“Залуу хүний заавал унших ном” цувралын энэ удаагийн хүндтэй зочноор “Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Ganzorig Business School-ийн үүсгэн байгуулагч, Монголын санхүүгийн зэх зээлийн холбооны тэргүүн Ө.Ганзориг уригдан оролцлоо.
Цувралын маань өмнөх дугаарын зочин Б.Идэр-Одын санал болгосон “Менежментийн психологи” номын зохиогч тэрээр та бүхэнд ямар ном санал болгож байгааг дараах ярилцлагаас уншина уу.
Санал болгож буй ном: Thinking, Fast and Slow
Зохиолч: Daniel Kahneman
Төрөл: Бизнес, маркетинг, эдийн засаг
Товч агуулга: Сэтгэл судлаач Daniel Kahneman сэтгэхүйн адармаатай үйлдлийг ахуй амьдралын алив нөхцөлөөр жишээлэн шинжилж, тодорхой дүгнэсэн эл бүтээлээрээ эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртжээ.
YOLO: Бид энэ номыг яагаад унших ёстой вэ?
- Хүн гэр бүл, бизнес, улс төр, ажиллаж буй байгууллагадаа амжилт гаргахын тулд хамгийн түрүүнд өөрийгөө таньж мэдэж, ойлгох ёстой. Тэгвэл та бүхэн энэхүү номыг уншсанаар тархиа хэрхэн ажилладаг болохыг нь мэдэх боломжтой. Бид нар математик, физик, уран зохиол гээд судлаад л байдаг атлаа өөрсдийнхөө тухай маш бага судалгаа хийдэг юм шиг санагддаг.
Сүүлийн 30 жилд сэтгэл зүйн шинжлэх ухааны салбарт хүний тархи хэрхэн ажилладаг талаар маш олон нээлтүүд бий болсон. Уг номын зохиогч, Нобелийн шагналт Daniel Kahneman хүний тархины үйл ажиллагаа, зан авирыг судлахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн бөгөөд тэр бүх судалгааг энэ номдоо нэгтгэснээрээ онцлогтой. Энэ номыг орчин үеийн амжилттай хүн заавал уншсан байх ёстой гэж зөвлөмөөр байна.
YOLO: Таны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?
- Хүний зан авирыг тодорхойлж байгаа учраас хүнтэй холбоотой бүхий л талбарт ашиглаж болно. Тухайлбал, Би “Ganzorig Business School” сургуулиа үүсгэн байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр сургуулийнхаа оюутнуудад богино хугацаанд чанартай мэдлэгийг хэрхэн олгох вэ, хүүхдүүдтэйгээ болон хамт олонтойгоо хэрхэн харилцах вэ гэдгийг энэ номоос суралцсан зүйлээрээ хэрэгжүүлж байна. Хүний зан авир, сэтгэн бодох үйл явцыг ойлгосон хүн л үүнийг амьдралдаа байнга ашиглаж, өөрийгөө удирдаж хүртэл чадна.
YOLO: Энэхүү номын хамгийн дуртай ишлэл тань?
- Уг номын зохиогч Daniel Kahneman бол эдийн засагч мэргэжилтэй хүн биш ч хүний зан авирыг сайтар судлаад, түүгээрээ эдийн засгийн Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр номынхоо оршил хэсэгт “Би бол эдийн засагч биш. Би эдийн засагч нартай байнга л маргалдаж ирсэн. Эдийн засагч нар хүнийг робот, машин мэтээр төсөөлж онол гаргадаг. Харин би хүн эдийн засагчдын боддог шиг ажилладаггүй гэдгийг олж нээсэн” хэмээн бичсэн байдаг нь маш сонирхолтой санагддаг.
YOLO: Ном уншихын ач холбогдлыг тодорхойлбол?
- Номыг хамгийн хямд хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Хүн ном бичихийн тулд амьдралынхаа дунджаар хориод жилийн мэдлэг, бичих ур чадвар зэрэг зүйлсийг зарцуулдаг. Тэр хүний 20 жилийн турш хуримтлуулсан мэдлэг мэдээллийг хоёр өдрийн дотор авах боломжтой байна гэдэг нь маш хямдхан бөгөөд маш ашигтай хөрөнгө оруулалт болж байна гэсэн үг.
YOLO: Ном ...-тай хамт гайхалтай төгс зохицдог.
- Би сүүлийн үед арьсан хавтастай ном их сонирхох болсон. Номын сангаа арьсан хавтастай номоор дүүргэнэ гэж бодож байна.
YOLO: Сонсдог ном, цаасан ном, цахим номын алийг нь илүүд үзэх вэ?
- Би хамгийн үр өгөөжтэй мэдлэгийг цаасан ном өгч чаддаг гэж ажигласан. Цаасан номын дараа цахим ном орно. Харин сонсдог номоор богино хугацаанд өөр зүйл хийнгээ ерөнхий мэдээлэл авч болно. Гэхдээ сонсдог номыг цаасан номтой харьцуулах ямар ч боломжгүй юм билээ.
YOLO: Номын хулгай, хулгай мөн үү?
- Энэ талаар аль дээр үед интернэтээс уншиж байсан юм байна. Ганцхан зүйлийг л хулгайлдаггүй. Тэр нь ном. Яагаад гэвэл хулгайч хүний хувьд ном үнэ цэнгүй. Харин ном уншдаг хүн бол мөнгөө төлөх ухамсартай байдаг гэж бичсэн байсан.
YOLO: Танай номын санд хэр олон ном байдаг вэ?
- Манай гэрт ойролцоогоор 160 орчим ном байгаа байх аа.
YOLO: Номоо хүнд зээлүүлдэг үү? Үгүй бол яагаад?
- Би гадаадаас тухайн хүнд дутагдаж байгаа мэдлэгийг нөхөж олгох зорилгоор маш их ном авч хүмүүст бэлэглэдэг.
YOLO: Дуртай зохиолоороо кино бүтээх боломж олдвол ямар зохиолыг амилуулах вэ?
- Монголын түүхийг зөвхөн Чингис хаанаар харуулсан кинонууд их байдаг. Гэхдээ Монголын түүхтэй холбоотой өөр олон өнцгүүд бий. Тэдгээрийг дэлгэцийн бүтээл болгох мөрөөдөлтэй.
YOLO: Номоо хэрхэн сонгож уншдаг вэ?
- Бага байхдаа уран зохиолын ном их уншдаг байсан. Одоо бол энэ төрлийн ном огт уншдаггүй. Жаахан хөгширч байгаад л уран зохиолын ном уншина гэж бодож байна. 20 настай, 30 настай залуучууддаа яг одооноос л хувь хүний хөгжил, дэлхийн эдийн засаг, бизнес, улс төр, шинжлэх ухааны шилдэг борлуулалттай номуудыг уншаарай гэж зөвлөмөөр байна.
Номоос гадна сэтгүүл ч бас уншаарай. Миний хувьд “Scientific American”, “Bloomberg” cэтгүүлийг тогтмол захиалж уншдаг. “The Economist” сэтгүүлийг уншиж ч болно. Ном, сэтгүүлийг хослуулаад жилдээ хамгийн багадаа бизнес, шинжлэх ухааны 5-6 шилдэг борлуулалттай ном уншдаг.
YOLO: Эх хэл дээр нь уншсан дээр үү, эх хэлээрээ уншсан дээр үү?
- Боломж байвал номыг анх зохиосон хувилбар буюу эх хэл дээр нь уншвал хамгийн ойлгомжтой. Ялангуяа эдийн засаг, бизнес, улс төр, хуулийн номыг эх хэл дээр нь уншвал илүү ойлгомжтой байдаг.
YOLO: Урилгыг маань хүлээж авсан танд маш их баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх