Иргэн төслийн Үндэсний шалгаруулалтын ШИЛДГҮҮДТЭЙ танилц


Иргэний Боловсролын Төв ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр 2016 оноос хойш Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төсөлд оролцож байгаа багууд өөрийн амьдарч буй орон нутаг, сургууль, анги, сурагчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн, түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх замаар бодит өөрчлөлтийг бий болгодог онцлогтой.

Ингээд 2020-2021 оны хичээлийн жилийн үндэсний шалгаруулалтад нийт 54 сургуулийн багаас шалгарч эхний гурван байр эзэлсэн багуудтай танилцъя.


 ҮНДЭСНИЙ ШАЛГАРУУЛАЛТЫН ГУРАВДУГААР БАЙРЫН ЭЗЭД 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р сургуулийн багш Б.Бор:

YOLOЮун түрүүнд сонгож авсан асуудал буюу төслийнхөө талаар товчхон танилцуулаач?

- Сайн байна уу? Манай сургууль Иргэн төслийн үйл ажиллагаанд хоёр дахь жилдээ, харин би төслийн клуб чиглүүлэгч багшаар анх удаагаа оролцож байна. Бид багаараа “Сургуулиас гэр хүртэлх замд гэрэлтүүлэг муу байгаа нь эрсдэл дагуулж байна” гэсэн асуудлыг сонгон авч оролцсон. Манай сургууль аймгийн төвөөсөө бага зэрэг алслагдмал бөгөөд сургууль руу явах зам гэрэлтүүлэг багатай нь уг асуудлыг сонгох үндэслэл болсон юм.

Сурагчдын эцэг эх, сурагчид, багш нар, орон нутгийн иргэд гээд нийгмийн бүхий л хүрээллийн хүмүүсээс судалгаа аван, үр дүнг нь эрэмбэлсний үндсэн дээр уг асуудлыг сонгосон. Ингээд асуудлынхаа хүрээнд хууль эрх зүйн судалгаа хийж сургуулийн захиргаа, багийн засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нарт танилцуулсан. Бид ирэх жилийн Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт энэхүү шийдлээ суулгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд арга хэмжээгээ төсөл хэрэгжих хүртэл төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлсээр байх болно. 

YOLOИргэн төслийн үндэсний шалгаруулалтад ороод гуравдугаар байр эзэлсэн байна шүү дээ. Энэ хүртэл явахад ямар сорилтууд тулгарсан, тэдгээрийг хэрхэн даван туулсан талаар сэтгэгдлээ хуваалцаач?

- Сурагчид маань ардчилсан нийгмийн иргэн бүрийн мэдвэл зохих ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой Иргэн төсийн үйл ажиллагаанд оролцоод багагүй амжилт үзүүлсэнд маш их баяртай байна.

Бид үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг төрийн үйл ажиллагаатай цаг хугацааны хувьд уялдуулсан маань маш том давуу тал болсон. Мөн Иргэн төслийнхөө загвар ном, хэрэглэгдэхүүнийг сайтар уншиж, урьд жилүүдэд амжилт гаргасан төслүүдийн талаар судалсан. Сурагчид маань ч төсөл хэрэгжих явцад маш олон чадварт суралцаж, олон зүйлийг ойлгосон гэж бодож байна. Үүнээс дурдвал:

- Оролцоотой сурагч байх боломжтой
- Томчууд, ялангуяа төрийн албан хаагчид бидний үгийг сонсдог болох боломжтой
- Бүхий л ажиллагаа хуулийн хүрээнд шийдэгддэх боломжтой
- Бид өөрсдөө тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой гэх мэт. Эдгээр зүйлс сурагчдын маань хувьд шинэлэг сорилт байсан болов уу. Мөн асуудлыг маань шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн томчуудын үгийг сонсох нь сорилтоо даван туулсан сайхан мэдрэмж өгсөн байх. Багшийн хувьд тийм зүйлс сонсох ч бас таатай байсан шүү. 


 ҮНДЭСНИЙ ШАЛГАРУУЛАЛТЫН ХОЁРДУГААР БАЙРЫН ЭЗЭД 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн багш О.Мөнхсаруул:

YOLOЮун түрүүнд сонгож авсан асуудал буюу төслийнхөө талаар товчхон танилцуулаач?

- Иргэн төсөлд 2013 оноос хойш хамрагдаж байна. 2020-2021 оны хичээлийн жилд манай клубийн гишүүд сургуулийнхаа сурагчдын дунд судалгаа явуулж, хамгийн их тулгамдаж буй асуудал буюу “Спорт заалны хувцас солих өрөө шаардлага хангахгүй байна” гэсэн асуудлыг сонгож авсан. Манай сургуулийн спорт заал нэг өрөөтэй. Энэ өрөөнд биеийн тамирын хичээл орох болон бусад үйл ажиллагаа болох үед охид хөвгүүд нэг дор хувцсаа сольдог. Ингэснээр тэд бие биенээсээ ичих, нэгнийхээ хувцас солихыг хүлээх, улмаар хичээлээсээ хоцрох, сольсон хувцсаа хийх шүүгээ байхгүй учир ил өлгөснөөс болж эд зүйлсээ алдах зэрэг олон бэрхшээлүүд тулгардаг.

Жендэрийн тухай хууль судалж үзэхэд тус хуулийн 6.2.5-д хувцас солих өрөөг хүйсээр ангилж, эрэгтэй, эмэгтэй гэж ялгах ёстой тухай заасан байдаг. Мөн ЕБС-ийн барилгын төлөвлөлтийн тухай хууль гэж байдаг. Үүн дээр спортын заалны хувцас солих өрөөг эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр нь ялгасан байх ёстой гэж заасан байдаг юм билээ. Иймээс уг асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр сонгон авсан.

Сурагчид маань энэ талаар судалгаа хийж, холбогдох хууль, дүрэм журмыг судалж, заалны арын биеийн тамирын багш нарын өрөөг хуваах шийдвэрийг сургуулийн захиргаагаар гаргуулах, засвар хийх гэсэн бодлогын хувилбарыг гаргаж шаардлагатай тооцоо, судалгаа, нөлөөллийн ажлуудыг хийсээр байна.

YOLOИргэн төслийн үндэсний шалгаруулалтад ороод хоёрдугаар байр эзэлсэн байна шүү дээ. Энэ хүртэл явахад ямар сорилтууд тулгарсан, тэдгээрийг хэрхэн даван туулсан талаар сэтгэгдлээ хуваалцаач?

- Энэ жилийн хувьд хөл хориотой байсан учир Иргэн төслийн шалгаруулалтад оролцоход бэрхшээл гэхээсээ илүү аз жаргал, баяр хөөртэй байсан. Манай төслийн хувьд сургууль болон орон нутгийн хүрээнд шийдвэрлэх боломжтойгоос гадна сургууль өөрсдийн нөөц бололцоог ашиглаж сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Мөн сурагчид, багш нар, захирагчийн алба, ИТХ-ын төлөөлөгч, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийг хамруулснаараа давуу талтай. Бидний ажлыг холбогдсон хүмүүс маань дэмжиж байгаа нь бидэнд маш их урам зориг өгсөн. 


  ҮНДЭСНИЙ ШАЛГАРУУЛАЛТЫН НЭГДҮГЭЭР БАЙРЫН ЭЗЭД

Төв аймгийн Баяндэлгэр сумын Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Тэргүүний Дунд Сургуулийн багш Р.Нарангэрэл:

YOLOЮун түрүүнд сонгож авсан асуудал буюу төслийнхөө талаар товчхон танилцуулаач?

- Иргэн төсөл Төв аймагт 2020-2021 оны хичээлийн жилд анх удаа хэрэгжиж байна. Төв аймгийн 27 сумын түүх, нийгмийн багш нар Улаанбаатар хотод очиж сургалтад хамрагдсанаар энэхүү төслийг сургуульдаа хэрэгжүүлэх боломж олдсон юм. Манай Иргэн төслийн клубийн сурагчид сургуулийнхаа сурагчдаас судалгаа авсны үндсэн дээр сургуулийн өлгүүрийн орчныг сайжруулж, сурагч бүр хувцасны шүүгээтэй болох асуудлыг сонгон авч төсөл бичсэн. Манай сургуулийн өлгүүрийн хэсэг ЕБС-ийн орчны стандартад заасан шаардлагад нийцэхгүй байсан учраас сурагчдад маш олон бэрхшээл тулгардаг болохыг судалж түүнийг шийдвэрлэхээр шийдсэн.

Хүүхдүүдэд тохиолддог бэрхшээлээс дурдвал:

- Анги танхимдаа ороолт малгай, биеийн тамирын хувцас, пүүзээ хийх газар байхгүй учраас байнга цүнхэлж явдаг

- Өлгөсөн хувцас нь газарт байнга унадаг ба дээрээс нь гишгэлж бохирдуулдаг

- Ангидаа өмсөж ирсэн гуталтайгаа олон цагаар сууснаар хөл нь чийг татаж эрүүл мэндийн асуудал үүсдэг

- Хичээлийн хэрэгслээ шүүгээнд хийх боломж байхгүй учраас маш хүнд цүнх үүрч явдаг гэх мэт. Хүүхдүүдийн цүнхийг жинлэж үзэхэд тэд стандарт хэмжээнээс 1.5-2 килограммаар илүү хүнд цүнх үүрч явдаг нь батлагдсан. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх юм. 

Хүүхэд бүр хувцасны шүүгээтэй болсноор эдгээр бүх асуудлыг шийдээд зогсохгүй өнөөгийн цар тахлын үед эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн.

YOLOИргэн төслийн үндэсний шалгаруулалтад ороод нэгдүгээр байр эзэлсэн байна шүү дээ. Энэ хүртэл явахад ямар сорилтууд тулгарсан, тэдгээрийг хэрхэн даван туулсан талаар сэтгэгдлээ хуваалцаач?

- Бид Иргэн төслийн шалгаруулалтад анх удаа ороод Үндэсний аварга болсондоо маш их баяртай байна. Биднийг төслөө хэрэгжүүлэх явцад хөл хорио тавьсан нь гишүүдтэйгээ уулзаж төслөө хэрэгжүүлэхэд маш их хүндрэл учруулсан. Гэвч бид энэ бэрхшээлийг үл тоон цахимаар холбогдож төслөө алсын зайнаас гүйцэтгэж байсан.

Хүнд хийе гэсэн сэтгэл байвал ямар ч бэрхшээлийг даван туулж чадна. Гишүүд маань хоёр дахь гэр болсон сургуулийнхаа нийт сурагчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадсандаа маш их баяртай байна. Түүгээр ч зогсохгүй Иргэн төслийн үндэсний шалгаруулалтад “Мөрөөдөл” багийн гишүүн А.Жавхлан, Г.Отгонжаргал, Б.Ариунзул, Б.Баярцэнгэл нар төслөө амжилттай танилцуулж, багаараа нэгдүгээр байр эзэлсэн нь сургуулийн сурагчдад маань маш их урам зориг өгсөн.Мөн дараагийн асуудлаа хурдан сонгож төслөө хэрэгжүүлэх юмсан гэхээс яарч байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэгч Иргэний боловсролын төвийн хамт олон, дэмжигч байгууллагууддаа маш их талархсанаа нийт Төв аймгийн Баяндэлгэр сумын ЕБС-ийн сурагчид, эцэг эхчүүд, албан хаагчдынхаа өмнөөс илэрхийлье. 

#Боловсрол #Хувь хүний хөгжил #Иргэн төсөл