П.БАЯРЦЭНГЭЛ: Анхны цалингаа ААВДАА ӨГӨХ ГЭЖ аахилсаар харьж билээ


Сондор | YOLO.MN
2016-10-03

Ёодэл дууны урсгалаар бидэнд анх танил болж, “Яг түүн шиг” шоуны ялагчаар тодорч өөрийгөө чадварлаг уран бүтээлч гэдгийг баталсан дуучин П.Баярцэнгэлтэй түүний уран бүтээл, амьдралынх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

YOLO: Та үргэлж дуу аялж явах юм?
Харин тийм, миний нэг зуршил болчихсон зүйл. Ариун цэврийн өрөөнд ч, шүршүүрт орж байхдаа ч дуу аялдаг юм.

YOLO: Ойрын үед хийж байгаа уран бүтээлээсээ хуваалцаач?
Ирэх онд нээлтээ хийх кинондоо илүүтэй анхаарч ажиллаж байна. Киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй нь, ойлгоно биз ээ.

YOLO: Гол дүр үү, туслах дүр үү гэдгийг нь мэдэж болох уу?
Гол дүр.

YOLO: Бага нас тань хаана өнгөрсөн бэ?
Би 18 нас хүртлээ Дорнод аймгийн Чойбалсан хотноо өсч хүн болсон. Улаанбаатар хотод 2007 онд ирээд Кино урлагийн дээд сургуульд суралцаж 2011 онд төгссөн.

YOLO: Өсвөр насандаа ямар хүү байсан бэ?
Сайхан “гар” байсан. (инээв) cheeky Би ер нь дуулж хуурдахын хажуугаар их л сахилгагүй хүүхэд байлаа. Аав ээж маань хүртэл “Энэ нэг хүүхдийг яаж дарах вэ, манайхнаас энэ л бүтэхгүй нөхөр болох вий дээ” гэж их ярьдаг байсан. Одоо харин ч эсрэгээрээ болсон.

 

YOLO: Ямар хичээлдээ сайн хүүхэд байсан бэ?
Биеийн тамир, дуу хөгжим.

YOLO: Таны багын хоч?
Хүүхэд байхдаа би ардаа их урт гэзэгтэй хүүхэд байсан болохоор намайг “гэзэгт” гэдэг байсан. Өө тэгээд л зарим нь “маажиг аа” ч гэдэг байсан шт.

YOLO: Гадаадын нэгэн эмэгтэй дуучинтай хамтарч уран бүтээл хийх боломж олдвол хэнтэй нь хамтрах вэ?
Гоё нэг эмэгтэй дуучинтай. За байз хэн байж болох вэ? (хэсэг бодолхийлэв) Рианатай...

YOLO: Таны нууц авьяас?
Би морин хуур тоглодог.

YOLO: Хэрэв ямар нэгэн супер хүчтэн болох боломж олдвол ямар чадвартай болохыг хүсэх вэ?
Оюун ухааны бядтай л нэгэн болохыг хүснэ дээ. MegaMind шиг...

YOLO: Таны ямар клип хамгийн хөгжилтэй бүтэж байсан бэ?
“For you” дууны клипийг анх хөдөө газар хийнэ гэж төлөвлөж байсан юм. Хамаг юм маань бэлэн, хөдлөх гээд байдаг. Гэтэл клипэнд тоглох охин маань “мурьчихсан”. Тэгээд клипнийхээ зохиолыг шал өөр болгоод зүгээр л студид авчихсан юм.

YOLO: Таны хэлэх дуртай үг?
Айвал бүү хий, хийвэл бүү ай

YOLO: Таны амьдралын зарчим?
Би аливаа юманд тууштай байхыг л боддог.

YOLO: Цаг хугацааны машинд суух боломж олдвол та аль үе рүүгээ очихыг хүсэх вэ?
Ирээдүйгээ оньсого шиг үлдээгээд өнгөрсөн үе тэр дундаа хүүхэд насандаа очно. Гэхдээ яг одоогийн оюун ухаантайгаа очмоор байна.  Одоо ч би найзуудтайгаа энэ талаар ярьдаг юм “Эргээд хүүхэд насандаа очих юмсан” гэж...

YOLO: Та анхны цалингаа юунд зарцуулсан бэ?
Тэр их дурсамжтай түүх бий. Би 2,3-р ангид байсан байх, дуу хөгжмийн багш маань дагуулж яваад өөр сургуулийн нэгэн үйл ажиллагаан дээр дуулсан юм. Тоглолт дууссаны дараа надад 500₮ өгсөн. Тэр бол миний анхны цалин шүү дээ. Түүнийгээ авчихаад маш их баярлаад гэр лүүгээ гүйчихсэн. “Аав аа, би цалин авсан” гэсээр гэртээ аахилсан юм орсон. Аав тэр мөнгийг билэгшээгээд бурхныхаа өмнө тавьсан юм. Харин би түүнийгээ харж хэдэн өдөр болсон доо.

YOLO: Анзаараад байхад таны уран бүтээл болон амьдралд ахын тань үүрэг, нөлөө их юм шиг санагдсан?
Тийм шүү. Миний бүхий л зүйлд хамааралтай, уран бүтээлийн арын ажлыг маань зохицуулдаг гол хүн. Хүүхэд байхдаа ч бид хамтраад юм хийдэг байсан. Миний ах хотод СУИС-д оюутан болж ирээд өөрөө бие даан дууны найруулга, фонограм зэргийг зохиогоод сурчихсан байсан. Тэгээд нутагтаа буцаж ирээд бид хамтдаа уран бүтээлээ хийдэг байсан юм. “Чөлөөт цаг” гэдэг хамтлагтай байлаа шүү дээ. Дөрвүүлээ нийлж дуулна, 20 гаруй дуутай. Дөрвөн ч удаа тогтолтоо хийчихсэн жигтэйхэн гоё хамтлаг байлаа.

YOLO: Дорнодынхон бол бүгд мэднэ биз?
Өө тэгэлгүй яахав. Хөгшин залуу, хүүхэд багачуудгүй л мэддэг байсан. Хамтлагийн бүх зүйлийг л ах хийдэг байлаа. Миний “For you” гээд дууг анх “Нүд” гэдэг нэртэйгээр нь бид хүүхэд байхдаа дуулдаг байсан. “For you” дуу арав гаруй жилийн түүхтэй, ах маань анх эхнэртээ зориулж бичиж байсан юм.

YOLO: Та ахтайгаа их адилхан юм байна лээ, тэ?
Би арай царайлаг нь. cheeky Худлаа худлаа. Хүмүүс бидний андуурах тохиолдол их.

YOLO: Ёодол дуулалтыг одоо залуус хэр их сонирхож, оролдож байна вэ?
Манай монголчууд чинь их авьяаслаг хүмүүс. Аливаа юмыг оролдоод сурахдаа их амархан. Яг ч уран бүтээл хийж эхлээгүй ч ёодол дуу дуулдаг хэд хэдэн хүнтэй таарсан.

50 НАС ХҮРЭХДЭЭ ТЭРБУМТАН БОЛОХГҮЙ Ч ЭРҮҮЛ МЭНДИЙН САЯТАН БАЙЯ ГЭЖ БОДДОГ

                                                   П.БАЯРЦЭНГЭЛ

YOLO: “Яг түүн шиг” шоуны талаар ярихгүй, асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ шоунд өөрийгөө сорьсноор ур чадварын хувьд хэр их зүйлийг олж авсан бэ?
Мэдээж энэ шоунд оролцох нь залуу уран бүтээлчийн хувьд карьер өснө. Мөн түрүүлнэ гэдэг чинь бас их гоё. Залуу гэр бүлийн хувьд 20 сая төгрөгийн шагнал гэдэг нь чамгүй зүйл. Тэгэхээр энэ шоу надад ч төдийгүй оролцсон бүх уран бүтээлчдэд үр өгөөжөө өгсөн сайхан үйл явдал болсон.

Олон улсын стандартын тийм тайзанд зориулж бүжигчид, найруулагчийн хамтаар өөрийнхөө үзүүлбэрийг бэлтгэж, үзүүлж байна гэдэг нь залуу уран бүтээлчийнхээ хувьд шинэ мэдрэмжийг авч, нэг шат хөгжиж чадсан.

YOLO: Танд хамгийн хэцүү санагдаж байсан үзүүлбэрийг дурдвал?
Витас их хэцүү санагдсан. Мөн хоёр хуудас үг цээжлэх гэж Tupac-ийн үзүүлбэрийг бэлтгэхэд бага зэрэг хүндрэлтэй байсан. Бусад нь бол давгүй байсан даа.

YOLO: Таны хамгийн сүүлийн үзүүлбэр болох Bruno Mars-ийн дуулалт болон дуурайлтыг онцлохгүй байхын аргагүй шүү дээ. Өөрт тань хэр санагдсан бэ?
Бруно Марс үнэхээр гоё болсон. Надад өөрт ч үнэхээр кайфтай санагдаж байсан шүү. Мөн Bob Marley-г ч дуурайхад их урамтай санагдаж байсан.


“ӨӨРӨӨСӨӨ ХЭР ИХ ЧАДВАР ГАРАХЫГ ЗОГСОЛТГҮЙ ҮЗМЭЭР САНАГДДАГ”

YOLO: Та харизматай буюу үг үйлдэл зэргээрээ хүмүүсийг татах чадвартай эерэг хүн юм шиг санагддаг. Тиймдээ ч үзэгчдийн санал төдий хэмжээгээр ирсэн байх. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Би ер нь их нийтэч, нээлттэй хүн. Байгаагаараа байх дуртай. Заримдаа энэ зан чанар маань хэтэрчих гээд байдаг сул талтай. Учир нь хүнд хэтэрхий итгэх гээд байдаг нь надад эргээд сөрөг байдлыг үүсгэх гээд байдаг. Үүнийг сүүлийн үед л их мэдэрч эхэлж байна л даа.

YOLO: Та жүжигчин мэргэжилтэй хүн. Цаашид дуулах жүжиглэх энэ хоёр зүйлийнхээ алийг нь илүүтэй хийхийг хүсдэг вэ?
Аль алийг нь. Аливаа уран бүтээлд оролцож, өөрөөсөө хэр их чадвар гарахыг үзмээр санагддаг. Нэг дүрийг бүтээх эсвэл гоё дуу уран бүтээл хийх ёстой бол бүгдийг л хийнэ. Учир нь эдгээр нь миний хийх ёстой зүйл.

YOLO: Киноноос гадна дараагийн уран бүтээл юу байна вэ?
Хэд хэдэн дуугаа бичүүлчихсэн байна. Нэгнийх нь клипийг хийчихсэн, хэзээ цацах эсэхээ ярилцаад л байна.

YOLO: Таны тоглолтыг хүмүүс их хүлээдэг?
Харин тийм ээ, маш олон хүн энэ талаар асуудаг. Энэ оны сүүлээр тоглолтоо хийх байсан боловч киноны ажлаас болоод хойшлогдлоо. Би анхны тоглолтоо их гоёор төсөөлдөг. Орой унтахаасаа өмнө ч юм уу нүдээ аниад боддог юм. Тоглолтын найруулга их гоё, дуунуудын ихэнх хувь нь хит буюу ирсэн үзэгч сонсогчид маань дагаж дуулаад л... Үзэгчдэд болон өөртөө маш гоё мэдрэмж өгөх тоглолтыг хийнэ гэж боддог доо. Ирэх жилийн эхээр буюу хавар л хийнэ гэж бодож байна.

YOLO: Та бусдын хурц шүүмжлэлд хэр ханддаг вэ?
Эхэндээ бол палхийгээд л сонин мэдрэмж төрдөг байсан. Харин одоо бол дөжирсөн байна лээ. Сүүлийн үед сошиал харилцаа гээч зүйл хөгжихийн хэрээр хүмүүс нүүр нүүрээ харах боломжгүй байгаа учраас үүнийг нь ашиглаж бусдыг доромжлох, муухай үгсийг хэлэх нь ихэссэн. Өмнө нь өөрийнхөө талаарх нэг сөрөг зүйл уншихаар тэр өдөржингөө л дотор харлаад л нэг сонин байдаг байсан. Одоо бол тоохоо байсан, уншихгүй л өнгөрдөг болсон доо. smiley

YOLO: Та хэдэн гадаад хэлтэй вэ?
Би уртаашаа өргөөшөө хоёр л хэлтэй. Монгол хэл, махан хэл гэж...

YOLO: Ингэж асуусны учир нь “честный, даже” гэх мэт үгсийг та их яриандаа ашиглах юм. Тийм болохоор таныг орос хэлтэй юм болов уу гэж бодлоо.
Өө тэгж байна уу. Би ёстой анзаардаггүй юм байна. smiley

YOLO: Хүн ажил мэргэжлийнхээ хажуугаар өөрийгөө бас нэг өөр зүйлд хөгжүүлмээр санагддаг шүү дээ. Таны хувьд дуулах, жүжиглэхээс өөр хийдэг сонирхолтой зүйлс юу байна вэ?
Би 50 нас хүрсэн хойноо тэрбумтан болохгүй ч гэсэн эрүүл бие, эрүүл мэндийн саятан байя гэж боддог юм. Тиймдээ ч спортоор хичээллэж, өөрийнхөө биеийг эрүүл чийрэг байлгахыг хүсдэг. Хоёр жил гаруй хугацаанд фитнессээр хичээллэсэн. Харин жил гаруйн өмнөөс фитнессийнхээ хажуугаар MMA холимог тулааны урлагийн төрлөөр хичээллэж эхэлсэн. Манайхан үүнийг UFC клуб гэдгээр нь илүүтэй мэддэг байх. Энэ тулааны урлагийн нарийн ширийнийг нь мэддэг болчихоор их гоё юм байна. Бүр их сонирхох болсон.

YOLO: Энэ төрлийн спорт их хүнд буюу тамирчны нүүр рүү цохьдог шүү дээ. Урлагийн хүний хувьд гоо сайханд сөргөөр нөлөөлөхгүй юу?
Би арга техникээс нь л суралцаж байгаа төдий. Тэрнээс яг айхтар тулаан энэ тэрийг хийхгүй шүү дээ. Мэдээж энэ талаар бодолцож үзсэн. smiley

YOLO: Фитнессээр хичээллэсний тань үр дүн таны “Супермэн” дууны клипэн дээр их тод гардаг шүү дээ?
Нэг жил гаран фитнессээр уйгагүй хичээллэсний үр дүнгээ л гаргая гэж бодсон юм. Би ямар нэгэн согтууруулах ундаа эсвэл тамхи сурталчлаагүй болохоор үүнийг буруу зүйл гэж бодохгүй байна. Миний дууг мөн өсвөр насны хүүхдүүд их сонсдог. Тиймдээ ч тэдэнд үлгэр дуурайл үзүүлэхийг хүссэн юм.

YOLO: Таны дараагийн зорилго?
“Би 30 насандаа ямар эр хүн байх вэ?” гэдгээ нүдэндээ төсөөлчихсөн. Бие бялдар, мэдлэг боловсрол, хийсэн бүтээсний хувьд ямар байх вэ гэдгээ төлөвлөчихсөн гэсэн үг. Одоо тэр зорилгодоо хүрэхийг л зорьж байна.

YOLO: Танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.  

 


Хэрэв дуучин П.Баярцэнгэлийн доорх дуунуудаас гар утасныхаа дуудлаганд тохируулахыг хүсвэл:

  • Мобикомын хэрэглэгч HiTONE  кодыг 455 руу,
  • Юнителийн хэрэглэгч Unimusic кодыг 1455  руу илгээгээрэй wink

товчин дээр дарж дууг сонсох боломжтой

  HiTONE код Unimusic код Контентийн нэр Хамтлаг/Дуучин
031867 1122227 For you Баярцэнгэл
031868 1131719 Хайрын дуу Баярцэнгэл
031995 1123698 Дурлал гэдэг Баярцэнгэл
032002 1123373 Holly Dolly Баярцэнгэл
032281 1123733 Санахдаа Баярцэнгэл
033000 1131718 Superman Баярцэнгэл
132184 1132184 Үнэнээ хэлье Баярцэнгэл

#Celebrity #Hitone #BayarTsengel