр гадаадад суралцах, шинээр бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй залууст тохиромжтой.

Сувгаар зочлох бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Гадаад хэл #Англи хэл