Smoky City: ШИНЭЛЭГ газрууд Улаанбаатар хотын булан тохой бүрд бий


Монголын анхны дөрвөн дугуйт тэшүүрийн төв болох “Smoky City”-гийн үүсгэн байгуулагч Г.Булгантамиртай залуус шинээр бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээл болон дөрвөн дугуйт тэшүүрийн төвийнх нь тухай ярилцсаныг хүлээн авна уу.


YOLOБизнес эхлүүлэх санаа тань анх хаанаас төрсөн бэ? Дөрвөн дугуйт тэшүүрийн төв нээх болсон шалтгаанаар тань ярилцлагаа эхлүүлье.

- Дөрвөн дугуйт тэшүүрийг анх гадаадын кино, клип, зар сурталчилгаанаас харж байсан. Тэр үед Монгол улсад дөрвөн дугуйт тэшүүрийн талбай яагаад байдаггүй юм бол гэж бодсон. Энэ бодлоос л бизнесийн санаа маань төрсөн гэж хэлж болно. Ингээд 2018 оны зургаадугаар сараас эхлэн судалгаа хийж, дөрвөн дугуйт тэшүүр үйлдвэрлэдэг газартай холбогдож өөртөө нэг хосыг захиалсан юм. Нэг сар орчим ганцаараа гулгасны дараа хүмүүст хэр таалагдах бол гэдгийг мэдмээр санагдаад дахиад таван хосыг захиалсан. Хүмүүсийг үнэгүй гулгуулж туршилт хийхэд нааштай хүлээн авч байгааг нь хараад шинэ зүйл эхлүүлж болох юм байна гэдэг итгэл төрсөн. Ингээд л Фэйсбүүк хуудас үүсгэж олон нийтэд дөрвөн дугуйт тэшүүрийн тухай мэдээлэл хүргэж эхэлсэн дээ. 

YOLOЗалуучууд бизнес эрхлэхэд гарааны хөрөнгө байхгүй, зээлийн шалгуурт тэнцдэггүй асуудлууд байдаг. Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

- Тийм шүү. Залуучууд банкнаас зээл авахад хүндрэлтэй байдаг. Миний хувьд өөрт байсан хөрөнгөөс гадна гэр бүл, найз нөхдөөсөө туслалцаа авч бизнесээ эхлүүлсэн. 


YOLOАливаа бизнесийг эхлүүлэхэд байршил чухал байдаг шүү дээ. Та байршлаа сонгохдоо юуг чухалчилсан бэ?

- Зар харж байгаад хэд хэдэн газар очиж үзсэн. Манай гэртэй ойрхон байсан болохоор Сансарын И-мартын зургадугаар давхрын талбайд хамгийн түрүүнд очсон юм. Өөр газруудаар явахад тэднийх шиг том талбайтай, байршил сайтай газар байгаагүй. Харин одоогоор манайх Скай их дэлгүүрийн хоёрдугаар давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. 

YOLOТанай төв үйл ажиллагаагаа явуулаад аль хэдийнэ гурван жил болжээ. Залуу хүний хувьд бизнес эхлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байв?

- Өмнө нь караокэ, хүнсний үйлдвэрлэл, худалдаа гэх мэт олон төрлийн бизнес эрхэлж байсан. Тэдгээрийг өөрийн хүсэл сонирхлоор биш мөнгө олох зорилгоор эхлүүлсэн болохоор үйл ажиллагааг нь тогтвортой явуулж чадаагүй. Ингээд зургаан сарын турш ажилгүй байхдаа өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө дуртай зүйлээ хайж эхэлсэн. Удаан бодсоны эцэст надад энтертайнмент чиглэлийн ажил л тохирох юм байна гэдгийг ойлгосон. 

Бэрхшээлийн хувьд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өөрийгөө хангалттай хэмжээний туршлагагүй гэдгээ алхам тутамдаа мэдэрдэг байв. Би өөрөө нэлээн зөрүүд зантай хүн. Хэчнээн чадварлаг хүн зөвлөгөө өгсөн ч эцэст нь өөрийнхөө сонголтыг л дагадаг. Гэхдээ шийдвэрээ ганцаараа гаргадаг болохоор ажил их хурдан явдаг. 


YOLOМонголын хамгийн анхны дөрвөн дугуйт тэшүүрийн төв гэдгээрээ алдартай шүү дээ. Хүмүүс хэрхэн хүлээн авч байв?

- Хүмүүсээс сөрөг хандлага, сэтгэгдэл огт ирж байгаагүй. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар байдаггүй учраас шинэлэг санагдсан байх. Хүүхэд залуучуудад дутагдаж байсан үйлчилгээг нэвтрүүлсэн учраас улам л итгэлтэй болсон. 

Төвийн нээлтийн өглөө бол миний амьдралын хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг. Монголд анх удаа нэвтэрч буй үйлчилгээ учраас хүмүүс ирэх болов уу, ирсэн хүмүүст таалагдах болов уу гээд өмнөх орой нь нойр ч хүрээгүй. Гэхдээ миний төсөөлж байснаас ч олон хүн ирсэн нь надад маш их урам зоригийг өгсөн. 

YOLOАнх “Smoky City” төвөө тохижуулах санааг хэрхэн гаргаж байв? Танай төвийн онцлох хэсэг?

- Тохижуулалтын санааг номон дээрээс, мөн гадаадын дөрвөн дугуйт тэшүүрийн төвүүдийн интерьер заслаас авч, гурван сарын турш найз болон дүүтэйгээ хамт тохижуулсан. 

Хамгийн түрүүнд “Let's Escape To The Stars” гэсэн бичигтэй хана санаанд орж байна. Энэхүү үгийг “COVID-19” цар тахал гарахад бичүүлж байсан юм. Цаг үеийн нөхцөл байдал онцгүй байсан болохоор “Одод руу зугтаацгаая” гэсэн утгатай үг бичих санаа төрсөн. Одоогоор ханан дээрээ 3D графитти зураг зуруулж байна. Удахгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж эхлэхдээ үйлчлүүлэгчдээ шинэхэн зурагтайгаар угтан авах болно. 



YOLOЯагаад “Smoky City” гэж нэрлэх болсон шалтгаан?

Энэхүү төвийг нээхээсээ нэг жилийн өмнө Инстаграм дээрээс "Rose Avenue Dogtown" гэсэн хатгамалтай жинсэн хүрэмний зураг харсан юм. Тэр санаа таалагдаж өөрийнхөө хүрмэн дээр "Smoke City Ulaanbaatar" гэсэн хатгамал хийлгэж байлаа. Энэ нь Улаанбаатар хотын утааг шүүмжилсэн утгатай. Харин тэшүүрийн төвөө юу гэж нэрлэх тухайгаа бүтэн шөнөжин бодсон ч гоё санаа орж ирэхгүй байсан. Дараа нь хүрмэн дээрх бичгээ хараад л энэ нэрийг өгье гэж бодсон доо. 

YOLOХүмүүс танай төвийг зорьж ирэх шалтгааныг нэрлэвэл.

- Манай төвийг шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй хүүхэд, залуус зорьж ирвэл сонирхолтой байна байх. Учир нь Монголд дөрвөн дугуйт тэшүүрээр гулгаж үзсэн хүмүүс тийм ч олон биш. Мөн найз нөхөд, гэр бүл, дотны хүнтэйгээ чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх боломжтой. Бид дотоод засалдаа анхаарч, орчноо өнгөлөг байлгахыг хичээсэн учир зургаа авахуулах, стори хийхэд тохиромжтой. 


YOLOТаны бодлоор Монголд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой газар хэр их байдаг вэ? 

- Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүүхэд, залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлж болох газрууд нэмэгдсээр байна. Залуус өөрсдөө хайж судлах хэрэгтэй. Бидний мэдэхгүй шинэлэг газрууд Улаанбаатар хотын булан тохой бүрд байдаг. 

YOLOХүүхэд, залуучууд дөрвөн дугуйт хэр их сонирхож байна вэ? . 

- Намайг анх бизнесээ эхлүүлж байх үеийг бодоход одоо чадварлаг гулгадаг хүүхдүүд олон болсон. Манай төвд бараг өдөр бүр ирдэг хүүхэд, залуучууд олон бий. Зөвхөн манайд гэлтгүй өөрийн гэсэн тэшүүртэй хүүхдүүд ч гудамж, талбайгаар гулгах нь ихэссэн байна. 

YOLOТа бизнесийхээ үйл ажиллагааг явуулахдаа ямар үндсэн зарчмыг баримталдаг вэ?

- Тусалж дэмждэг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг. 


YOLOБүхий л бизнест эрсдэл байдаг шүү дээ. Таны бизнест ямар эрсдэл байна вэ?

- Одоогийн байдлаар “COVID-19” халдвартай байгаа учраас үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Нээгдээд гурван жил болсон хэдий ч нэг жил гаруй хугацаанд нь ажиллаагүй. Энэ хугацаанд ажилчдынхаа нийгмийн даатгалыг зогсоохгүй байх, зээлийн хүүгээ цаг тухайд нь төлөх зэрэг асуудлууд тулгарсан.

YOLOХэдэн ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг вэ? Ажилтан авахдаа ямар шалгуурыг тавьдаг вэ?

- Анх долоон хүний бүрэлдэхүүнтэй байсан бол цар тахлын улмаас нэг ажилтан маань гарсан. Үндсэн дөрвөн ажилтантай, хоёр нь гэрээтээр ажиллаж байна. Ажилтан авахдаа нэг сарын хугацаанд ажиллуулж хандлагыг нь ажигладаг. Манайх үйлчилгээний байгууллага учраас цаг баримталдаг, хүмүүстэй харилцах чадвартай хүмүүс хэрэгтэй. 

YOLOСүүлийн үед цахим орчинд бизнесээ сурталчлах нь түгээмэл болсон. Таны хувьд олон нийтийн сүлжээг бизнестээ хэрхэн, ямар арга барилаар ашигладаг вэ? 

- Манайх Фэйсбүүк болон Инстаграм хаягтай. Одоогоор сошиал орчинд хэрэгжүүлдэг онцгой арга барил байхгүй. Цар тахлыг амжилттай даван туулсныхаа дараа шинэлэг санаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үйл ажиллагаагаа явуулж байх үедээ стори хийж, пост тогтмол оруулдаг. Ер нь сошиал орчинд бизнесээ таниулах нь маш чухал. Хүмүүст хоногшуулах тал дээр илүү хүрнэ гэж боддог. 


YOLOТаны цаашдын зорилго юу вэ? Бизнесээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

- Өнгөрсөн сараас дөрвөн дугуйт тэшүүр худалдаалж эхэлсэн. Цаашдаа олон төрлийн тэшүүр, дагалдах хэрэгслийг оруулж ирэхээр төлөвлөсөн. Мөн энэ зун өөр чиглэлийн салбарт өөрийгөө сорьж үзэхээр судалгааны ажил эхлүүлж, туршилтын шатандаа явж байна. Ирээдүйд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх олон сонирхолтой газруудыг байгуулна гэж боддог. 

YOLOБизнесээ эхлүүлэх гэж буй залууст хандан зөвлөгөө өгөөч. Залуус зах зээлд өрсөлдөхөд боломж хэр их байдаг вэ?

- Залуучууд гарааны бизнес эхлэх гэж байгаа бол бусдыг даган дуурайх биш Монголд төдийлөн байдаггүй, шинэ содон зүйл хийгээсэй гэж хүсдэг. Мөн хамт олон, хүрээлэн буй хүмүүсээ зөв бүрдүүлээрэй гэж зөвлөе.

Хамгийн чухал нь боломжийг олж харахад суралцаж, санаагаа хэрэгжүүлэх гэж оролдож үзэх хэрэгтэй. Тэшүүрийн төвөө нээсний дараа маш олон хүнээс "Би ч бас ийм газар нээе гэж бодож байсан" гэдэг үгийг сонссон. Эндээс санаагаа түрүүлж хэрэгжүүлэхгүй бол надтай адилхан санааг дотроо бодож байгаа маш олон хүн байдаг юм байна гэдгийг ойлгосон.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Ярилцлага #Start-Up #Rollerskate #Smoky City