Хүний хүсэл зоригийг юу ч давж дийлэхгүй гэдэг. Тэгвэл бид энэхүү нийтлэлээрээ харааны бэрхшээлтэй хэдий ч скейтбордоор гулгах сонирхлоо хаяагүй нэгэн залуугийн түүхийг хүргэж байна. Түүний түүх та бүхэнд урам өгнө гэдэгт итгэлтэй байна.
Таны харж буй залууг Dan Mancina гэдэг. Тэрээр 33 настай бөгөөд 13 настайдаа удамшлын Retinitis pigmentosa (RP) эмгэгтэй хэмээн оношлогдож байжээ. Энэ өвчний үед нүдний угийн гэрэл хүлээн авагч мэдрэлийн эсүүд үхэждэг байна. Ийнхүү хараагаа өсвөр насанд байхаасаа бага багаар алдсаар 30 нас хүрэхэд нь зүүн нүднийх нь хараа тэр чигтээ үгүй болжээ. Улмаар жолоо барих ч боломжгүй болов.
Ийм хүнд мэдээ сонссоны дараа Mancina цаашид хэд хэдэн зүйлсийг ор тас "мартах" шаардлагатай болсноо ухаарсан юм. Мэдээж үүний нэг нь скэйтбордоор гулгах байлаа. Тэрээр “Надад бүхнээс завсарлаж юу болоод байгааг ухаарах шаардлага гарав. Жишээ нь, би яг хэн бэ, хараагүй болчихвол би юу хийх вэ гэдэг талаар бодож эхэлсэн юм. Гэхдээ амьдрал минь скэйтбордгүйгээр хэзээ ч бүрэн дүүрэн байхгүй юм байна гэдгийг ойлгосон. Миний харааны бэрхшээл намайг хэн байсныг, юу хийдэг байсныг минь өөрчилж чадахгүй гэж бодсон” гэжээ.
Mancina харааныхаа 90 хувийг алдсан ч скэйтбордоор гулгаж, сонирхолтой трикүүдийг хийж буй нь Инстаграм хэрэглэгчдэд урам өгч, өдгөө 200 гаруй мянган дагагчтай болжээ.
ХЭРХЭН ГУЛГАДАГ ВЭ?
Mancino хаа нэгтээ очоод шууд л гулгаад эхэлдэг үү гэвэл үгүй ээ. Тэр эхлээд гулгах гэж буй газраа очиж орчин тойрноо "шалгадаг". Ингэхдээ эргэн тойрон дахь зүйлсийг таягаараа тэмтчин, онцгой содон дуу чимээг цээжилж авдаг байна.
Орчноо баталгаажуулсны дараа тэр хамгийн энгийн техникүүдээр гулгалтаа эхлүүлдэг. Мэдээж тэр харааны нарийн мэдрэмж, баримжаа шаардсан хүнд трикүүдийг хийх боломжгүй ч өөрийн гэсэн хэв маягаа хэдийнэ олжээ. Mancina "Хүмүүс миний гулгалтуудыг дэмжиж, цааш нь түгээж байна гэхээр үнэхээр сайхан. Харааны бэрхшээлтэй ч скейтбордоо орхиогүй шалтгаан нь хүмүүс намайг өөрөөр хардаг болсонтой холбоотой. Магадгүй миний ингэж тууштай хичээж буй нь хүмүүсийн хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүсийг харах өнцгийг өөрчилж байгаа байх" гэжээ.
Үнэхээр л сүүлийн жилүүдэд түүний энэ мэрийлттэй, тууштай байдал олны анхаарлыг татаж чадсан билээ. Тухайлбал, түүнийг Adidas, Real Skateboards зэрэг брэндүүд дэмжих болжээ. Түүнчлэн Mancina АНУ-ын Охайо мужийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд скейтбордоор гулгахыг зааж, "Keep Pushing Ink" хэмээх ашгийн бус байгууллагаа үүсгэн байгуулаад амжсан байна.
Эх сурвалж: Vice
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх