VOGUE: Аманда Горман бол залуу үеийн эрдэм боловсрол, ёс суртахууны төлөөлөл


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-05-05

АНУ-ын Ерөнхийлөгч Байдены тангараг өргөх ёслол дээр “The Hill We Climb” шүлгийг уншсан 23 настай Аманда Горманыг Vogue сэтгүүл онцолжээ.


VOGUE: 2017 онд Mattel компаниас Горманыг “Оны онцлох охин Габриэлла”-д зориулсан үдэшлэгт урьсан бөгөөд тэр үед Горман 18 настай, Харвардын Их Сургуулийн шинэхэн оюутан байжээ. 

- Габриэлла гэдэг хүүхэлдэй яруу найрагт дуртай, яруу найргаар дамжуулан нийгэмдээ өөрчлөлт авч ирэхийг хүсдэг нэгэн гэж Mattel компаниас тодорхойлсон байсан. 

VOGUE: Мэдээж Габриэлла хүүхэлдэй нь бор арьстай, буржгар үстэй учраас Аманда Гормантай нэлээд төстэй байв.

- Тэр хүүхэлдэй бол ярьж чаддаггүй өнгөт арьстан. Тухайн үед би үдэшлэгээс нь татгалзсан бол тэр хүүхэлдэйг худалдаж авч байгаа охидод онцгүй санагдах байх гэж бодсон. 

VOGUE: Энэ хүүхэлдэйг Горманы амьдралаас сэдэвлээгүй гэдэг боловч үүнийг харсан хүн бүр л Горманыг дуурайлгаж хийсэн гэж боддог. Аманда Горман ч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийг нь дуурайлгаж хүүхэлдэй хийсэнд тийм ч таатай хандаагүй юм. Гэсэн хэдий ч тэрээр том асуудал үүсгээгүй билээ.


VOGUE: Бид ярилцлагаа хоёрдугаар сард хийсэн бөгөөд Гормантай уулзахыг тэнгэр харж үзсэн үү гэлтэй дулаахан өдөр тохиосон юм. Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтонын подкастад оролцож, Опрагийн ярилцлагад хүртэл уригдсан Аманда Горманыг олж уулзана гэдэг тийм ч амар байсангүй ээ. Ярилцлагад орохоор ирэхдээ өөртөө үдийн хоол бэлдсэн байсан бөгөөд надад зориулж попкорн, резинэн чихэр авчирсан байлаа. Түүний төрх хуучны супер моделиудыг санагдуулна. Аманда Горман амьдралд хөл тавиад удаагүй боловч насандаа баймгүй урт аялал хийжээ. 

- Намайг энэ хүртэл явахад манай гэр бүлийнхэн, тосгоныхон гээд маш олон хүмүүс тусалсан. 

VOGUE: Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Горманы цахим сүлжээн дэх дагагчдын тоо огцом нэмэгдэж сая саяар тоологдох болжээ. Мөн дэлхийн томоохон хэвлэлүүд түүнийг онцолж эхэлсний нэг нь Washington Post байсан юм.

- Нийтлэл дээрх миний тухай хэсгийг нь алгасаарай. Түүхийн хувьд яруу найрагчид бол жинхэнэ одууд байсан гэдэг л хамгийн чухал санаа нь юм. 


VOGUE: Ярилцлагын туршид Аманд масктай байсан учраас түүний нүүрний хувирлыг харах боломж бараг байсангүй. Гэхдээ тэр үнэхээр хөгжилтэй нэгэн бөгөөд над руу нүдээрээ инээмсэглээд ийн хэлэв:

- Та ярилцлагаа “Лос Анжелес хотод Аманда Гормантай уулзсан нэг өдөр” гэж нэрлэх үү?

VOGUE: Тэрээр наргиа хийхдээ ч оновчтой үг сонгож, ярихдаа ч хэлэх гэж байгаа зүйлээ тодорхой илэрхийлдэг охин шиг санагдав. Зарим асуултад үгээр зарим асуултад дуу аялж хариулна. Тухайлбал, Клинтоны тухай ярилцах үеэр дуу аялаад ийн хэлэв:

- Яг л эмээ шиг минь санагдсан. 

VOGUE: TIME сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарт шар өнгийн даашинзтай зургаа авхуулсан Аманда Горман Мишель Обамад ярилцлага өгч, “Ham4Progress: The Joy in Our Voices” үйл ажиллагааны гол эзэн болж Клинтон, Нэнси Пелоси зэрэг улс төрийн зүтгэлтнүүдтэй хамт Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Тэрээр цаг үеийн үйл явдлыг жиргэх бүрдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн төвд ордог болжээ. Амандатай олон жил хамтран ажилласан тайзны найруулагч Арон Киснер бидэнд хандаж “Амандаг тайзнаас буух үед нижгэнэсэн алга ташилт л үддэг. Хүмүүс алга ташихгүйгээр Амандаг үдэж өгч байхыг нэг ч удаа хараагүй” гэж хэлсэн юм. 


VOGUE: Шар өнгө бол бараг л Горманы өнгө гэхэд хилсдэхгүй. Энэ өнгө түүнийг Prada брэндийн шар цувыг өмсөхөөс ч өмнө түүний бэлгэдэл болсон байжээ. Мөн шүтэн бишрэгчид нь түүнийг дуурайлгаж шар цувтай нэхмэл хүүхэлдэй болох амугурумиг хийж бэлэглэсэн байв. Хамгийн анх Аманда Гормантай уулзахад Clare V брэндийн цагаан цамц өмсөж, цацагтай том зангиа зүүсэн байлаа. 

- Би өөрийгөө Билли Айлиш шиг л мэдэрсэн. 

VOGUE: Билли Айлиш, Горман хоёрт байдаг нийтлэг зүйл нь тэдний ертөнцийг үзэх үзэл юм шиг санагдаж байлаа. Бас Горман ямар ч нөхцөлд сандарч тэвдэх дургүй ажээ.

- Бурхан минь, би бол үнэхээр цоглог хүн шүү. 

VOGUE: Амандагийн ээж Жон Уикс (Joan Wicks) “Аманда сандарсан ч үүнийгээ бусдад мэдэгддэггүй” гэж бидэнд хэлсэн юм. Тэрээр Аманда Горманыг боловсролтой хүн болгохын тулд маш олон зүйл туулсан гэдгээ ч бидэнтэй хуваалцлаа. 

VOGUE: Гадаа сэрүүхэн болсон учир Аманда Nike брэндийн спорт хослол болон кэт өмсөв. Өөр хүн харвал түүнийг Nike брэндийн төлөөлөгч гэж бодохоор байлаа.

- Гэхдээ би ямар ч брэндтэй хамтарч ажилладаггүй шүү.


VOGUE: Аманда хувцсанд маш их ач холбогдол өгдөг бөгөөд IMG агентлагтай хамтран ажилласныг та бүхэн мэдэх биз ээ.

- Би ердөө л нэг төслийнх нь нэг хэсэг байсан. Тэр бол миний бие гэхээс илүү дуу хоолойг минь нийгэмд хүргэх төсөл. 

VOGUE: Амандатай хамтран ажиллахыг хүсдэг компаниудын цуваа тасардаггүй бололтой. Амандагийн арын албаны ажилтан түүний гэр лүү цэцэг явуулж байгаа компаниудыг энэ үйлдлээ зогсоохыг хүссэн юм. Учир нь Аманда зарим цэцгээс харшилж эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон байна. 

VOGUE: Яруу найрагч байна гэдэг бусдад хүлээн зөвшөөрөгдөөд, бусдад танигдаад л болчихдоггүй. Мэдээж ажлын байр хомс бөгөөд хэрвээ Аманда Горман шиг авьяастай бол аялан тоглолт хийхэд ч болохгүй гэх зүйлгүй. Тэрээр өнгөрсөн жил Nike брэндээс зохион байгуулсан өнгөт арьст тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцсон бөгөөд “Супер Боул”-д ч уригдсан аж.

- Би үүнийг мөнгөний төлөө хийгээгүй ээ. Энэ бол “Супер Боул”-ын тайзан дээр анх удаа шүлэг уншсан тохиолдол байсан. Бас манай улсын яруу найргийн түүхэн дэх томоохон үйл явдал юм. 


VOGUE: Саяхан Амандаг 17 сая ам.долларын ажлын саналаас татгалзсан гэж сонссон юм байна.

- Би нарийн ширийн зүйлийг нь хараагүй ээ. Ер нь ямар нэг ажлын санал хэдэн сая ам.доллараар яригдаж байвал түүний цаана маш олон утга байдаг. Миний зорилготой нийцээгүй учраас татгалзсан.

VOGUE: Горман ирээдүйд АНУ-ын Ерөнхийлөгч болохыг хүсдэг гэдгээ аль хэдийнэ олон нийтэд мэдэгдсэн. Тиймээс Аманда Горманы талаар “сөрөг” мэдээлэл одоо ч, ирээдүйд ч олдохгүй гэдгийг түүний ээж итгэлтэйгээр хэлсэн юм. Амандатай ярилцаж алхсаар жижигхэн толгод дээр гарахад тэрээр гүнзгий амьсгаа аваад ийн хэлэв:

- Би энд ирэх дуртай. Уулан дээр гарч ирэхээр энд л бүх оршдог юм шиг мэдрэмж төрдөг.

VOGUE: Миний Аманда Гормантай хийсэн ярилцлага энд хүрээд өндөрлөсөн юм. Аманда Горман бол залуу үеийн эрдэм боловсрол, ёс суртахууны төлөөлөл төдийгүй дэлхийн ирээдүйг гэрэлтүүлж буй алдартнуудын нэг билээ. 

#Ярилцлага #Алдартан #Amanda Gorman