Аминчхан яриа №9: Анх удаа бэлгийн харьцаанд орохдоо АНХААРАХ зүйлс


Бидний мэдэхийг хүсдэг ч асуухаас, ярилцахаас санаа зовдог сэдэв болох нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай илэн далангүй зөвлөхийг хичээдэг “Аминчхан яриа” цуврал маань энэ удаагийн дугаараа 18-аас дээш насныхан буюу насанд хүрсэн уншигчдадаа зориулан хүргэж байна.

Та бүхэн энэ удаагийн дугаараас өөрийгөө бэлгийн амьдралд бэлэн болсон эсэхийг хэрхэн мэдэх, анх удаа бэлгийн хавьталд орохоосоо өмнө юуг анхаарах ёстой талаарх зөвлөгөөг уншиж сонирхоно уу.

БИ БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРОХОД БЭЛЭН ҮҮ?

Энэ бол хамгийн чухал асуулт. Би үүнийг хийхийг үнэхээр хүсэж байна уу эсвэл хамтрагч маань хийхийг хүссэн учраас хийж байна уу гэдгийг маш нухацтай бодох хэрэгтэй.

Бэлгийн харилцаанд орох эсэх нь 100 хувь таны шийдвэр байх ёстой бөгөөд хэн нэгний хүсэлт, шаардлага, дарамтаар биелэгдэх ёсгүй. Энэ тухай шийдвэр гаргахад хувь хүнээс тодорхой цаг хугацаа шаардагддаг учир хэдэн өдөр, хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сар ч болж болно.

ЗӨВШӨӨРӨЛ: ХАМТРАГЧТАЙГАА ЯРИЛЦ

Залуу хүмүүс бэлгийн хавьталд орох эсэх талаар ярилцаж ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүйн улмаас амьдралд нь гарсан өөрчлөлт, үр дагаврыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх нь олонтаа. Тиймээс энэ шийдвэрийг гаргахдаа бие биенээсээ заавал урьдчилж зөвшөөрөл авах ёстой. Энэ төрлийн харилцаанд чи бэлэн байж болох ч хамтрагч чинь бэлэн биш байж болох учраас хоорондоо илэн далангүй, нээлттэй ярилцаарай. "Магадгүй гэдэг нь тийм гэсэн үг биш", "Үгүй гэсэн л бол үгүй" гэдэг зарчмыг баримталж, хайртай хүнээ бэлэн болох хүртэл хүлээх нь маш чухал юм шүү.

БИЕ МАХБОДЫНХОО ТАЛААР ИЛҮҮ ИХИЙГ ТАНЬЖ МЭД

Бэлгийн зан үйлд сэтгэл ханамжтай байх эсэх нь тухайн хүнд юу таалагддагтай салшгүй холбоотой. Бэлгийн дур, таашаал өдөөх мэдрэмтгий хэсгүүдийг тодорхойлох, бэлгийн ажилд оролцдог эрхтнүүдийн үүргийг мэдэх нь өөрийгөө болон эсрэг хүйсийнхээ хүнийг сайн ойлгоход тусалдаг.

Тиймээс бэлгийн хавьталд орохоосоо урьтаж өөрийнхөө бэлгийн дур таашаал төрүүлдэг өдөөгч хэсгүүдийн талаар мэдэхийн тулд гар хангалга хийх нь тохиромжтой арга байж болно.

ТОХИРОМЖТОЙ ГАЗАР, ТОХИРОМЖТОЙ МӨЧИЙГ СОНГО

Энгийн үед хамтрагчтайгаа дотно, нээлттэй харилцдаг байхаас үл хамааран энэ төрлийн харилцааг эхлүүлэхэд ичих, санаа зовох мэдрэмж төрөх нь хэвийн үзэгдэл. Тиймээс сонгосон орчиндоо хамтрагчтайгаа хамт байж дасах, бие биенээсээ ичих мэдрэмжээ бага ч болов алга болгох үүднээс орон зай, цаг хугацааг олгох нь зүйтэй.

Энэ нь аюулгүй, ямар нэгэн саад болох зүйлгүй, тайван орчин байх хэрэгтэй ч кинон дээр гардаг шиг хэт төгс, романтик орчинг бүрдүүлэх гэж хичээх шаардлагагүй. Гагцхүү өөрийнхөөрөө байх тухтай орчинг л сонго.

ӨВДӨХГҮЙ

Хүн бүрийн бие махбод өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас анхны бэлгийн хавьталд ийм байна, тийм байна гэсэн тогтсон онол байхгүй. Зарим эмэгтэй хүн анх удаа бэлгийн хавьталд ороход бага хэмжээний цус гардаг бол зарим эмэгтэйчүүдийнхээс гардаггүй. Үүнтэй адилаар анхны бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх эсэх нь мөн л тухайн хүний онцлогоос хамаарна.

Яг үнэндээ та үүнийг хийхэд бэлэн байгаа бол хэдийгээр энэ нь таны анхны удаагийнх байгаад бага зэрэг сандарч байсан ч таатай мэдрэгдэх учиртай. Хамгийн чухал нь өөрийнхөө биеийг сонсох. Их хэмжээний өвдөлт, тухгүй мэдрэмж төрж байгаа бол зогсоорой. Энэ нь таныг бэлэн болоогүй, өөрийгөө хэт их хүчилж байгааг харуулж буй явдал юм.

БЭЛГИЙН ХАВЬТЛЫН ҮР ДАГАВРЫГ ТУНГАА

Бэлгийн хавьталд орох нь бидний амьдралыг олон янзаар өөрчлөх боломжтой. Жирэмслэх, бэлгийн замаар дамжих халдвар авах зэрэг нь бэлгийн хавьтлын үр дагаварт хамаарна. Бид бэлгийн хавьталд орохыг хүсэхгүй, түүнчлэн гарч болох үр дагавруудад бэлэн биш байгаа бол бэлгийн хавьтал хийхээс итгэлтэйгээр татгалзаж ҮГҮЙ гэж хэлэхэд суралцсан байх ёстой.

Хосуудын харилцаа, бэлгийн амьдралын талаарх шийдвэр гаргалтынхаа талаар мэргэжлийн хүнтэй ярилцаж зөвлөгөө авахыг хүсвэл 21 аймаг, 9 дүүрэгт байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандаж зөвлөгөө авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Залуучуудын хөгжлийн төв” Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.

Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Эрүүл мэнд #Бэлгийн боловсрол #Аминчхан яриа