ӨГЛӨӨ: Улаанбаатар хотын хамгийн том самбаруудыг зөвхөн бүтээлч залууст


Та 2020 оны УИХ-ын сонгуулиар залуус #ДээлтэйСаналааӨглөө хэмээн дээлтэй зургаа Инстаграм сторидоо хийхийг харсан л биз дээ. Энэ бол залуусын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй Өглөө төслийн үр дүн юм.

Тэдний тухай товчхон танилцуулахад залуусын улс төрийн идэвх, оролцоог нэмэгдүүлж, сонголтоо хариуцлагатай хийхэд нь туслах зорилготойгоор 2020 оны гуравдугаар сард хэрэгжиж эхэлсэн ба аль нэг хувь хүн болоод нам эвслээс хараат бус төсөл юм.

Өглөө төсөл нь улс төр ба сонгуулийн талаар хараат бус, төвийг сахисан мэдээллийг энгийн бөгөөд сонирхолтой байдлаар тайлбарлан залуусын хэлээр хүргэх, улмаар Монголын шинэ залуу үеийнхэн дунд “Улс төр” гэх зүйлийг COOL хэмээн шинээр тодотгох зорилготой билээ.

Ямартай ч тэдний ачаар өмнөх оны УИХ-ын 25-аас доош насны залуусын ирц 2016 оныхтой харьцуулахад 12.8 хувиар нэмэгдсэн байна. Сайхан мэдээ биш гэж үү?

Одоо тэд “Залуусын идэвх оролцоог утга учиртай болгохын төлөө зүрх шулуудлаа” уриан дор 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эргэн иржээ.

ТЭГВЭЛ ТЭД ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛИАР ЮУ ТӨЛӨВЛӨСӨН БЭ?

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар тэд Улаанбаатар хотын хамгийн том самбаруудыг бүтээлч залууст зориулахаар шийджээ. “Улс төр ба залуус” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус уралдаанд оролцохын тулд залуус бүтээлч байдал, шинэлэг санааг эрэлхийлсэн бүтээлээ #ArtUgloo хаштаг-ийг ашиглан, ӨГЛӨӨ хуудсыг mention хийн өөрийн Фэйсбүүк хуудас дээр байршуулах юм.

Олон нийтийн сүлжээн дээр хамгийн өндөр хандалт авсан хоёр бүтээл болон төслийн хамт олны сонгосон нэг бүтээлийг тавдугаар сарын 24-нд зарлах бөгөөд хотын хамгийн том сурталчилгааны самбарууд дээр байршуулж олон нийтэд танилцуулах ажээ.


Бүтээл нь:

- Аль нэг нам, улс төрчөөс хараат бус,

- #ArtUgloo хаштаг ашигласан байх ёстой.


Тиймээс уншигч та ч бас тус уралдаанд өөрийгөө сорин бүтээлээ илгээгээрэй. Магадгүй таны бүтээл нийслэл хотын маань хамгийн том самбар дээр гарах ч юм бил үү. Нийтлэлийн төгсгөлд уг уралдаанд ирсэн бүтээлүүдээс хүргэж байна.

#Мэдээ #Залуус #Сонгууль #ӨГЛӨӨ