ЗАХИДАЛ: Найзуудтайгаа байсан ч ганцаардлыг үргэлж мэдэрдэг


ССҮТөв | YOLO.MN
2021-05-17

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Гэдсээ чирээд ирнэ гэсэн

Би төгсөх курсийн оюутан. Монголд коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш таван сар гэртээ байна. Ах болон ээжтэйгээ амьдардаг. Сүүлийн нэг сарын турш гэрийнхэнтэйгээ таарахаа болилоо. Карантинаас хойш гэрээсээ нэг ч удаа гараагүй. Өглөөнөөс орой хүртэл гэрийн ажил, хоол унд, хувцас хунар гээд гэрийнхнээр гэрийн ажил ганц ч хийлгээгүй. 

Гэтэл сүүлийн үед хоол хийсэн ч амтгүй хоол хийлээ гэх мэт жижиг зүйлээс болоод намайг "гэрийн ажил ч хийж чадахгүй, чам шиг юм яаж ажил хийж хамт олонтой болно оо, удахгүй гэдсээ чирээд ирнэ" гэх мэтээр доромжилдог. Би их гомдож байна. Өөрийгөө хэнд ч хэрэггүй, юу ч хийж чадахгүй гэсэн мэдрэмж төрөөд өөрийгөө зүхэх боллоо. Зүгээр л хаа нэгтээ явмаар байна. Сүртэй асуудал биш юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ надад амьдрах хүсэл алга. Туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Бусад хүмүүсийн хэлсэн үг чамайг бүрэн тодорхойлохгүй ээ.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гэр бүлийнхэндээ их гомдож байгаа байх. Бид цаг тутамд үр бүтээлтэй, хийсэн бүх үйлдэл маань төгс байх шаардлагагүй бөгөөд энэ нь ч боломжгүй зүйл юм. Ээж ахаасаа сонссон үгнээс болж өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь буурч, нэг л үнэ цэнгүй нэгэн болсон мэт санагдаж байгаа байх. Гэвч энэ тийм биш юм шүү. Бусад хүний хэлсэн үг чамайг бүрэн тодорхойлохгүй ээ.

Гэр бүлийнхнээсээ авсан гомдлоо гаргаж чадахгүй дотроо хадгалаад байгаа болохоор бүх юм утга учиргүй санагдаж байгаа байх. Өөрт төрсөн мэдрэмжээ гадагшаа ил гаргахгүй байх нь өөрийг чинь улам хэцүү байдалд оруулж байгаа юм. Тиймээс гэр бүлийнхэндээ өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхийг хичээгээрэй. Тэдний хэлсэн үг болгон өөрийг чинь ямар их өвтгөж, хэцүү байдалд оруулж байгааг илэрхийлэхийг хичээгээрэй.

Мөн хийсэн үйлдэлд нь асуудал байгаа бол доромжилсон үгээр биш эвээр хэлж ойлгуулж байхыг хүсээрэй. Мэдээж нэг удаагийн оролдлогоор ойлголцоно гэдэг хэцүү. Тиймээс тайван дуу хоолойн өнгөөр өөрийгөө илэрхийлээрэй. Тодорхой хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй шүү.

Бид бусдын хэлэх үг болон үйлдлийг хянах боломжгүй. Хамгийн ойр дотно байдаг гэр бүлийнхээ гишүүдийн үйлдлийг ч хянахад хэцүү. Одоо өөрийн зүгээс хийж болох үйлдлийг л хийхэд хангалттай. Мөн нийгмийн цаг үеийн байдлаас болж ээж ах нь ч их бухимдалтай байгаа байх. Магадгүй тэд дотроо шийдэж чадахгүй асуудал байгаа болохоор өөрсдийгөө хянаж чадахгүй байж болох юм. Хэн хэнээсээ асуулт асууж ярилцахыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Найзуудтайгаа байсан ч ганцаардлыг мэдэрдэг

Сайн байна уу? Би 19 настай, оюутан. Дунд ангийн сурагч байх үеэс л гаргасан алдаа, хийж чадаагүй зүйлдээ эмзэглэж, хүндээр хүлээн авдаг болсон. Би л юм хийж чаддаггүй, хэнд ч хэрэгцээгүй хүн шиг санагддаг. Над шиг хүн амьдраад ч яахав дээ гэж бодогдож байна. Асуудал тулгарвал яаж даван туулах талаар биш, шийдэж чадахгүй бол ямар үр дагаварт хүрэх тухай хамгийн түрүүнд боддог. Сэтгэлээр амархан унаж үхэх тухай боддог. Бусдад итгэж, өөрийнхөө тухай ярьж чаддаггүй. Энэ нь надад маш их ганцаардлыг мэдрүүлдэг. Гэр бүлийнхэнтэйгээ, найзуудтайгаа байсан ч үргэлж ганцаардлыг мэдэрдэг. Бусадтай ярилцах, асуулт асуухаас айдаг. Шаардлага гарахгүй бол гэр бүлийнхэнтэйгээ ч ярихаас зайлсхийдэг. Интернэтээс энгийн зөвлөгөөнүүдийг харсан ч амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Бүх зүйлд өөрийгөө битгий буруутга

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захиан дээр дунд ангийн сурагч байх үеэс гэж бичсэн байна. Энэ хэсэг дээр тулгуурлаад хэдэн асуулт асуух гэсэн юм. Дунд ангид байхад өөрийг чинь таагүй байдалд оруулсан эсвэл таагүй мэдрэмж өгсөн үйл явдал болж байсан уу? Хэрэв тийм бол тухайн үед төрсөн мэдрэмжээ илэрхийлж гаргаж байсан уу? Яагаад энэ асуултыг асууж байна вэ гэхээр хүн өнгөрсөн дэх асуудлаа шийдэж чадаагүй бол одоо болон ирээдүй цагт бүрэн төвлөрч чадахгүй байх тохиолдлууд байдаг. Хэрэв өнгөрсөн дэх таагүй дурсамж өөрт чинь одоо хүртэл хэцүү мэдрэмж өгч, өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлж, улмаар одоо тулгарч буй асуудлаа бие даан шийдвэрлэхэд хэцүү байвал сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авахыг зөвлөж байна.

Мөн бүх зүйлд өөрийгөө битгий буруутгаарай. Өөртөө зөөлөн хандаж сураарай. Үнэхээр өөрт чинь хэцүү зүйл болж байсан бол түүнээс зугтаах биш харин хүлээн зөвшөөрөхийг оролдоорой. Бид мэдрэгдэж байгаа мэдрэмжээсээ зугтах биш байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн үед л эерэг мэдрэмж авах суурь тавигдана. Хэрэв мэдрэмжээ дотроо хадгалаад илэрхийлэхгүй байсаар байвал улам хэцүү санагдана. Улмаар эдгээр мэдрэмжүүдээ эргэн тойронд байгаа бүхий л хүнээс авч байгаа юм шиг санагдаад бусдад итгэх итгэлгүй болох магадлалтай. Тиймээс өөрийн мэдрэмжийг үгүйсгэх биш хүлээн зөвшөөрөөд үгээрээ илэрхийлэхийг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Тэр охин муу сурдаг болохоор ээж маань дургүй

Сайн байна уу? Би 14 настай. Би 11 настайдаа нэг охинд хүчтэй сайн болж байсан. Хоёр жилийн хугацаанд сэтгэлээ олон удаа илчилсэн. Илчлэхэд надад ч бас сайн гээд хоёр удаа салж нийлсэн. Дараа дараагийнхад нь бол намайг тоогоогүй. Ингээд нөгөө ангийн охиныг харж эхэлсэн. Түүнд сайн гэдгээ хэлэхэд танилцсан өдрөө л үерхье гэж өөрөө хэлсэн. Ийм амархан хэлсэн нь үнэхээр таалагдаагүй. Үерхээд найм хоноод л нэг л биш болсон. Хамт байгаагаа бодоход хэцүү байдаг. Харин нөгөө охиноо бодохоор нүүрэнд инээмсэглэл тодорч, чат бичихээр өөрийн эрхгүй баярладаг. Дээрээс нь тэр охин хичээлдээ муу болохоор ээж маань дургүй. Би яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Асуудлыг өөрөөсөө хайгаад үзээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Одооны харилцаагаа өмнөх харилцаатайгаа жиших хэрэггүй болов уу. Өмнөх болоод одооны үерхэж байгаа хүмүүсээ харьцуулах нь зөв үйлдэл мөн үү? Хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр хүмүүсийг хооронд нь харьцуулах боломжтой юу? Одоо үерхэж байгаа охиндоо өөрөө сэтгэлээ эхэлж илчилсэн, үерхэх санал тавих үед зөвшөөрсөн. Шийдвэрийг өөрөө гаргасан байна шүү дээ. Найз охин чинь өөртэй чинь адил сэтгэлээ илэрхийлэх эрхтэй шүү дээ. Түүнийг амархан нэгэн гэж дүгнэж болохгүй болов уу.

Үерхлийн эрүүл харилцаа гэдэг нь хоорондоо чөлөөтэй ярилцдаг, хамтдаа шийдвэрт хүрдэг харилцааг хэлдэг. Өмнөх харилцаа чинь эрүүл байж чадсан уу? Эргээд нийллээ гэхэд өмнөх шигээ салж нийлдэг харилцаатай байхгүй байж чадах уу? Энэ асуултад хариулаарай. Өмнөх харилцаагаа тавьж явуулж чадахгүй байх нь шинэ харилцааг эрүүл байлгахад саад болж байдаг. Асуудлыг эхлээд өөрөөсөө хайгаад үзээрэй. Салалт нэг талын шийдвэр биш хос хоёрын хамтын шийдвэр байх нь зөв. Ойр дотно гэж бодсон хүн маань учир шалтгаанаа хэлэхгүйгээр яваад өгөх нь их таагүй үйл явдал шүү дээ. Үерхлийнхээ талаар найз охинтойгоо сайн ярилцаарай. Салах нь зөв эсвэл буруу гэж бид зөвлөх боломжгүй. Эцсийн шийдвэрийг та хоёр гаргах юм. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter